"Obsession" киног амилуулсан шинэхэн ододтой танилц


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨЧИГДӨР

2026 оны хамгийн их шуугиан тарьсан аймшгийн кинонуудын нэг "Obsession" зөвхөн үйл явдал, төгсгөлөөрөө бус гол дүрүүдийн гайхалтай жүжиглэлтээрээ үзэгчдийг байлдан дагуулж чадсан. Ердөө 750 мянган ам.долларын төсвөөр бүтсэн тус кино дэлхий даяар 400 сая ам.доллараас давсан орлого олж, энэ зууны хамгийн өндөр орлоготой анхны аймшгийн кинонуудын нэг болж чадсан юм.

Киноны гол дүр болох Bear болон Nikki-г бүтээсэн хоёр жүжигчин энэ бүтээлийн дараа Холливудын хамгийн ирээдүйтэй залуу оддын тоонд нэрлэгдэх болсон. Тэдний талаар сонирхолтой баримтуудыг хүргэе.

Nikki-гийн дүрийг бүтээсэн Inde Navarrette гэж хэн бэ?

Хэрэв "Obsession" киноны туршид таныг хамгийн их айлгаж, бас хамгийн их өрөвдүүлсэн дүр байсан бол тэр нь яах аргагүй Nikki Freeman. Энэ дүрийг Америкийн 25 настай жүжигчин Inde Navarrette бүтээжээ.

Тэрээр өмнө нь Netflix-ийн алдарт "13 Reasons Why" цувралын Estela de la Cruz, мөн DC-ийн "Superman & Lois" цувралын Sarah Cortez дүрээр танигдсан ч "Obsession" түүний карьерын хамгийн том үсрэлт болсон гэж кино шүүмжлэгчид онцолж байна.

Inde дүрийнхээ талаар ярилцахдаа Nikki-г "аймшгийн киноны мангас" биш, харин хайр, ганцаардал, хамаарал гэсэн мэдрэмжүүдэд автагдсан бодит хүн шиг харагдуулахыг зорьсон гэж хэлжээ. Үзэгчдийн айдас төрүүлсэн олон хэсгийг тэр нэг зураг авалтаар бүтээсэн нь ч кино багийнхныг гайхшруулсан гэдэг.

Сонирхуулахад, бодит амьдрал дээр Inde аймшгийн кинонд дуртай нэгэн бөгөөд анимэ үзэх, зураг зурах хоббитой аж.

Michael Johnston: "Teen Wolf"-оос "Obsession"-ий Bear хүртэл

Bear Bailey-ийн дүрд тоглосон Michael Johnston олон хүнд анх удаа танил мэт санагдсан нь учиртай. Учир нь тэр MTV-ийн алдарт "Teen Wolf" цувралд Corey Bryant-ийн дүрийг бүтээж байсан жүжигчин юм.

Гэхдээ Michael зөвхөн дэлгэцийн жүжигчин биш. Тэрээр дуу оруулагчийн хувьд ч амжилттай ажиллаж, "X-Men '97", Marvel's Avengers, The Texas Chain Saw Massacre, Demon Slayer зэрэг хүүхэлдэйн кино, видео тоглоомуудад хоолойгоо мөнхөлжээ.

"Obsession"-д тэр олон жилийн турш хайрласан бүсгүйгээ өөртөө дурлуулахын тулд хүслээ биелүүлдэг нууцлаг саваа ашигласнаар бүх аймшгийн эхлэлийг тавьдаг Bear-ийн дүрийг бүтээсэн. Энгийн мэт санагдах шийдвэр нь хэрхэн амьдралыг нь орвонгоор нь эргүүлж байгааг Michael маш үнэмшилтэй харуулсан нь үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.

Дэлгэцийн цаана ч гайхалтай хамтрагчид

Найруулагч Curry Barker киноны сонгон шалгаруулалтын үеэр Michael Johnston, Inde Navarrette хоёрын хамтын тоглолтыг хараад бараг тэр даруйд нь гол дүрээр сонгосон гэдэг. Тэдний хоорондын хамтрал киноны хамгийн том давуу талуудын нэг гэж олон шүүмжлэгч үнэлжээ.

Өөрсдийн хэлснээр киноны жинхэнэ айдас нь ямар нэгэн мангас, сүнс бус харин хайр хэтрэхээрээ хэрхэн донтох сэтгэл болон хувирдаг вэ гэсэн асуултад оршдог аж. Энэ санааг хоёр жүжигчин дэлгэцэн дээр маш хүчтэй илэрхийлж чадсан нь "Obsession"-ийг энгийн аймшгийн киноноос илүү сэтгэлзүйн бүтээл болгож чаджээ.

"Obsession"-оос хойш тэдний нэр Холливудад илүү чанга дуулдах болов

"Obsession"-ийн амжилтын дараа Inde Navarrette болон Michael Johnston нарын нэрийг кино сонирхогчид төдийгүй Холливудын томоохон студиуд анхааралтай ажиглаж эхэлсэн байна. Хэдийгээр одоогоор киноны шууд үргэлжлэл хийх төлөвлөгөө байхгүй ч найруулагч Curry Barker энэ ертөнцийг өөр шинэ түүхүүдээр өргөжүүлэх боломжтой гэдгээ илэрхийлээд байгаа юм.

#Obsession