Хиймэл оюун ба аялал: AI-аар хийгдсэн аяллын төлөвлөгөө жуулчдыг эрсдэлд хүргэж байна


Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-09-30

Сүүлийн жилүүдэд ChatGPT, Microsoft Copilot, Google Gemini зэрэг AI хэрэгсэл дэлхийн сая сая хүний аяллын төлөвлөгөөний нэг хэсэг болжээ. Судалгаагаар олон улсын жуулчдын 30% нь Wonderplan, Layla зэрэг AI аяллын платформ ашиглан аяллаа зохион байгуулж байна. Гэхдээ AI буруу ажиллавал жуулчдад  ташаа мэдээлэлд өгч, аюултай газрууд руу хөтлөх аюул гарч байна.

Жишээ нь “Evolution Treks Peru”-ийн үүсгэн байгуулагч Miguel Angel Gongora Meza Андын нуруунд аяллын бэлтгэл хийж байхдаа хоёр жуулчны “Sacred Canyon of Humantay” руу ганцаар алхахаар ярилцаж байгааг сонссон байна. Тэрээр хэлэхдээ:

“Тэд надад AI-аас асуусан маш тод дүрслэлтэй зураг болон үнэн зөв мэт текст үзүүлж байсан. Гэхдээ үнэн биш. “Sacred Canyon of Humantay” гэж газар ерөөсөө байхгүй.” хэмээн ярьжээ. Жуулчид 160 доллар төлж, ямар ч зорьсон газаргүйгээр зөвхөн Mollepata-ийн ойролцоох хөдөөний замд хүрээд дууссан байна.

Мөн Gongora Meza-ийн хэлснээр иймэрхүү буруу мэдээлэл нь жуулчдын амь насанд ч аюултай. “Перуд цаг агаарын эрс өөрчлөлт, өндөрлөг болог замын хүртээмжийг нарийн тооцох хэрэгтэй. Харин AI хийсвэр нэр, зураг нийлүүлэн зохиосон маршрут өгдөг. Ингэснээр хүн өөрийгөө 4000 метрийн өндөрт хүчилтөрөгч, холбоо байхгүй газар хүргэх аюултай.” гэж тэр онцлов.

Өөр нэг жишээ нь, аялагч Dana Yao нөхрийнхөө хамтаар ChatGPT-д итгэж Японы Itsukushima арал дээрх Mount Misen ууланд авирсан ч ropeway станцын сүүлийн цагийн мэдээлэл буруу байснаас болж оргил дээр гацжээ. Мөн 2024 онд BBC мэдээлснээр Layla хэрэглэгчдэд Бээжинд Эйфелийн цамхаг бий гэж хэлсэн тохиолдол гарч байв.

Мөн 2024 оны судалгаагаар аяллаа төлөвлөхдөө ХО ашигласан хүмүүсийн 37% нь хангалттай мэдээлэл авч чадаагүй гэжээ. Харин 33% нь буруу мэдээлэл авсан байна.

Эдгээр асуудал нь AI хариултаа хэрхэн бүтээдэгтэй холбоотой. Карнеги Меллон их сургуулийн машин сургалтын профессор Rayid Ghani хэлэхдээ “ChatGPT зэрэг хөтөлбөрүүд рациональ, ашигтай зөвлөгөө өгч байгаа мэт боловч мэдээлэл олж авах арга нь үнэн зөв эсэхийг баталгаажуулдаггүй. Энэ нь аяллын зөвлөгөө, замын заавар, эсвэл хоолны жорын ялгааг мэдэхгүй. Зүгээр л үг мэддэг. Тэгээд сонсогдохоор, бодит мэт үгсийг нийлүүлж хэлдэг. Гол асуудал эндээс л эхэлдэг.” гэж тайлбарлав.

ChatGPT зэрэг том хэлний загварууд асар их хэмжээний текстийг шинжилж, статистикийн хувьд хамгийн тохиромжтой мэт үг, хэллэгийг нийлүүлдэг. Заримдаа үнэн зөв мэдээлэл өгдөг ч хааяа зохиомол зүйл гаргадаг. Гэвч эдгээрийг бодит болон зохиомол гэж ялгах боломжгүй байдлаар хэрэглэгчдэд үзүүлдэг тул үнэн, худлыг ялгахад бэрх болдог.

“Sacred Canyon of Humantay”-ын жишээнд гэвэл AI хөтөлбөр тухайн бүс нутгийн нэртэй тохиромжтой хэдэн үгийг нийлүүлсэн байх магадлалтай. Гэвч энэ нь бодит ертөнцийг ойлгох чадвар гэсэн үг биш. Тухайлбал 4000 метрийн алхамтай хотын гудамжийг уулын хажуугаар 4000 метрийн өгсүүртэй андуурах боломжтой.

Ийм тохиолдлууд бидний ертөнцийг ойлгох хандлагад AI хэрхэн нөлөөлж байгааг харуулж байна. Саяхан YouTube хэрэглэгчдийн бичлэгийг зөвшөөрөлгүйгээр AI ашиглан хувиргаж хүний хувцас, үс, царайг өөрчилсөн нь илэрсэн. Мөн Netflix хуучин цувралуудыг AI-аар шинэчлэн гаргах гэж оролдсоноор 1980-1990-ээд оны алдартай жүжигчдийн царайд гажуудал гарч, ихээхэн шүүмжлэл хүлээсэн. AI бидний мэдэлгүйгээр жижиг өөрчлөлт хийсээр байгаа нь бодит амьдрал болон хиймэл ертөнцийн хил хязгаарыг бүдгэрүүлж эхэлж магадгүй юм.

Эх сурвалж: BBC

#AI #AI хэрэгсэл #ChatGPT #Microsoft Copilot #Google Gemini