BLACKPINK 10 жилийн ойгоо тэмдэглэв: “40 фэнтэй” арга хэмжээ шүүмжлэл дагууллаа


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Дэлхийн алдарт K-pop охидын хамтлаг BLACKPINK энэ сарын 8-нд дебют хийснийхээ 10 жилийн ойг тэмдэглэлээ. 2016 онд “Whistle”, “BOOMBAYAH” дуугаараа дебют хийсэн Жисү, Женни, Розе, Лиса нар ийнхүү арван жилийн ойдоо дөрвүүлээ хамтдаа хүрсэн байна.

Ойн хүрээнд дөрвөн гишүүн фэнүүдтэйгээ уулзаж, хамтарсан шууд дамжуулалт хийсэн ч баярын үеэр гарсан зарим сэтгэл хөдөлгөм мөч, арга хэмжээний зохион байгуулалттай холбоотой гомдол нь фэнүүдийн анхаарлыг татжээ.

10 ЖИЛИЙН ДАРАА ДӨРВҮҮЛЭЭ ФЭНҮҮДТЭЙГЭЭ УУЛЗАВ

BLACKPINK-ийн 10 жилийн ойн хүрээнд YG Entertainment “Meet & Greet” арга хэмжээ зохион байгуулж, дөрвөн гишүүн бүгд оролцсон байна.

Тус уулзалтад нийт 40 BLINK оролцсон нь олон фэний хувьд сэтгэл дундуур байх шалтгаан болжээ. Дэлхий даяар олон сая фэнтэй BLACKPINK-ийн 10 жилийн ойд зориулсан арга хэмжээнд ердөө 40 хүн оролцсон нь “хэтэрхий бага хүрээнд зохион байгуулсан” гэх шүүмжлэл дагуулсан байна.

Гэсэн хэдий ч дөрвөн гишүүн нэг дор цуглаж, фэнүүдтэйгээ уулзсан нь удаан хугацаанд BLACKPINK-ийг хамтад нь харахыг хүлээсэн BLINK-үүдийн хувьд онцгой мөч болсон юм.

BLACKPINK-ИЙН 10 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ТУСГАЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ГАРЛАА

Хамтлагийн 10 жилийн ойд зориулан хэд хэдэн тусгай бүтээгдэхүүн, дурсгалын зүйл худалдаанд гарсан байна.

Тухайлбал, BLACKPINK Үндэсний музейн албан ёсны бүтээгдэхүүний брэнд MU:DS-тэй хамтран “BLACKPINK Heritage Collection” нэртэй тусгай цуглуулгыг гаргажээ.

Мөн Солонгосын Шуудангийн газраас BLACKPINK-ийн 10 жилийн ойд зориулсан 10 загвар бүхий дурсгалын марк гаргасан нь анхаарал татсан байна.

Уг маркуудаар хамтлагийн өнгөрсөн арван жилийн хөгжмийн замналыг онцолж, цомгуудынх нь дүрслэлийг багтаасан аж.

РОЗЕ ГИШҮҮДДЭЭ ЦЭЦЭГ БЭЛЭГЛЭВ

Уулзалтын үеэр гишүүдийн хоорондын харилцаатай холбоотой жижигхэн мөчүүд ч фэнүүдийн анхаарлыг ихэд татжээ.

Тухайлбал, Розе Жисү, Женни, Лиса нарт цэцэг бэлэглэсэн байна.

Арван жилийн турш хамтдаа туулсан замналаа тэмдэглэж буй энэ өдөр Розегийн гишүүддээ зориулсан бяцхан бэлэг олон фэний сэтгэлийг хөдөлгөжээ.

“ЖЕННИ МАШ БАГА ЯРЬСАН”

Харин уулзалтын дараа фэнүүдийн анзаарсан зүйлсийн нэг нь Женни харьцангуй бага ярьсан явдал байв.

Уулзалтын бичлэгүүдийг үзсэн зарим BLINK Женни өмнөх фэн уулзалтуудтай харьцуулахад нам гүм, бага ярьж байсан талаар цахим орчинд сэтгэгдлээ хуваалцжээ.

Үүнээс үүдэн зарим фэн “Женни яагаад ийм дуу цөөтэй байсан бол?”, “Тэр ямар нэг зүйлд санаа зовж байгаа юм болов уу?” гэх мэтээр таамагласан байна.

Гэхдээ Женни өөрийнх нь тухайн үеийн байдлын талаар тодорхой тайлбар хийгээгүй тул үүнийг ямар нэгэн асуудалтай холбон дүгнэх боломжгүй юм.

ЖИСҮ, РОЗЕ ХОЁРЫН НУЛИМС ФЭНҮҮДИЙГ УЯРААВ

Харин уулзалтын дараа Жисү болон Розе хоёр нулимс дуслуулсан дүр зураг цахим орчинд тархсан нь фэнүүдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн мөчүүдийн нэг болжээ.

Ялангуяа Жисү уулзалтаас гарч явах үедээ уйлсан дүрс, мөн Розе сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байгаа агшнуудыг фэнүүд өргөнөөр хуваалцсан байна.

