

2026 оны болзооны ертөнцийг тодорхойлж байгаа нэр томьёо, чиг хандлагууд юу вэ?
Зарим нэр томьёо биднээс хэзээ ч салахгүй нь бололтой. Жишээлбэл, ямар ч тайлбаргүйгээр гэнэт холбоо таслан алга болохыг хэлдэг “ghosting”. Мөн “ghostlighting” гэх мэт нэршлүүд дөнгөж түгээмэл болж эхэлж байна. Энэ нь эхлээд алга болоод, дараа нь эргэж ирэхдээ “би алга болоогүй”, “чи хэтрүүлж бодож байна” гэх мэтээр нөгөө хүний мэдрэмж, бодлыг эргэлзүүлэх байдлаар харьцах гэсэн шинэ ойлголт юм.
2026 оны болзоо ерөнхийдөө нэг зүйл дээр төвлөрч байна: тодорхой байдал.
Найзуудын хамтарсан болзоо
Яагаад анхны эвгүй болзоонд ганцаараа явах хэрэгтэй гэж? Найзаа дагуулаад явж болно шүү дээ. Энэ чиг хандлага нь болзооны амьдралд найз нөхдийн үүрэг улам чухал болж байгааг харуулж байна. Социологич Жесс Карбиногийн хэлснээр, Gen Z үеийнхэн ноцтой романтик харилцаанд арай хожуу орж байгаа учраас найз нөхөд нь тэдний амьдралд илүү удаан хугацаанд гол нөлөө үзүүлдэг.
Үүнээс үүдэн бас нэг шинэ нэр томьёо гарч ирсэн нь “friendfluence” буюу найз нөхдийн нөлөө юм.
Хуучны аргаар хосоо олох арга
Хүмүүс өөрийг нь үнэхээр мэддэг хүмүүст энэ ажлыг даатгаж эхэлжээ. Тодруулбал өөрийнхөө хүрээллээс хос хайх болсон байна.
Карбино үүнийг тайлбарлахдаа: “Хүмүүс танилын холбоотой үед илүү өндөр түвшний нийгмийн хариуцлага байдаг гэж үздэг.” гэжээ.
Гэхдээ найзын танилцуулсан хүн ч гэсэн гэнэт алга болохгүй гэсэн баталгаагүй. Гэсэн ч хүмүүс өөрийг нь мэддэг хүмүүсээр дамжуулан хүнтэй танилцахыг илүү хүсэж байна.

“Wildflowering” (Зэрлэг цэцэг шиг аяндаа хөгжих харилцаа)
Wildflowering гэдэг нь романтик харилцаанд хугацаа тогтоох, тодорхой хүлээлт тавихгүйгээр байгалийн жамаар хөгжих боломж олгохыг хэлдэг.
Yearning (Хүсэмжлэх, тэмүүлэх)
Сүүлийн үед хүмүүс “би тайван байгаа” гэж дүр эсгэхээс залхжээ. Одоо хүмүүс хүсэж, үгүйлж, тэмүүлж байгаагаа илүү илэрхийлдэг болж байна.
Интернэт дээр хэн нэгнийг маш их санах, хол байгаа хүнийг хүсэх, гунигтай харцаар бороотой цонхоор ширтэх мэт романтик мэдрэмж ихээхэн дэлгэрчээ.
“Wanderlove” (Аяллын дурлал)
Амралтаар танилцсан хүнтэй дурлалцах нь шинэ зүйл биш. Гэхдээ одоо үүнд нэр өгчээ: Wanderlove.
Энэ нь аяллын үеэр үүссэн романтик харилцаа, богино хугацааны аяллын дурлал, эсвэл гэртээ буцсаны дараа үргэлжилж болох харилцааг хэлнэ.

“Affordating” (Санхүүгээ бодсон болзоо)
Харамсалтай нь эдийн засаг хүртэл болзооны ертөнцөд орж ирлээ. Affordating гэдэг нь өөрийн бодит төсөвт тохируулан болзох гэсэн утгатай.
Өмнө нь болзоонд маш их мөнгө зарцуулдаг байсан бол одоо хямд болзоо сонгох, зардлаа хуваах, үнэгүй арга хэмжээ ашиглах, санхүүгийн боломжоо илүү нээлттэй ярилцах болсон байна.
“Solo-maxxing” (Ганцаараа амьдралаа сайжруулах)
Solo-maxxing гэдэг нь өөртөө хөрөнгө оруулах, найз нөхдөө эрхэмлэх, хоббигоо хөгжүүлэх, карьертаа анхаарах, өөрийн байгаа амьдралаа сайхан болгох гэсэн санаа. Энэ нь “би хэзээ ч болзохгүй” гэсэн үг биш. Харин хэн нэгэн гарч иртэл амьдралаа сайжруулах юм.
Clear-coding (Тодорхой харилцах)
Хүмүүс тодорхойгүй харилцаа, бага багаар найдвар төрүүлж холбоо барих, “за нэг уулзъя даа” гэх боловч бодит төлөвлөгөөгүй ярианаас залхаж байна.
Clear-coding гэдэг нь юу хүсэж байгаагаа шууд хэлэх, мэдрэмжээ нуухгүй байх, хүлээлтээ тодорхой илэрхийлэх гэсэн шинэ хандлага юм.
2026 оны болзооны хамгийн том чиг хандлага нь эцэстээ нэг зүйл дээр очиж байна: Хүмүүс таалгадаг тоглоомоос залхаж, тодорхой байдал хүсэж байна.
Эх сурвалж: Космополитан
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!