

Програм хангамж дэлхийг залгисаар ирсэн бол эдүгээ хиймэл оюун ухаан програм хангамжийг залгих ээлж ирсэн.”
– Женсен Хуан, ХОУФ – Цуврал нийтлэл №1
Эртнээс нааш хүний оюун ухааны хөгжил эрин зуун бүрд улам төгөлдөржиж танин мэдэхүйн хүрээгээ тэлсээр өнөө үетэй золгосны нэгэн салаа мөчир нь хиймэл оюун ухааны философи (philosophy of artificial intelligence). Энэхүү салбар нь хүний оюун ухаанд тулгуурлан бүтээгдсэн асар их өгөгдөл, танин мэдэхүйн өв, алгоритмын зарчим, логик сэтгэлгээний мөн чанарыг тайлбарлах гэсэн философичдын олон зууны эрэл хайгуулын үргэлжлэл юм.
Түүнчлэн ухаалаг машины ажиллах хязгаар, онолын чадамж, хиймэл систем ойлгож, сэтгэж, ухамсартай болж чадах эсэх, ухамсрын мөн чанар, хүний сэтгэлгээ, ёс зүй, үнэт зүйлсийн харилцан хамаарал, хүн ба машины ялгааг задлан судалж зааглан танин мэдэх боломж зэрэг асуудлыг философийн үүднээс нягтлан судалж шинжлэн тайлбарлаж, хиймэл оюун ухааны хязгаар, түүнийг зөв зохистой, хариуцлагатай хянан хөгжүүлэх онолын үндсийг тодорхойлохын зэрэгцээ мэдлэг, ухамсар, тэдгээрийн хүрээг тодруулахад голлон төвлөрдөг.
Нэг. ҮҮТГЭЛ ХИЙГЭЭД ӨРНӨЛ
Хиймэл оюун ухааны философи (цаашид ХОУФ гэх)-ийн үүсэл нь орчин үеийн компьютер бий болсноор бус, харин хүний оюун ухаан, сэтгэхүйн мөн чанарын тухай тайлбарлахыг эрмэлзэж зорьсон эртний философийн уламжлалаас эхтэй.
Эртний Грекийн домогт гардаг Талос хэмээх хүрлээр бүтээсэн аварга биет, Гефестийн өөрөө хөдөлдөг алтан үйлчлэгчид зэрэг дүрслэлүүд нь хүний бүтээсэн хиймэл оршихуй ухаалаг байж болох тухай анхны төсөөллүүдийг буй болгож байсан үе.
Үүний зэрэгцээ Сократын асуулт, хариултын арга, Платоны идеал хэлбэрийн онол, Аристотелийн формаль логик, ангиллын онол, дедуктив сэтгэхүйн зарчим нь хиймэл оюун ухааны философийн онолын үндэс суурийг тавьсан.
Ялангуяа Аристотелийн логикийн тогтолцоо нь мэдлэгийг дүрэм, ангилал, дүгнэлтийн хэлбэрээр зохион байгуулах боломжийг нээж, хожмын симболик хиймэл оюун ухаан, эксперт систем, мэдлэгийн дүрслэл, автомат логик дүгнэлтийн онолын эх үндэс болсон.
Иймээс хиймэл оюун ухааны философийн үүсэл нь зөвхөн техник, инженерчлэлийн түүх бус, харин хүний оюун ухаан, танин мэдэхүй, логик сэтгэлгээний мөн чанарыг тайлбарлах гэсэн философичдын олон зуун жилийн танин мэдэхүйн эрлийн үр дүн гэж үзэх үндэстэй.
Аристотелийн дараах философийн хөгжлийн явцад хүний сэтгэхүй, логик, мэдлэгийг дүрэмчилж, тооцоолох боломжтой гэсэн үзэл аажмаар төлөвшив. XIII зуунд Испанийн философич Рамон Льюль (Ramon Llull, 1232–1316) бүх мэдлэгийг логик хослолын аргаар буй болгож нэгтгэн тайлбарлах универсал логик арга буюу комбинатор сэтгэлгээний систем (Ars Magna)-ийг боловсруулж, эргэдэг дугуйн тусламжтайгаар ойлголтуудын хоорондын холбоог механикаар гаргахыг зорьсон нь сэтгэхүйг алгоритмчлах анхны оролдлогуудын нэг байв.
Тэрээр “логик дүгнэлтийг зөвхөн хүний оюун санаагаар бус, механик төхөөрөмжөөр ч гүйцэтгэж болно” гэсэн шинэлэг санааг дэвшүүлсэн.
Тооцооллыг механикжуулах оролдлогууд бага багаар хөгжиж, Леонардо да Винчи (1452–1519) механик тооцоолуурын загварыг зохион бүтээсэн боловч бодитоор үйлдвэрлэж амжаагүй юм. Английн философич Томас Хоббс (1588–1679) хүний эргэцүүлэн бодох үйл явцыг тооцоололтой адилтган, “хүн тархин дотроо нэмэх хасах үйлдлийн тухай бодохдоо “нэмэх, хасах” үйлдлийг гүйцэтгэж байдаг” хэмээн тайлбарласан нь сэтгэхүйг тооцооллын үйл явц гэж ойлгох анхны философийн үзэл санааны нэг байв.
Германы эрдэмтэн Вильгельм Шиккард (1592–1635) түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн анхны механик тооцоолох машиныг 1623 онд бүтээжээ. Гэсэн хэдий ч Блез Паскаль (1623–1662)-ын 1642 онд бүтээсэн “Паскалин” (Pascaline) нь олон нийтэд өргөн танигдаж, механик тооцоолох машины хөгжлийн түүхэнд онцгой байр суурь эзэлж илүү алдартай болов.