Арван жилийн ойгоо тэмдэглэж буй өдөр гишүүдийн нулимс дуслуулсан дүр зургийг харсан BLINK-үүд:

  • “Яагаад 10 жилийн ой ийм гунигтай санагдаж байгаа юм бэ?”
  • “Жисү, Розе хоёрын уйлж байгааг хараад би ч бас уйлчихлаа.”
  • “Тэдний хувьд энэ өдөр үнэхээр их сэтгэл хөдлөлтэй байсан бололтой.” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

“Тэд тарах гэж байгаа юм биш биз?”

Гишүүдийн нулимс, ялангуяа Жисүгийн уулзалтаас гарах үеийн дүр зураг фэнүүдийн дунд өөр нэг таамгийг хүчтэй төрүүлсэн байна.

Зарим BLINK “BLACKPINK тарах гэж байгаа юм биш биз?”, “Энэ дөрвүүлээ хамтдаа байгаа сүүлчийн мөч байж магадгүй” гэх мэт сэтгэгдэл үлдээжээ.

Гэхдээ BLACKPINK тарах гэж байгаа талаар албан ёсны ямар нэгэн мэдээлэл гараагүй бөгөөд гишүүдийн уйлсан шалтгааныг хамтлагийн ирээдүйтэй холбосон нь зөвхөн фэнүүдийн таамаг юм.

Харин зарим фэнүүд гишүүд арван жилийн дурсамж, олон жилийн турш хамтдаа туулсан замналаа эргэн санасантай холбоотойгоор сэтгэл хөдлөх нь хэвийн гэж үзжээ.

“10 ЖИЛИЙН ОЙД ЕРДӨӨ 40 ФЭН?”

Сэтгэл хөдөлгөм мөчүүдээс гадна ойн арга хэмжээний зохион байгуулалт BLACKPINK-ийн фэнүүдийн дунд нэлээдгүй гомдол дагуулсан байна.

“Meet & Greet” арга хэмжээнд ердөө 40 фэн оролцох боломжтой байсан нь “дэлхийн хэмжээний хамтлагийн 10 жилийн ойд зориулсан арга хэмжээ хэтэрхий бага байна” гэх шүүмжлэлийг дагуулжээ.

Мөн арга хэмжээ ойн өдрөөс ердөө хоёрхон хоногийн өмнө зарлагдсан, бүртгэл богино хугацаанд явагдсан зэрэг нь фэнүүдийн дургүйцлийг нэмэгдүүлсэн байна.

Зарим BLINK:

  • “BLACKPINK-ийн 10 жилийн ой бол дэлхий даяарх бүх фэнүүдийн баяр. Яагаад ийм цөөхөн хүнтэй тэмдэглэж байгаа юм бэ?”
  • “Ойн баярыг илүү том хүрээнд зохион байгуулах боломж байсан шүү дээ.” хэмээн агентлагийн зохион байгуулалтыг шүүмжилжээ.

ЖИСҮ ФЭНҮҮДЭЭС УУЧЛАЛТ ХҮСЭВ

Фэнүүдийн шүүмжлэл нэмэгдсэнтэй холбоотойгоор Жисү шууд дамжуулалтын үеэр уг асуудлыг хөнджээ.

Тэрээр олон фэнтэйгээ уулзаж, 10 жилийн ойгоо хамтдаа тэмдэглэхийг хүсэж байсан ч зохион байгуулалт болон харилцаа холбоотой холбоотой асуудал гарсан талаар тайлбарлан, фэнүүдээсээ уучлалт хүссэн байна.

Жисү мөн BLACKPINK өнөөдрийн түвшинд хүрэхэд BLINK-үүдийн олон жилийн дэмжлэг хамгийн чухал байсан гэдгийг онцолжээ.

Түүний уучлалт хүссэн үйлдлийг олон фэн эерэгээр хүлээн авч, “гишүүд өөрсдөө фэнүүдийнхээ сэтгэл хөдлөлийг ойлгож байгаа нь харагдаж байна” хэмээн сэтгэгдэл үлдээсэн байна.

ГЭСЭН Ч “ДӨРВҮҮЛЭЭ ХАМТ БАЙГААГ ХАРАХ НЬ ХАМГИЙН ТОМ БЭЛЭГ”

 

Маргаан, гомдол байсан ч олон BLINK-ийн хувьд Жисү, Женни, Розе, Лиса дөрвүүлээ 10 жилийн ойгоороо дахин нэг дор цугласан нь хамгийн үнэ цэнтэй мөч байлаа.

Гишүүдийн хамтын зургууд, уулзалтын бичлэгүүд цахим орчинд өргөн тархаж, фэнүүд “OT4”-ийг дахин харсандаа баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

Ийнхүү BLACKPINK-ийн 10 жилийн ой баяр хөөрөөс гадна нулимс, дурсамж, фэнүүдийн санаа зовнил хосолсон өдөр болж өнгөрлөө.

Арван жилийн өмнө дөрвөн гишүүнтэйгээр эхэлсэн BLACKPINK-ийн түүх ийнхүү шинэ арван жилийн босгыг давж, тэдний цаашдын замналыг дэлхийн BLINK-үүд дахин анхааралтай ажиглаж эхэллээ.

#BLACKPINK