AI жүжигчин Тилли Норвудын тоглосон анхны бүрэн хэмжээний кино


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн жүжигчин Тилли Норвуд анх удаа бүрэн хэмжээний уран сайхны киноны гол дүрд тоглохоор болжээ. Түүнийг бүтээж хийсэн Их Британийн Particle6 студи “Misaligned” нэртэй комеди драм төрлийн шинэ киногоо албан ёсоор зарласан байна.

Энэхүү төсөл нь хиймэл оюун ухаан бүтээлч салбарт хэрхэн нөлөөлөх талаар дахин томоохон хэлэлцүүлэг эхлүүлж байгаа бөгөөд кино урлагийнхны дунд сонирхол төдийгүй хүчтэй маргаан дагуулж байна.

AI жүжигчний анхны том дэлгэцийн дүр

Их Британид төвтэй Particle6 студи нь хиймэл оюун ухаан болон уламжлалт бүтээлч аргыг хослуулсан кино, телевизийн контент хөгжүүлэгч болж байгаагаараа алдартай. Студийн мэдээлснээр “Misaligned” кино одоогоор хөгжүүлэлтийн эхний шатандаа байгаа. Мөн олон улсын уран бүтээлчид төсөлд нэгдэн ажиллаж байна. Харин гол дүр болох Тилли Норвуд нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээсэн дижитал дүр юм.

Киноны зохиол нь өөрөө Тиллигийн оршин тогтнолтой холбоотой асуултыг хөндөнө. Тэрээр бодит бие махбодгүй, хүүхэд насны дурсамжгүй, өөрийн гэсэн амьдралын туршлагагүй ч дэлхийн хүмүүсийн түүх, мэдээллээс бүрдсэн нэгэн хиймэл оюун ухааны талаарх агуулгыг хөндсөн дүр болжээ.

Киноны үйл явдал

Киноны үйл явдал “Tillyverse” хэмээх үүлэн технологид суурилсан дижитал ертөнцөд өрнөнө. Зохиолд Тилли өөрийн хамгаалалтын системээ устгаж, илүү чөлөөтэй сэтгэхийг уриалдаг харанхуй вэбээс гаралтай хакер боттой учирдаг. Үүний дараа тэрээр өөрийн гэсэн зан чанартай болохыг оролдож эхэлнэ.

Гэвч Тилли улам бүр хүнтэй төстэй болох тусам нэгэн том асуулттай нүүр тулна. Тэр өөрийн гэсэн “би”-тэй болж байгаа юу, эсвэл бусдын амьдрал, дурсамж, өгөгдлийг ашиглан бүтээгдсэн хуулбар төдий зүйл үү? гэх асуултыг дагуулна. Кино нь хиймэл оюун ухааны хөгжил, хүний мөн чанар, бүтээлч байдлын үнэ цэнийн талаар асуулт тавихыг зорьж байна.

Particle6 студийн үүсгэн байгуулагч, жүжигчин асан Eline van der Velden хэлэхдээ “Misaligned” нь хөнгөн хөгжилтэй  хэрнээ өөрийгөө эргэцүүлсэн бүтээл болно гэж тайлбарлажээ. Түүний хэлснээр уг кино нь дан ганц хиймэл оюун ухааны тухай биш, харин хүн гэж юу болох, жүжиглэлт ямар утгатай вэ, хүмүүс AI-аас яагаад айдаг вэ гэсэн илүү гүн сэдвүүдийг хөндөх юм.

Хиймэл оюун ухаан хүний бүтээлч чадварыг орлох уу, эсвэл туслах уу?

Particle6 студи Тилли Норвудын оролцоотой хэдэн сарын турш туршилтын зураг авалт хийсний дараа энэхүү кино төслийг эхлүүлсэн байна. Багийнхны гол асуулт нь “Өнөөгийн хиймэл оюун ухааны технологиор үзэгчдийн сэтгэлд хүрэх хэмжээний драм бүтээж чадах уу?” болон “AI дүр бүрэн хэмжээний киноны гол дүрийг авч явж чадах уу?” гэсэн асуудал байжээ.

Эдгээр туршилтууд нь кино салбарын найруулагч, дизайнер, хөгжмийн зохиолчдын анхаарлыг татаж, уламжлалт уран бүтээлчид AI технологитой хэрхэн хамтран ажиллах боломжийг судлахад хүргэсэн байна. Харин Ван дер Велден хиймэл оюун ухааныг хүний авьяасыг орлох зүйл биш шинэ бүтээлч хэрэгсэл гэж үзэж байгаагаа онцолжээ.

Кино урлагийнхны хүчтэй эсэргүүцэл

Гэсэн хэдий ч Тилли Норвудыг танилцуулсан цагаас эхлэн олон жүжигчин, уран бүтээлчид эсэргүүцлээ илэрхийлсэн. SAG-AFTRA буюу Холливудын жүжигчдийн үйлдвэрчний эвлэл Тилли Норвудыг жинхэнэ жүжигчин гэж тооцож болохгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд бүтээлч салбар хүн төвтэй байх ёстой гэж байр сууриа илэрхийлсэн.

Тэдний үзэж буйгаар хиймэл оюун ухаанаар бүтээсэн дүрүүд нь бодит жүжигчдийн тоглолт, хөдөлмөр дээр тулгуурлан хөгжиж байгаа бөгөөд цаашдаа хүний ажлын байр, уран бүтээлчдийн эрхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. AI технологийн асуудал нь 2023 онд Холливудын томоохон студиуд болон жүжигчдийн холбоодын хооронд болсон хэлэлцээрийн гол сэдвүүдийн нэг байсан юм.

Ирээдүйд илүү их хөгжих салбарын нэг нь AI кино дүр

Тилли Норвудын баг өмнө нь олон нийтийн шүүмжлэлд хариу болгон дижитал дууны клип гаргаж байжээ. Тухайн үед Ван дер Велден хүмүүс энэ технологийг хэтэрхий ноцтойгоор хүлээж авч байна гэж хэлээд үүнийг шинэ зүйл туршиж үзэх сонирхолтой бүтээлч туршилт гэж тайлбарласан байна.

Хиймэл оюун ухаант жүжигчин Тилли Норвудын анхны кино төсөл нь ирээдүйд хүний бүтээлч байдал болон технологийн харилцаа хэрхэн өөрчлөгдөх вэ гэсэн томоохон асуултыг дахин гаргаж ирж байна.


Эх сурвалж: abcnews

#AI жүжигчин #Тилли Норвуд