Блез Паскаль: "Арифметикийн машин нь сэтгэхүйн үйл ажиллагаатай ойролцоо мэт санагдах үр дүнг бий болгодог." хэмээн онцолсон нь хожмын компьютер, хиймэл оюун ухааны үзэл санааны төлөвшилд чухал нөлөө үзүүлжээ.
XVII зууны үед хүний сэтгэхүй болон тооцооллын хоорондын уялдаа холбоог философи, техникийн аль алинд нь эрчимтэй авч үзэх болов. Рене Декарт (René Descartes, 1596–1650) ертөнцийг механикийн хуулиар тайлбарлах үзлийг хөгжүүлж, хүний сэтгэхүйг рациональ, логик үндэслэлтэй холбов.
Декартын философи нь эргэлзээгээр дамжуулан эргэлзэшгүй үнэнд хүрэхийг зорьж, оюун ухааныг мэдлэгийн үндсэн эх сурвалж гэж үзэн, сэтгэл ба биеийг хоёр тусдаа мөн чанар хэмээн тайлбарласан рационалист философи. Амьтдыг нарийн бүтэцтэй машинтай адилтган үзэж, хүний оюун ухаан, бие махбодын ялгааг онцлон тайлбарласан нь хиймэл оюун ухаан жинхэнэ ухамсартай байж чадах эсэх тухай өнөөгийн философийн маргааны эхлэл.
Үүний зэрэгцээ Готфрид Вильгельм Лейбниц (1646–1716) бүх нийтийн тэмдэгтийн логик хэл (Characteristica Universalis) буюу логик дүгнэлтийг тооцоолох арга бүхий үзлийг дэвшүүлж, сэтгэхүйг дүрэмчилж тооцоолох боломжтой ба аливаа асуудал шийдлийг логик тооцооллоор шийдвэрлэх боломжтой гэж үзэв. Мөн түүний хоёртын тооллын системийн судалгаа нь орчин үеийн компьютерын архитектурын математик үндэс болсон.
Улмаар Лейбниц тоон тооцооллоор хязгаарлагдахгүй, ойлголт, ухагдахуунд логик үйлдэл хийх чадвартай механик төхөөрөмж бүтээхийг зорьсон нь хиймэл оюун ухааны философийн эхэн үеийн чухал үзэл санааны нэг байв. Хэдийгээр тухайн үеийн техникийн боломж энэ зорилгыг бүрэн хэрэгжүүлэх боломжгүй байсан ч тэрээр Блез Паскалын бүтээсэн “Паскалин”-ыг улам боловсронгуй болгож, нэмэх, хасахаас гадна үржүүлэх, хуваах, язгуур гаргах зэрэг илүү нарийн арифметик үйлдлийг гүйцэтгэх механик тооцоолуурыг зохион бүтээжээ.
Энэ үеэс эхлэн машин зөвхөн тооцоолол хийх хэрэгсэл бус, хүний оюуны үйл ажиллагааг дуурайх, цаашлаад бие даан ажиллах боломжтой эсэх тухай философийн эргэцүүлэл улам гүнзгийрч эхлэв.
Үүний тод жишээ нь Английн философич Томас Хоббсын 1651 онд хэвлүүлсэн “Левиафан” бүтээл бөгөөд тэрээр хүнийг нэгэн төрлийн “хиймэл амьтан” хэмээн үзэж, “Зүрх гэдэг нь ердөө нэгэн пүрш бус уу? Мэдрэлүүд нь олон утас бус уу? Үеүд нь олон дугуй хүрд бус уу?” хэмээн өгүүлснээр хүний бие, оюун ухааныг механик системтэй зүйрлэн тайлбарлах үзлийг дэвшүүлж байлаа.
Тооцооллын философийн үе хэмээгддэг XIX зуунд компьютерын онолын үндэс бүрэлдэж Чарльз Бэббиж ерөнхий зориулалтын программчлал бүхий тооцоолох машины санааг дэвшүүлсэн бол Ада Лавлейс “машин зөвхөн тоон тооцоо бус, тэмдэгт мэдээллийг боловсруулж чадна” гэж үзсэн нь программчлал болон хиймэл оюун ухааны үзэл санааны эхлэл болов.
Энэ үед логик, математик, тооцоолол, алгоритмыг машин хэрэгжүүлж болох тухай онолын үндэслэлүүд хөврөв.
XIX зуунд Жорж Буль (George Boole, 1815–1864) логикийг математик хэлбэрт шилжүүлж, Булийн алгебрыг боловсруулсан нь өнөөгийн компьютерийн дижитал хэлхээ, алгоритмын логикийн суурь болсон бол Готтлоб Фреге (Gottlob Frege, 1848–1925) предикатын логикийг хөгжүүлснээр илүү нарийн төвөгтэй мэдлэгийг формаль байдлаар дүрслэх боломж бүрдэв.
Энэхүү ажлыг Бертран Рассел (Bertrand Russell) болон Альфред Норт Уайтхед (Alfred North Whitehead) нар “математикийн үндсэн зарчмууд” бүтээлээрээ улам боловсронгуй болгож, математикийн үндсийг логикоор тайлбарлахыг зорьсон нь автомат логик дүгнэлтийн онолд хүчтэй нөлөөлжээ.
Энэ үед Людвиг Витгенштейн (Ludwig Wittgenstein) хэлний утга нь түүний хэрэглээ, нийгмийн дүрэм, амьдралын хэлбэртэй салшгүй холбоотой гэсэн үзлээрээ хиймэл оюун ухаан зөвхөн дүрэм боловсруулах эсвэл тэмдэгт боловсруулах замаар хүний ойлголт, утга учрыг бүрэн эзэмшиж чадах эсэх асуудлыг философийн төвд авчирч, хүчтэй хиймэл оюун ухааны онол болон орчин үеийн хэлний загваруудын философийн үндсийг шүүмжлэн эргэцүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан.
