Трэвис Скотт: "Одиссей" кинонд тоглохдоо аймшигтай сандарсан"


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Рэппер Трэвис Скотт Кристофер Ноланы шинэ бүтээл болох "Одиссей" кинонд хэрхэн дүр бүтээсэн тухайгаа "The Tonight Show" нэвтрүүлэгт оролцох үеэрээ дэлгэрэнгүй ярьжээ. Түүний шинэ дуу "When I'm Home" киноны төгсгөлд эгшиглэх юм.

"Одиссей" кинонд тэрээр Троягийн дайнд Одиссейн байгуулсан ялалтыг дуулан өгүүлдэг эртний Грекийн туульчийн дүрийг бүтээжээ.

Нолан анх жүжиглэх санал тавьжээ

Трэвис Скотт өмнө нь Нолантай Tenet киноны төгсгөлийн дуу дээр хамтарч ажиллаж байсан. Харин энэ удаад найруулагч түүнээс жүжиглэхийг хүссэн байна.

Трэвис Скотт:

"Нэг өдөр утас дуугараад Крис ярьсан. Би "Ямар хэргээр ярьж байгаан бол, магадгүй тоглолт үзэх урилга юм болов уу" гэж бодсон. Утсаа автал Крис "Кинонд тоглох сонирхол байна уу?" гэж асуусан. Эхэндээ би өөр хүний кино байх гэж бодсон. Ноланы кино гэж огт төсөөлөөгүй" гэжээ.

Трэвис Скотт Ноланыг өөрийнх нь жинхэнэ зөвлөгч гээд, түүний хийж буй ямар ч төсөлд оролцохыг хүсдэгээ хэлсэн байна.

Трэвис Скотт​:

"Энэ үнэхээр өөр мэдрэмж байлаа. Бүр ахлах сургуулийн минь багш хүртэл ээж рүү холбогдсон. Энэ бол үнэхээр өөр түвшний амжилт. Сургуульд байхдаа намайг байнга загнаж, зөв хүн болгохыг хичээдэг байсан хүмүүс хүртэл 'Эцэст нь чи нэг сайн юм хийжээ" гэцгээж байгаа.

Анн Хэтэуэй, Том Холланд, Роберт Паттинсон гээд ийм мундаг жүжигчидтэй хамт тоглоно гэж мэдээгүй. Тэд бүгд гайхалтай хүмүүс байсан. Харин би өөрөө юу хийж байгаагаа ч мэдэхгүй байсан.

Крис бол гайхалтай найруулагч. Бүгд намайг тайван байлгахыг хичээсэн. Би тэнд байж, түүний ажлыг ажиглах боломж олдсондоо л баяртай байсан." гэжээ.

Тэрээр зураг авалтын үеэр маш их сандарсан гэдгээ нуусангүй. Мөн тэрээр кинонд тоглож байгаагаа олон нийтээс нууцлах нь хэцүү байгаагүй ч, хүмүүсийг өөрийн хүчээр энэ дүрийг авсан гэдэгт итгүүлэх нь илүү хэцүү байсан гэжээ.

"Хүмүүс намайг зүгээр л танил талаар оруулсан гэж бодоосой гэж хүсээгүй" хэмээн хэлсэн байна.

Нолан яагаад Трэвис Скоттыг сонгосон бэ?

Кристофер Нолан өмнө нь Трэвис Скоттыг яагаад "Одиссей" кинонд тоглуулахаар сонгосноо тайлбарлахдаа:

"Энэ түүх үеэс үед амаар дамжин яруу найраг хэлбэрээр уламжлагдан ирсэн. Энэ нь өнөөгийн рэп урлагтай төстэй санагдсан учраас Трэвис Скоттыг сонгосон" гэж хэлжээ.

Травис Ноланы кинонд тоглосон цөөн хөгжмийн уран бүтээлчдийн нэг болов. Үүнээс өмнө Дэвид Боуи 2006 оны "The Prestige" кинонд зохион бүтээгч Никола Теслагийн дүрийг бүтээж байсан. Харин Харри Стайлс "Dunkirk" кинонд Алексын дүрийг бүтээсэн нь түүний жүжигчний карьерын анхны томоохон дүрүүдийн нэг болсон юм.

#Одиссей