Diana гүнжийн дүрд жүжигчин Kristen Stewart тоглоно


Г. Сарнай | YOLO.MN
2020-06-19

"Twilight" цувралын Bella-гийн дүрээр олонд танигдсан жүжигчин Kristen Stewart "Spencer" хэмээх кинонд Английн гүнж Diana-гийн дүрийг бүтээхээр болжээ. 

Киноны зохиолыг "Peaky Blinders" (2013) цувралын зохиолч Steven Knight бичих бол найруулагчаар нь Оскарын хэд хэдэн төрөлд нэр дэвшиж байсан чадварлаг найруулагч Pablo Larrain ажиллах аж. Киноны үйл явдал Diana гүнжийн 1990-ээд оны эхэн үеийн амьдралыг харуулах бөгөөд түүний гэрлэлт хэрхэн уналтад орж, Ханхүү William-аас салах шийдвэрээ гарган, Хатан хааны цолоосоо татгалзаж буйг өгүүлэх аж. Хэдийгээр энэхүү драм, намтарчилсан төрлийн кино гүнжийн амьдралын ердөө гуравхан өдрийг харуулах ч кино багийнхан түүний хэр хүчирхэг нэгэн байсныг хангалттай хэмжээнд харуулж чадна гэжээ. 

Найруулагч Pablo Larrain "Deadline" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: 

- "Бид бүгд л бага байхдаа шидэт үлгэр уншиж, уншуулж өссөн шүү дээ. Үлгэрт ихэвчлэн ханхүү нь гүнжээ хайж олоод гэрлэх санал тавьснаар бүсгүй хатан хаан болж байгаагаар гардаг. Үлгэр ийм л байдаг. Харин бодит амьдрал дээр хатан хаан болохгүй хэмээн шийдвэр гаргах нь үлгэрийг ч хөмрөөд тавьчихсан мэт том үйлдэл. Энд л киноны маань зангилаа оршиж байгаа юм" гэжээ. 

Мөн тэрээр гүнжийн дүрд яагаад жүжигчин Kristen Stewart-ийг сонгох болсноо тайлбарлахдаа: 

- "Kristen Stewart бол өнөө цагийн шилдэг жүжигчдийн нэг. Тэр нууцлаг, уяхан, эмзэг, хүчтэй гээд ямар ч дүрд хувирах чадвартай. Мөн тэр зохиолоо уншаад ямар хариу үйлдэл үзүүлж байгаа, дүрдээ хэрхэн орж байгаа нь их үзэсгэлэнтэй санагдсан. Бид түүнийг сонгож, кинондоо тоглуулах болсондоо үнэхээр баяртай байгаа" гэжээ. 

Кино багийнхан энэхүү уран бүтээлээ дэлхийн аль ч өнцөг булан бүрд амьдарч буй хүмүүсийн сонирхлыг татаж чадна хэмээн үзэж байгаа аж. Зураг авалт ирэх оны эхээр эхлэх төлөвтэй байна. 

Эх сурвалж: Deadline, Harper’s Bazaar, The Guardian

#Kristen Stewart #Princess Diana