Витгенштейн, Рассел нарын үзэл санаанд тулгуурлан Рудольф Карнап тэргүүтэй Венийн дугуйлан (Vienna Circle)-ийн сэтгэгчид логик позитивизмын философийг хөгжүүлэв.
Энэхүү чиглэл нь мэдлэгийг логикийн хэлээр илэрхийлэх боломжтой бөгөөд аливаа онол эцсийн дүндээ мэдрэхүйн туршлагаас үүдэлтэй ажиглалтын өгүүлбэрээр баталгаажих ёстой гэж үздэгээрээ рационализм болон эмпиризмын зарчмыг уялдуулсан онцлогтой.
Үүний хүрээнд Рудольф Карнап, Карл Хемпель нар баталгаажуулалтын онолыг (confirmation theory) хөгжүүлж, туршлагаас шинжлэх ухааны мэдлэг хэрхэн бүрэлдэн тогтдогийг логикийн үүднээс тайлбарлахыг зорьжээ. Ялангуяа Карнапын ”Ертөнцийн логик бүтэц” (The Logical Structure of the World, 1928) бүтээлд анхан шатны туршлагыг логик дараалал, тодорхой процедурын тусламжтайгаар мэдлэг болгон зохион байгуулах боломжийг дэвшүүлсэн нь хүний оюун ухаан, танин мэдэхүйг тооцооллын үйл явц гэж үзсэн анхны онол байсан ба улмаар хиймэл оюун ухааны философийн онолын хөгжилд чухаг нөлөө үзүүлсэн.
Ийн ХОУФ нь эртний логик, танин мэдэхүйн уламжлал болон орчин үеийн тооцооллын онолыг нэгтгэсэн бие даасан судалгааны чиглэл болон хөгжих онолын үндэс тавигдав.

Хоёр. “ХИЙМЭЛ ОЮУН УХААН” ХЭМЭЭХ ОЙЛГОЛТ
Хиймэл, зохиомол, бүтээмэл, дуураймал оюун ухаан нь хүний оюун ухааныг зохиомлоор, хиймлээр бий болгохын тулд буй болгосон технологи. XX зууны дунд үеэс Тюрингийн тестээр эхэлж, олон эрдэмтэд эрчимтэй хөгжүүлж ирсэн билээ.
Хиймэл оюун ухааны онолын үндэс 1936 онд Английн нэрт математикч, логикч, криптографч Алан Тюрингийн “Тооцоологдох тоонуудын тухай: Шийдвэрлэх асуудалд хэрэглэх нь” (On Computable Numbers, with an Application to the Entscheidungsproblem) хэмээх өгүүллээс үүдэлтэй.
Тюринг энэхүү бүтээлдээ “Тюрингийн машин” хэмээх хийсвэр тооцооллын загварыг дэвшүүлж, ямар төрлийн бодлогыг алгоритмын аргаар шийдвэрлэх боломжтой болохыг онолын хувьд тодорхойлов. Улмаар энэ нь орчин үеийн тооцооллын онол, компьютерын шинжлэх ухаан, цаашлаад хиймэл оюун ухааны онолын хөгжлийн суурийг бүрдүүлсэн түүхэн ач холбогдолтой бүтээл болсон.
Орчин үеийн хиймэл оюун ухаан (цаашид ХОУ гэх)-ы хөгжил нь судалгаа, технологийн дэвшил, санхүүжилтийн өсөлт, бууралтын мөчлөгөөр тодорхойлогддог. Судлаачид энэхүү хөгжлийг дараах үндсэн үе шатуудад ангилан авч үздэг. Зарим үечлэлийн хувьд он сар бага зэрэг ялгаатай боловч агуулгын хувьд ойролцоо.
Нэгдүгээр үе буюу ХОУ-ны үүсэл (1956–1974) нь Жон Маккартигийн санаачилгаар Марвин Мински, Натаниел Рочестер, Клод Шэннон нартай хамтран боловсруулсан “Хиймэл оюун ухааны зуны судалгааны төсөл” (Dartmouth Summer Research Project on Artificial Intelligence)-ийг 1956 оны зун АНУ-ын Нью-Хэмпшир мужийн Хановер хот дахь Дартмут коллежид хэрэгжүүлсэн.
Санаа гүйцэж сав бүрдмэгц шинэчлэлийн тохироо бүрддэг жамаар уг төслийн хүрээнд “хиймэл оюун ухаан” (Artificial Intelligence, AI) хэмээх нэр томьёог Жон Маккартигийн 1955 онд санал болгосны дагуу албан ёсны нэршил болгон хэрэглэж шинжлэх ухааны салбар болон хөгжих эхлэл тавигдсан билээ.
Энэ хугацаанд логик дүгнэлт, хайлтын алгоритм, анхны эксперт системүүдийн суурь судалгаанууд хийгдэж, хиймэл оюун ухааны ирээдүйн талаар өргөн үүд нээгдэж өндөр хүлээлт бий болов.
Хоёрдугаар үе болох ХОУ-ны анхны өвөл (1974–1980) эхэн үеийн өөдрөг төсөөлөл бодит үр дүнд бүрэн хүрч чадаагүйгээс хиймэл оюун ухааны судалгаанд итгэх итгэл буурч, төрийн болон хувийн хэвшлийн санхүүжилт эрс багассан үе. Үүний улмаас олон судалгааны төсөл зогсож, хөгжлийн хурд саарсан.
Тухайн үед компьютерийн хүчин чадал хангалтгүй байв. Машин орчуулга, дүрс танилт зэрэгт өгсөн амлалтууд биелээгүй. 1973 онд Жеймс Лайтхиллын (James Lighthill) тайлан Их Британид ХОУ-ны судалгааны бодит үр дүнг шүүмжилж, үүний улмаас судалгааны санхүүжилт эрс буурав. Үүний зэрэгцээ АНУ-д Батлан хамгаалахын дэвшилтэт судалгааны төслүүдийн агентлаг (DARPA) зарим төслүүдийн санхүүжилтийг танасан бөгөөд энэ нь анхны өвөл эхлэхэд нөлөөлсөн гэж үздэг.
