П.Эрдэнэ: Үүлэн артаар дамжуулан монгол өв соёлыг залуучуудад түгээхийг хүсдэг


YOLO.mn | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Гоёл чимэглэл гэдэг жижигхэн хэр нь хүний дүр төрхөд өнгө нэмэх чадвартай. Өвөрмөц, сонирхолтой гоёл чимэглэлээр дүүрэн газар бол Үүлэн арт. Үүлэн арт брэнд нь 2021 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэд 30 нэр төрлийн бүтээгдэхүүнээс 200-300 гаруй загвар гаргадаг гэнэ.

Үүлэн арт брэндийн үүсгэн байгуулагч П.Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр сургуульд сурч байхдаа Монгол зургийн арга техникт дурлажээ. Тэр дундаа үүлэн хээ зурах бүр ч дуртай. Тиймээс өөрийн брэндээ ҮҮЛЭН гэж нэрлэжээ.

ГАЛЕРЕЙД ТАВИГДСАН, АЛДАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧДИЙН БҮТЭЭЛ Л ЗАРАГДДАГ ГЭЖ БОДДОГ БАЙЛАА 

-Брэндээ эхлүүлсэн түүхээсээ хуваалцахгүй юу?
-Би хийхийг хүссэн зүйлээ багадаа олж мэдсэн. Хүүхэд байхдаа шавраар бүтээл хийх дуртай байлаа. 2019-2020 оны хөл хорионы үеэр гэртээ байхдаа зурах, загвар гаргах, шинэ санаа санаачлах дуртайгаа мэдсэн.

Дизайны мэргэжлээр их сургуульд орохын тулд бүтээлүүдээрээ бүтээлийн нэгдсэн сан үүсгэх ёстой байдаг. Анх их сургуульд илгээх бүтээлийн нэгдсэн сангаа хийх гэж vvlen_art цахим хуудсаа нээж байлаа. Тухайн үед өөрийн бүтээлийн нэгдсэн санд зориулан нээсэн цахим хаяг өргөжин тэлсээр өдий хүрчээ.

Бизнесээ анх хуримтлалаараа л нээсэн. Тухайн үед миний төсөөлөлд зурсан зургийг борлуулах бол төсөөлшгүй зүйл байсан. Галерейд тавигдсан, алдартай уран бүтээлчдийн бүтээл л зарагддаг гэж боддог байлаа. Залуу уран бүтээлчийн бүтээл олны анхааралд хүрч, борлуулагдах боломжгүй санагдаж байсан.

Манайх албан ёсны дөрвөн уран бүтээлчтэй. Бүгд гэр бүлийн маань гишүүд. Брэндтэй холбоотой, оролцоотой 100 гаруй хүн байдаг. Vvlen_art бол олон нийтийн мэдрэмжийг өөрсдөд нь хүргэж зорилготой тул хүмүүсийн сэтгэгдэл саналыг сонсох хэрэгтэй.

НЭГ ХҮНИЙ ЗӨВЛӨГӨӨ БРЭНДИЙН ФИЛОСОФИЙГ ХӨДӨЛГӨХ ЧАДВАРТАЙ ГЭДЭГТ ИТГЭДЭГ

-Яагаад гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн гаргах болсон бэ? 
-Хүн байгаа боломждоо тулгуурлаж бизнес, өөрийн хиймээр байгаа зүйлээ эхлүүлэх хэрэгтэй. Надад тухайн үед өөрийн гэсэн урлан, агуулах байгаагүй. Тиймээс жижиг бүтээгдэхүүнээс эхлэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Одоо бодоход эдийн засгийн, хөрөнгө оруулалтын хувьд хамгийн зөв шийдвэр, эхлэл байсан.

-Бүтээгдэхүүнийхээ загварын санааг ихэвчлэн хаанаас олдог вэ?
-Брэндийн үнэт зүйл, жанжин шугам миний дотор оршдог. Дотор байгаа зүйлээ өөр гадна зүйлтэй хослуулж шинэ, хэрэглэхэд хялбар бүтээгдэхүүн загварыг гаргадаг. Монгол хэв маягийг орчин үеийн өнгө аястай хослуулан гаргадаг гэсэн үг. 

-Брэндийн үнэт зүйл нь юунд оршдог бэ?
-Vvlen_art брэндийн үнэт зүйл бол Монгол уламжлал. Залуу үе барууны соёлд ихээхэн дуртай болсон. Хоорондоо харилцахдаа хүртэл англиар харьцаж дэлхийн иргэд болсон санагддаг. Намайг жаахан байхад ч тийм байв. Монгол гэх ялгарал хэрэглээнээс гараад ирэхээр мартагддаг. Брэндээрээ дамжуулан монгол өв соёлыг залуучуудад түгээхийг хүсдэг. Иймд Монгол хэв маягийг агуулсан, хэрэглэж болох бүтээгдэхүүн гаргахыг хичээж ажилладаг.

-Хүмүүс бүтээгдэхүүнийх нь талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?
-Сүүлийн таван жил Плэйтайм дээр гоёл чимэглэлээ борлуулж байна. Жилийн хамгийн гоё урмын үгсийг эдгээр өдрүүдэд сонсдог. Хүмүүс тэнд хөгжим сонсох гэж очдог бол би хийсэн бүтээлээ үнэлүүлж, санал хүсэлт сонсох гэж очдог. 