Гуравдугаар үе буюу хоёр дахь хавар (1980–1987) нь 1980-аад оны эхээр эксперт системүүдийн үйлдвэрлэл, санхүү, анагаах ухаан зэрэг салбарт бодит хэрэглээнд нэвтэрч эхэлснээр дахин эрчимтэй хөгжив. Мөн Японы Засгийн газраас хэрэгжүүлсэн “Тав дахь үеийн компьютерийн системийн төсөл” (Fifth Generation Computer Systems Project, FGCS) нь дэлхий даяар шинэ хөрөнгө оруулалт, технологийн өрсөлдөөнийг өрнүүлэхэд чухал түлхэц болсон.
Дөрөвдүгээр үе болох ХОУ-ны хоёр дахь өвөл (1987–1993)-өөр эксперт системүүдийн хязгаарлалтууд илэрч, Лисп машин үйлдвэрлэлийн зах зээл уналтад орсноор хөгжлийн хурд дахин саарав. Санхүүжилт буурч, олон компани, судалгааны төсөл хаагдсан бөгөөд олон нийтийн болоод компаниудын итгэл дахин алдрав.
Эксперт системүүд дүрэмд хэт тулгуурласан тул шинэ нөхцөлд уян хатан биш. Японы Тав дахь үеийн компьютерийн системийн төсөл зорилгодоо бүрэн хүрч чадсангүй.
Тавдугаар үе нь машин сургалтын сэргэлт (1993–2011). 1990-ээд оны дунд үеэс статистик машин сургалтын аргууд эрчимтэй хөгжиж эхэллээ. Энэ үед тулгуур векторын машин (Support Vector Machine), Байесын сүлжээ (Bayesian Network) зэрэг шинэ алгоритмууд бий болж, өгөгдөлд суурилсан хиймэл оюуны арга зүй түгээмэл хэрэглэгдэх болов.
Мөн 1997 онд IBM компанийн бүтээсэн "Deep Blue" суперкомпьютер дэлхийн шатрын аварга Гарри Каспаровыг ялсан нь ХОУ-ны хөгжлийн түүхэн амжилтын нэг байлаа. Түүнчлэн АНУ-ын Батлан хамгаалахын дэвшилтэт судалгааны төслүүдийн агентлаг (DARPA)-ийн зохион байгуулсан "Grand Challenge" тэмцээнүүд нь бие даасан жолоодлоготой тээврийн хэрэгслийн хөгжлийг эрчимжүүлэхэд чухал түлхэц болсон.
Зургаадугаар үе буюу гүн сургалтын хувьсгал (Deep Learning Revolution, 2012–2022)-ын үед “AlexNet” загвар 2012 онд дүрс таних олон улсын “ImageNet” тэмцээнд өндөр амжилт үзүүлснээр гүн мэдрэлийн сүлжээний (Deep Neural Network) хөгжил эрчимжив.
Үүний үр дүнд дүрс таних, яриа таних, машин орчуулга, компьютерийн хараа зэрэг олон салбарын гүйцэтгэл эрс сайжирч, хиймэл оюун ухааны технологи үйлдвэрлэл, бизнес болон өдөр тутмын амьдралд өргөн хүрээтэй нэвтэрч эхэлсэн.
Долоодугаар үе буюу үүсгэгч хиймэл оюун ухаан ба суурь загваруудын үе (Generative AI and Foundation Models, 2022 оноос өнөөг хүртэл)-д том хэлний загварууд (Large Language Models, LLMs) болон суурь загваруудын (Foundation Models) хөгжил шинэ эрин үеийг эхлүүлэв.
Үүний үр дүнд ChatGPT, Gemini, Claude зэрэг үүсгэгч хиймэл оюун ухааны системүүд текст, зураг, дуу авиа, програмын код зэрэг олон төрлийн агуулгыг бүтээх чадвартай болж, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, бизнес, бүтээлч үйлдвэрлэл зэрэг олон салбарт өргөн хэрэглэгдэх болов.
Үүний зэрэгцээ хиймэл ерөнхий оюун ухаан (Artificial General Intelligence, AGI), хиймэл оюун ухааны ёс зүй, аюулгүй байдал, тайлбарлах чадвар зэрэг асуудлууд орчин үеийн хиймэл оюун ухааны философи, бодлого, засаглалын судалгааны гол чиглэл болон хөгжиж байна.
Өнөөгийн үеийг "үүсгэгч хиймэл оюун ухааны эрин", "суурь загваруудын эрин", "хиймэл оюун ухааны гурав дахь сэргэлт" (Third AI Boom) хэмээн нэрлэх нь түгээмэл. Зарим судлаачид үүнийг "Хиймэл оюуны гурав дахь хавар" (Third AI Spring) гэж нэрлэдэг боловч энэхүү нэршил нь одоогоор нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны нэр томьёо болоогүй.
Эдгээр үечлэл нь хиймэл оюун ухааны хөгжлийг технологийн ахиц, хөрөнгө оруулалтын мөчлөг, шинжлэх ухааны парадигмын өөрчлөлттэй нь уялдуулан ойлгоход хамгийн түгээмэл хэрэглэгддэг загвар юм.

Гурав. “ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ФИЛОСОФИ” ХЭМЭЭХ НЭРШИЛ, ТӨЛӨВШИЛ
ХОУФ (philosophy of artificial intelligence, PAI, Philosophy of AI, AI Philosophy) нь философийн дэд салбар бөгөөд хиймэл оюун ухааны мөн чанар, танин мэдэхүй, ухамсар, ёс зүй, хүний оюун ухаантай холбоотой суурь асуудлыг судалдаг салбар дундын судалгааны чиглэл.
Энэ нь ХОУ-ны алгоритм, программ хангамж, техник хэрэгслийг хөгжүүлэхээс илүүтэйгээр тэдгээрийн мөн чанар, танин мэдэхүй, ухамсар, ёс зүй, хүний оюун ухаантай харилцах онолын суурь асуудлыг авч үздэг.
Түүнчлэн хиймэл оюун ухааны хязгаар хийгээд хязгаарын хүрээнд тулгамдаж буй асуудлуудад таамаглал дэвшүүлж, хувилбарууд гарган түүнээ бүтээлчээр илэрхийлж, үзэл бодлоо солилцож буй эрдэмтдийн эрэл хайгуулын академик талбар.
Шинжлэх ухааны ямар ч салбар мөн чанар хайхдаа философийн үүдийг тогшдог. Түүхийн хувьд зөвхөн 1956 онд хиймэл оюун ухаан үүссэнээс эхлээгүй, харин "оюун ухаан гэж юу вэ?", "сэтгэхүйг машинд хэрэгжүүлж болох уу?", "оюун ухаан нь биеэс ангид оршиж чадах уу?" гэсэн философийн асуултуудын олон зууны хөгжлийн үргэлжлэл.
Харин “хиймэл оюун ухааны философи” хэмээх нэршил, ойлголт нь Алан Тюринг (Alan Turing, 1912–1954)-ийн 1950 онд хэвлүүлсэн "тооцоолох машин ба оюун ухаан” (Computing Machinery and Intelligence) өгүүлэлтэй холбоотой философийн хэлэлцүүлгүүдийн үр дүнд төлөвшсөн.
Тэрээр анх “ХОУФ” хэмээх нэршил хэрэглээгүй ч түүний бүтээлийн гол санаа философийн асуудал байв. Энэ үеийг орчин үеийн хиймэл оюун ухааны философийн эхлэл гэж үздэг.
Тюринг аливаа алгоритмыг машин гүйцэтгэх боломжтойг онолын хувьд нотолж, 1936 онд “Тюрингийн машины загвар”-ыг дэвшүүлсэн бөгөөд энэхүү загвар философи, логикийн уламжлалыг тооцооллын онолоор шинэ түвшинд гаргасан.
Тэрээр "тооцоолох машин ба оюун ухаан” өгүүллээ "Машин сэтгэж чадах уу?" гэсэн философийн суурь асуултаар эхлүүлж, “оюун ухаан гэж юу вэ?”, “сэтгэхүй гэж юу вэ?” гэсэн асуудлыг тавьж оюун ухааны мөн чанарыг техникийн бус, философийн төв асуудал болгон системтэйгээр анх удаа авч үзсэн. Уг бүтээл ХОУФ-ийн эхлэл болсон сонгодог бүтээл гэгддэг.
"Сэтгэхүй" хэмээх ойлголтыг шууд тодорхойлохын оронд хожмоо Тюрингийн тест гэж нэрлэгдэх болсон тест (The Imitation Game)-ийг санал болгож, машины оюун ухааныг түүний дотоод мөн чанараар бус, харин хүнийхтэй адил хэл яриа, зан үйлийг илэрхийлж чадаж байгаа эсэхээр нь үнэлэхийг санал болгосон.
Өөрөөр хэлбэл, хэрэв хүн харилцаж буй этгээдээ машин эсвэл хүн болохыг найдвартай ялгаж чадахгүй бол тухайн машиныг сэтгэж байна гэж үзэж болох бөгөөд энэ нь оюун ухааныг чиг үүрэг, илэрхийлж буй зан үйлээр нь тодорхойлох функционалист үзэл санааны эхлэл болсон юм.
Үүний зэрэгцээ ухамсрын тухай маргаан, бүтээлч чадварын асуудал, Ада Лавлейсын "машин зөвхөн өгсөн зааврыг л биелүүлдэг" гэх шүүмжлэл зэрэг хиймэл оюун ухааны философийн суурь асуудлуудад хариу өгсөн. Энэ нь өнөөдөр ч ХОУФ-ийн хамгийн их хэлэлцэгддэг асуудлуудын нэг хэвээр байна.
Ада Лавлейс (1815–1852) бээр Чарльз Бэббэжийн аналитик машинд зориулсан алгоритм боловсруулж байсан бөгөөд түүнийг дэлхийн анхны компьютерын програмист хэмээн өргөмжлөх нь ч бий. 1843 онд Бэббэжийн Аналитик машины тухай тайлбартаа "машин өөрөө шинэ зүйл санаачилж чаддаггүй, зөвхөн хүний өгсөн зааврыг л гүйцэтгэдэг" гэсэн санааг дэвшүүлж байв. Алан Тюринг энэхүү үзлийг 1950 онд "Lady Lovelace's Objection" хэмээн нэрлэж, машин сэтгэж чадахгүй гэсэн философийн гол шүүмжлэлүүдийн нэг болгон авч хэлэлцсэн.
Дурдан буй аналитик машин (Analytical Engine)-ы загварыг английн математикч, зохион бүтээгч, философич Чарльз Бэббэж (Charles Babbage, 1791-1871) боловсруулж орчин үеийн компьютерын онолын үндсийг тавьснаараа "компьютерын эцэг" хэмээн алдаршсан билээ.
Харин Тюринг ухамсрын тухай шүүмжлэлдээ (Argument from Consciousness) профессор Жефферсоны дэвшүүлсэн "машин өөрийн мэдэрсэн бодол, сэтгэл хөдлөлийн улмаас сонет бичиж, эсвэл концерт зохиож чадсан цагт л түүнийг үнэхээр сэтгэдэг гэж үзэж болно" гэсэн үзлийг эш татсан. Энэ үүднээс оюун ухаан нь зөвхөн ажиглагдах зан үйлээр бус, харин дотоод субъектив туршлага, ухамсраар тодорхойлогдоно.