Урам зориг ирээдүйн бүтээлд асар их нөлөөлдөг. Уран бүтээлч хүнд шинэ бүтээл гаргах хүсэл зорилго байгаа ч түүнийг өдөөж буй зүйл нь хүрээлэл, хүлээн авч буй хүмүүсийн сэтгэгдэл байдаг. Хүмүүсийн сэтгэгдлийг сонсох боломж гарвал сайн муу хамаагүй сонсох хэрэгтэй. Бүтээлийнхээ талаар санал хүсэлт сонсох нь шинэ уран бүтээлч, жижиг брэндийн хувьд өсөн дэвжихэд хамгийн чухал. Нэг хүний зөвлөгөө брэндийн философийг хөдөлгөх чадвартай гэдэгт итгэдэг.

ОЛОН ГАР УРЧУУД, ЖИЖИГ БИЗНЕС, УРАН БҮТЭЭЛЧДИЙГ ДЭМЖИХ БОЛОМЖИЙГ БИЙ БОЛГОХООР АЖИЛЛАЖ БАЙНА

-Гарааны бизнесээ эхлэхэд хүндрэлтэй зүйл юу байв?
-Би 18 настай байхдаа бизнесээ эхлүүлсэн. Монголд гарааны жижиг бизнес зах зээлд өөрийн хийсэн бүтээгдэхүүнээ борлуулаад, үнэлүүлнэ гэдэг зоригтой үйлдэл. Жижиг гарааны бизнесүүд бусад байгууллагатай хамтрахаас өөр арга байхгүй санагддаг. Ганцаараа хол явна гэдэг хэцүү.

Зарим том туршлагатай байгууллагууд залуу бизнес эрхлэгчидтэй дээрэнгүй харьцдаг юм шиг санагддаг. Одоо хүртэл ийм хандлага мэдэрдэг. Тиймээс бизнесээ эхлүүлж буй залууст зоригтой байгаарай гэж хэлмээр байдаг.

-Vvlen_art брэндийн цаашдын зорилгыг хуваалцаач?
-Бид ирээдүйд өдөр тутмын амьдрал, монгол уламжлалтайгаа илүү ойртсон брэнд болохоор төлөвлөж байна. Монгол үнэт зүйл, ур ухаан шингэсэн бүтээгдэхүүн гаргахын тулд хамтын ажиллагааг өргөжүүлэх, илүү их судалгаа хийх хэрэгтэй.

Брэндээ бизнесийн зүгээс томруулах, үр өгөөжтэй байж олон бүтээл гаргах хэрэгтэй гэж хардаг. Харин дотоод хүнийхээ зүгээс нийгэмд нөлөөллийг бүтээж, сайн сайхан болгохыг хичээдэг, тодорхой хэмжээнд хүмүүст тусалдаг байх хэрэгтэй гэж боддог юм.

Бид удахгүй өөрсдийн гэсэн сэдэвчилсэн дэлгүүрээ нээхээр төлөвлөж байна. Брэндээ анх эхлүүлж байсан 18 настай хүү юу мөрөөдөж, мэдэрч байсныг өөр нэгэнд мэдрүүлэхийг хүсэж байна. Олон шинэ гар урчууд, жижиг бизнес, уран бүтээлчдийг дэмжих боломжийг бий болгохоор ажиллаж байна.

-Таны хувьд vvlen_art-ын гаргасан хамгийн том амжилт юу бэ?
-Манай жижиг урлан, брэндийн хамгийн том амжилт бол хамтын ажиллагаа. Хийсэн ажлыг маань хамтын ажиллагаа дүгнэдэг гэж боддог. Ихэвчлэн том компани, байгууллагууд биднийг хүндэлж холбогдсон байдаг. Бид хамтын үнэт зүйлтэй байгаа гэсэн үг шүү дээ.

Брэндийг маань одоо хүртэл дэмждэг, хайрладаг хүмүүст талархдаг. Мөнгө олох нь амжилт гэж боддоггүй. Миний хувьд үнэлэгдэж байгаа учраас ашиг олдог гэдэгт итгэдэг. Үнэлэгдэж чадаж байгаад л хамгийн их талархдаг даа.

-Дөнгөж бизнесээ эхлүүлж буй залууст таны зүгээс юу гэж хэлмээр байна вэ?
-Анхны хамтран ажилласан дэлгүүрээ өдөр болгон алхдаг гудамжнаасаа олж харж байлаа. Нэг л өдөр тэр дэлгүүр лүү орох ёстой гэж бодоод орсон. Тэр алхмыг хийснээр миний амьдрал огцом өөрчлөгдсөн.

Хамтран ажилладаг байгууллагын захиралтай Плэйтайм дээр бүтээгдэхүүнээ борлуулж байхдаа танилцсан гэх мэт. Боломж үргэлж гарч ирдэг. Харин тэрхүү боломжид бэлэн байх хэрэгтэй. Боломжоо зөв ашиглаж, хийхийг хүссэн бүхнээ хийгээрэй гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажил, амьдралд сайн сайхныг хүсье.

Сэтгүүлч: Г.Саруулсанаа.

#Үүлэн арт