Эдгээр хэлэлцүүлэг нь уг өгүүллийг хиймэл оюун ухааны философийн анхны сонгодог бүтээлүүдийн нэг болгож, орчин үеийн судалгааны үндсэн чиглэлийг тодорхойлоход нөлөөлсөн. Уг өгүүлэлд оюун ухааны мөн чанар, машин сэтгэж чадах эсэх, оюун ухааныг зан үйлээр тодорхойлох боломж, ухамсрын зайлшгүй шаардлага, машины бүтээлч чадвар, мөн хүн ба машины үндсэн ялгаа зэрэг философийн асуултуудыг цогцоор нь авч үзсэн байдаг.
Үүний дараа симболик хиймэл оюун ухаан хийгээд философийн шүүмжлэлийн үе (1960–1990 он) эрчимжиж симболик хиймэл оюун ухааны хязгаарлалтыг философичид шүүмжилж эхлэв.
1970-аад оноос хиймэл оюун ухааны боломж, мөн чанар, хүний ухамсар, ухаан, сэтгэхүй, тархи судлал, ёс зүй, хязгаарын талаарх асуудлыг тойрсон философийн хэлэлцүүлгийн явц улам эрчимжин, аажмаар философи, танин мэдэхүй, компьютерын шинжлэх ухааны бүтээлүүдэд тогтворжсоор философийн бие даасан судалгааны салбар болон бүрэлдэн төлөвшсөн.
1972 онд Хьюберт Дрейфус(Hubert Dreyfus) “Компьютерийн хийж чаддаггүй зүйлс: Хиймэл учир шалтгааны шүүмж” (What Computers Can't Do: A Critique of Artificial Reason) номоороо “хүний танин мэдэхүйг зөвхөн дүрэм, алгоритмаар бүрэн тайлбарлах боломжгүй” хэмээн шүүмжилж хиймэл оюун ухааны философийг бие даасан судалгааны чиглэл болгон хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн.
Энэ үед оюун ухааныг логик дүрэм, тэмдэгт мэдээллийг боловсруулах үйл явц гэж үзэх хандлага давамгайлж хаа сайгүй шинийг эрж сэдсэн философичдын үзэл санаа, тайлбарууд өрнөсөн үе байв.
Херберт Саймон (Herbert A. Simon), Аллен Ньюэлл (Allen Newell) нар эксперт систем, логик дүгнэлт, асуудал шийдвэрлэх алгоритмуудыг хөгжүүлж, хүний сэтгэхүйг дүрмийн системээр загварчлах боломжийг судалж байсан бол 1980 онд Жон Сёрл “хятад өрөө” (Chinese Room) сэтгэхүйн туршилтаараа машин, компьютер тэмдэгт мэдээллийг дүрмийн дагуу боловсруулж чадсан ч жинхэнэ утгаар нь ойлгодоггүй гэсэн философийн байр суурийг дэвшүүлсэн.
Үүнтэй зэрэгцэн Дэниел Деннетт (Daniel Dennett) хиймэл оюун ухааны функционалист тайлбарыг хөгжүүлж, Патриша Чөрчланд (Patricia Churchland) мэдрэлийн шинжлэх ухаанд тулгуурласан оюун ухааны философийг судалж, Дэвид Чалмерс ухамсрын философи, хиймэл оюун ухааны асуудлыг гүнзгийрүүлэн авч үзсэн. Энэ үеийн философичдын бүтээлүүд хиймэл оюун ухааны философийн онолын хүрээг улам бүр тодорхой болгов.
Холболтын онол ба биежсэн танин мэдэхүйн үе (1990–2012)-д оюун ухааныг зөвхөн логик дүрэм бус, суралцах үйл явц, мэдрэлийн сүлжээ, бие махбод болон орчинтой харилцах туршлагатай салшгүй холбоотой гэж үзэв. Энди Кларк (Andy Clark), Маргарет А. Боден (Margaret A. Boden) зэрэг судлаачид танин мэдэхүй нь бие, орчин, туршлагын харилцан үйлчлэлийн үр дүн болохыг онцлон тайлбарласан.
Шинэ зуун үүдээ нээж өрхөө татсаны дараахан гүн сургалтын үе (2012–2022) хурдацтай хөгжиж, хиймэл оюун ухаан олон салбарт зарим талаараа хүний түвшинд хүрэхүйц үр дүн үзүүлэх болов. Үүнтэй зэрэгцэн хиймэл ерөнхий оюун ухаан (Artificial General Intelligence, AGI), тайлбарлах чадвар (Explainable AI), хиймэл оюун ухааны ёс зүй, аюулгүй байдал зэрэг философийн шинэ асуудлууд голлон хэлэлцэгдэв.
Энэ үеийн төлөөлөгчдөд Ник Бостром (Nick Bostrom), Дэвид Чалмерс (David Chalmers), Винсент С. Мюллер (Vincent C. Müller) нар багтдаг бөгөөд тэд хиймэл оюун ухааны ирээдүйн хөгжил, хүн төрөлхтөнд үзүүлэх боломж, эрсдэлийг философийн үүднээс судалж байна.
Үүсгэгч хиймэл оюун ухааны эрин (2022 оноос хойш) өрнөв. Том хэлний загвар (Large Language Models) болон суурь загварууд (Foundation Models)-д тулгуурласан үүсгэгч хиймэл оюун ухааны хурдацтай хөгжил нь ХОУФ-ийг шинэ шатанд гаргаж, оюун ухаан, ёс зүй, хэл, бүтээлч байдал, ухамсар, мэдлэг зэрэг философийн асуудлыг дахин шинээр авч үзэхэд хүргэсэн.
Өнөөдөр хиймэл системүүд хүний хэлээр харилцаж, шинэ агуулга бүтээх, асуудал шийдвэрлэх чадвар эзэмшиж байгаа нь тэдгээрийг зөвхөн тооцооллын хэрэгсэл бус, танин мэдэхүйн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч систем гэж үзэх боломжтой эсэх тухай философийн маргааныг эрчимжүүлсээр.
Иймээс үүсгэгч хиймэл оюун ухааны эрин нь хиймэл оюун ухааны техникийн хөгжил төдийгүй оюун ухааны мөн чанар, хүний онцлог, хиймэл системийн танин мэдэхүйн чадамж, ёс зүйн хариуцлагын талаархи философийн шинэ эрэл хайгуулын үе шат болж буй.
Эдгээр үе шат нь ХОУФ-ийн хөгжил нь зөвхөн компьютерийн технологийн дэвшлийн түүх биш, харин логик, танин мэдэхүй, ухамсар, оюун ухааны мөн чанарыг тайлбарлах философийн уламжлалын тасралтгүй хөгжлийн үргэлжлэл болохыг харуулдаг.
Орчин үеийн хиймэл оюун ухааны философийн төлөвшил нь тооцооллын онол, оюун ухааны мөн чанарын тухай философийн хэлэлцүүлэг, хиймэл оюун ухааны судалгааны хөгжилтэй нягт холбоотойгоор философийн бие даасан салбар болон хөгжиж байна.

Дөрөв. ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ФИЛОСОФИЙГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
“Philosophy of artificial intelligence” хэмээх нэршлийг 2000-аад оны эхэн үед нэгэн англи жуулчнаас анх сонсож байв. Хэн нэгэн монгол хэл дээр таниулан сурталчлах болов уу хэмээн хүлээж байсан ч Монголд хиймэл оюун ухааны философийг олон нийтэд системтэйгээр танилцуулан, түгээн дэлгэрүүлж буй эрдэмтэн судлаачид хараахан үгүй байна.
Энэ удаа “Хиймэл оюун ухааны философи” хэмээх нэршлийг монгол хэлээр нийтэд түгээж, системтэй ойлголт өгөхөөр хэдэн цуврал нийтлэл төлөвлөсний эхнийх нь та бүхэнд хүрч байна. Ийн дэлхий дахины дэвшлийг монголд түгээх хиймэл оюун ухаан болон философи хоорондын нэгэн шинэ салбар анхны шангаа татав.
Хиймэл оюун ухааныг шимтэн сонирхож философитой холбон судалдаг монгол залуус өвөрмөц энэ талбарт илүү олон болоосой!
Энэ салбарыг сонирхож судалдгийн хувьд миний бие 2021 онд Хьюберт Дрейфусын хиймэл оюун ухааны талаарх эпистемологийн үзлийг орчин үеийн хиймэл оюун ухааны философийн хүрээнд шинжилсэн “Хьюберт Дрейфусын эпистемологийн таамаглалын хиймэл оюун ухааны философид үзүүлэх нөлөө” (The Effect of Hubert Dreyfus’s Epistemological Assumption on the Philosophy of Artificial Intelligence) сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллээ “HCI International” (HCII 2021) олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлж, улмаар тус хурлын эмхтгэл болох “HCI in Business, Government and Organizations” (Springer, Lecture Notes in Computer Science, Vol. 12783)-д хэвлүүлсэн.
Энэхүү судалгаагаар Дрейфусын эпистемологийн шүүмжлэлийг хиймэл оюун ухааны философийн өнөөгийн чиг хандлагатай уялдуулан шинжилж, түүний үзэл санааны онол, арга зүйн ач холбогдлыг дахин үнэлэхийг зорьсон болно.
Мөн 2022 онд Хилари Патнэмын “Саван дахь тархи” (Brain in a Vat) сэтгэхүйн туршилтыг хиймэл оюун ухааны философийн эпистемологийн үүднээс шинжилсэн “Хиймэл оюун ухааны философийн ‘Саван дахь тархи’ хандлагын эпистемологийн шинжилгээ” (An Epistemological Analysis of the “Brain in a Vat” Approach for the Philosophy of Artificial Intelligence) эрдэм шинжилгээний өгүүллийг HCI International (HCII 2022) олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлж, улмаар тус хурлын эмхэтгэл болох “HCI in Business, Government and Organizations” (Springer, Lecture Notes in Computer Science, Vol. 13327)-д нийтлүүлсэн.
Энэхүү судалгаагаар хиймэл оюун ухааны философийн мэдлэгийн онолын үндсийг уг сэтгэхүйн туршилтын хүрээнд авч үзэж, тархи, бие махбод болон хэлний харилцан хамаарлын асуудлыг хиймэл оюун ухааны хөгжилтэй уялдуулан шинжилсэн.
Улмаар 2024 онд тооцооллын оюун ухаан (Computational Intelligence)-ы чиг хандлагад тулгуурлан генетик алгоритм болон математик програмчлалын загварыг хослуулан түргэн тусламжийн автомашины байршлыг оновчлох асуудлыг судалсан “Яаралтай тусламжийн үйлчилгээн дэх түргэн тусламжийн автомашины байршлын асуудалд генетик алгоритм болон математик програмчлалын загвар ашиглах нь” (Using Genetic Algorithm and Mathematical Programming Model for Ambulance Location Problem in Emergency Medical Service) сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийг “IEICE Transactions on Information and Systems” сэтгүүлд хэвлүүлсэн.
Энэхүү судалгаагаар тооцооллын оюун ухааны оновчлолын аргуудыг математик програмчлалтай хослуулан яаралтай тусламжийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шинэ загвар боловсруулахыг зорьж, түргэн тусламжийн автомашины байршлыг илүү үр ашигтайгаар тодорхойлох боломжийг харуулсан.
ХОУ нь зөвхөн инженерчлэл, компьютерын шинжлэх ухааны асуудал байхаа больж, ёс зүй, танин мэдэхүй, нийгэм, эрх зүй, философи, зэрэг олон салбарын огтлолцолд хөгжиж буй шинэ судалгааны чиглэл болов. Иймээс хиймэл оюун ухааныг зөвхөн технологийн талаас бус, түүний мөн чанар, мэдлэгийн үндэс, ухамсар, ёс суртахуун, хүний ирээдүйд үзүүлэх нөлөөллийн үүднээс авч үздэг хиймэл оюун ухааны философийг Монголд хөгжүүлэх шаардлага улам бүр нэмэгдсээр.
Монгол Улсад мэдээллийн технологи, өгөгдлийн шинжлэх ухаан, машин сургалтын чиглэлээр тодорхой ахиц гарч байгаа боловч эдгээрийг философийн суурь ухагдахуунтай холбон судлах оролдлого алга байна.
Энэ нь хиймэл оюун ухааны философийг бие даасан судалгааны чиглэл болгон хөгжүүлэх өргөн боломж буйг харуулж байна. Ялангуяа их, дээд сургуулиудын философи, компьютерын шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинжлэх ухаан, хууль эрх зүйн хөтөлбөрүүдийн хамтарсан судалгааг өргөжүүлэх нь энэхүү шинэ салбарын хөгжлийн чухал үндэс болох юм.
Монголын философийн судлаачид хиймэл оюун ухааны философийг дэлхийн сонгодог болон орчин үеийн философийн урсгалуудтай харьцуулан судлахаас гадна Монголын оюуны өв, сэтгэлгээний онцлог, ёс суртахууны уламжлалтай холбон хөгжүүлэх боломжтой. Ийм судалгаа нь зөвхөн үндэсний онцлогийг хадгалахаас гадна олон улсын эрдэм шинжилгээний орчинд Монголын судлаачдын хувь нэмрийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Нөгөө талаар, хиймэл оюун ухааныг төрийн бодлого, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, эдийн засгийн салбарт өргөн ашиглахын хэрээр ёс зүйн болон эрх зүйн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах хэрэгцээ өсөн нэмэгдэнэ. Ийм нөхцөлд хиймэл оюун ухааны философи нь зөвхөн онолын төдийгүй бодлого боловсруулах, технологийн хөгжлийг хариуцлагатай удирдах, хүний эрх, үнэт зүйлсийг хамгаалах чухал салбар болох боломжтой.
Иймээс Монголд хиймэл оюун ухааны философийг хөгжүүлэхийн тулд их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт энэ чиглэлийн хичээлийг нэвтрүүлэх, монгол хэл дээрх сурах бичиг, судалгааны бүтээлүүдийг нэмэгдүүлэх, орчуулгын ном зохиол хэвлүүлэх, олон улсын хамтарсан судалгааг өргөжүүлэх, залуу судлаачдыг дэмжих нь нэн чухал.
Ингэснээр Монгол Улс зөвхөн хиймэл оюун ухааныг хэрэглэгч бус, харин ирээдүйн хөгжлийн талаар философийн шинэ онол, өөрсдийн онцлог бүхий үзэл баримтлалтай болж, олон улсын эрдэм шинжилгээний талбарт бодитой хувь нэмэр оруулах боломжтой болно.

Ашигласан ном зүй:
1. Turing, A. M. (1950). Computing Machinery and Intelligence. Mind, 59(236), 433–460.
2. Putnam, H. (1967). Psychological Predicates. In W. H. Capitan & D. D. Merrill (Eds.), Art, Mind, and Religion (pp. 37–48). University of Pittsburgh Press.
3. McCarthy, J., & Hayes, P. J. (1969). Some Philosophical Problems from the Standpoint of Artificial Intelligence. In B. Meltzer & D. Michie (Eds.), Machine Intelligence 4 (pp. 463–502). Edinburgh University Press.
4. Dreyfus, H. L. (1972). What Computers Can't Do: A Critique of Artificial Reason. Harper & Row.
5. Fodor, J. A. (1975). The Language of Thought. Harvard University Press.
6. Searle, J. R. (1980). Minds, Brains, and Programs. Behavioral and Brain Sciences, 3(3), 417–457.
7. Haugeland, J. (1985). Artificial Intelligence: The Very Idea. MIT Press.
8. Dennett, D. C. (1991). Consciousness Explained. Little, Brown and Company.
9. Copeland, B. J. (Ed.). (2004). The Essential Turing. Oxford University Press.
10. Clark, A. (2008). Supersizing the Mind: Embodiment, Action, and Cognitive Extension. Oxford University Press.
11. Nilsson, N. J. (2010). The Quest for Artificial Intelligence: A History of Ideas and Achievements. Cambridge University Press.
12. Floridi, L. (2011). The Philosophy of Information. Oxford University Press.
13. Bostrom, N. (2014). Superintelligence: Paths, Dangers, Strategies. Oxford University Press.
14. Boden, M. A. (2016). AI: Its Nature and Future. Oxford University Press.
15. Müller, V. C. (Ed.). (2016). Risks of Artificial Intelligence. CRC Press.
16. Boden, M. A. (2018). Artificial Intelligence: A Very Short Introduction. Oxford University Press.
17. Müller, V. C. (Ed.). (2020). Philosophy and Theory of Artificial Intelligence. Springer.
18. Russell, S., & Norvig, P. (2021). Artificial Intelligence: A Modern Approach (4th ed.). Pearson.
19. Chalmers, D. J. (2022). Reality+: Virtual Worlds and the Problems of Philosophy. W. W. Norton & Company.
20. Clark, A. (2023). The Experience Machine: How Our Minds Predict and Shape Reality. Pantheon Books.
Луваанжалбын Батнасан │ Batnasan Luvaanjalba
БНЭнэтхэг улс. Дели хот.
2026 оны 07 сар
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!