“Apocalypto” киноны Ирвэсний савар буюу Руди Янгблад


Б.Намуун | YOLO.MN
2019-04-09

Багадаа “Apocalypto” киног их л айж үздэг байж билээ. Ээжийнхээ ард нуугдаад гараараа нүдээ дарсан хэрнэ завсраар нь харан, бяцхан хүүхдээ усан дотор төрүүлж байгаа хэсгийг үзээд нулимс дуслуулан сууснаа одоо ч санаж байна. Бидний “Apocalypto” киногоор нь сайн мэдэх гол дүрийн жүжигчин Ирвэсний савар буюу Руди Янгбладын талаарх хүн бүрийн мэдээд байдаггүй амьдралын түүхийг толилуулж байна.

Тэрбээр уугуул Америкийн Команче болон Крей овгийнхны үр сад бөгөөд Техас мужийн Белтон хэмээх жижиг хотод 1982 оны есдүгээр сарын 21-ний өдөр төрж, уг хотдоо ахлах сургуулиа дүүргэсэн юм.  Аравхан насандаа бяцхан Руди барилгын талбайд ажиллаж эхэлсэн бөгөөд модон эдлэл урлах, өрлөг хийх чадвараа тэндээс эзэмшсэн аж. Ахлах сургуулиа төгсөх нь түүний хувьд тийм ч амар зүйл байсангүй.

Тэрээр сургуулиа орхихыг хэд хэдэн удаа оролдсон ч эцэг эхийнхээ ятгалгаар 2000 онд Белтон ахлах сургуулийг төгсжээ. Руди ахлах сургуульд байхаасаа л урлагт авьяастай гэдгээ нотолж урлагийн наадамд оролцон түрүүлж байсан бөгөөд сургуулиа дүүргэсний дараа уг авьяасаа ашиглан Уугуул Америкчуудын бүжгийн театрт ажиллаж эхэлсэн юм. 2005 онд тэрбээр өөрийн тайзны бүтээлээ туурвихаар шийдэж Америкийн кино урлагийн төв болох Лос Анжелес руу хүлгийн жолоо заллаа.

“Spirit: The Seventh Fire” киноны сүнсний дүрийг бүтээснээр түүний дэлгэцийн уран бүтээлийн замнал эхэлсэн гэж хэлж болно. Уг дүр нь түүний кинонд бүтээсэн анхны дүр байсан ба уг кино үзэгчид болон кино шүүмжлэгчдээс чамлахааргүй өндөр оноо авсан юм. Дараа жил нь алдарт кино жүжигчин, найруулагч Мел Гибсоны "Apocalypto" бүтээлд гол дүрийг бүтээснээр тэрбээр олонд танигдсан билээ. Руди уг дүрдээ их хайртай ба уг кинонд тоглосноороо үнэхээр бахархаж явдаг хэмээн нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. “Apocalypto” киноны Jaguar Paw-ын дүрийг бүтээхийн тулд Руди хэдэн долоо хоногийн турш бэлтгэх хэрэгтэй болжээ. Хамгийн гайхалтай нь тэрбээр уугуул Маяа хэлийг сар хүрэхгүй хугацаанд бүрэн сурсан байна.

Ахлах сургуульд байхдаа гүйлтийн тамирчин байсан тэрбээр “Apocalypto” кинонд тоглохдоо орлон тоглогч ашиглаагүй ба бүх аюултай хэсгүүдийг өөрийн биеэр гүйцэтгэсэн байна. Мэргэжлийн орлон тоглогч бэлтгэгч Мик Роджерс түүнийг тодорхойлохдоо "Тэр бол төрмөл тамирчин. Тэр юу хийхээ мэддэгийн сацуу хийсэн зүйл нь үргэлж шилдэг байдаг. Тэр жүжигчин болоогүй бол гайхамшигтай орлон тоглогч байх байсан юм" гэжээ.

“Apocalypto” киноны талаар бяцхан мэдээлэл хүргэхэд хамгийн эртний соёл иргэншлүүдийн нэг болох Маяагийн соёлыг харуулсан уг бүтээлийг Мэл Гибсон найруулсан ба киноны зураг авалт явагдаж дуусан 2006 ондоо нээлтээ хийсэн юм. Уг киноны жүжигчдийн багийг бүрдүүлэхдээ найруулагч тун хянамгай хандсан ба өмнө нь дэлгэцийн уран бүтээлд оролцож байгаагүй жүжигчдийг сонгохыг зорьж ажилласан ажээ. Уг киноны бүх жүжигчид уугуул Америк, Мексик гаралтай жүжигчид бөгөөд жүжигчдийн багийн зарим нь өмнө нь кино ч үзэж байгаагүй гээд бод доо.

 Киноны зураг авалт хийх төгс ойг хайж ихээхэн хугацаа зарцуулсны эцэст Мексик улсын Веракруз мужид зураг авалтын ихэнх хэсгийг хийсэн юм. Уг кино нь 2006 оны зун нээлтээ хийх байсан хэдий ч зураг авалт хар салхи, хэт их борооны улмаас хойшилсоор 2006 оны өвөл нээлтээ хийжээ. Кинонд гардаг амьтдын хэсгийг авахдаа чихмэл амьтныг ашиглан компьютер графикийн тусламжтайгаар яг л бодит мэт болгосон нь гайхалтай.

Киноны жүжигчдийн нүүр будалтыг хийхэд өдөрт 6 цаг зарцуулдаг байжээ. Кинонд ашиглагдсан жижиг хэрэгсэл, гоёл чимэглэлүүдийг бүгдийг нь гар аргаар хийсэн гэдэг. Киноны турш бүх харилцан яриа нь Маяа хэл дээр хийгдсэн ба олон улсад нээлтээ хийхдээ Англи хадмал орчуулгатай цацаж байв. Уг кино Оскарын шагналд “Шилдэг дууны эффект”, “Шилдэг нүүр хувиргалт”, “Шилдэг дууны эвлүүлэг” төрлүүдэд нэр дэвшиж байжээ.

Руди Янгблад үүнээс гадна “Wind Walkers”, “Into the Americans”, “Beatdown” зэрэг кинонуудад гол болон туслах дүрүүдийг бүтээсэн юм. Руди Янгблад ихэнхдээ киноны үйл явдал дунд гал халуун хайртай холбоотой дүр бүтээдэг ч бодит амьдрал дээр найз бүсгүйгүй аж.

Руди уугуул Америк гаралтай цөөн хэдэн алдартай жүжигчдийн нэг бөгөөд хүүхэд ахуй наснаасаа эхлэн олон асуудал, бэрхшээлтэй нүүр тулж байсан ч шантралгүй өнөөгийн карьераа босгож чадсан мятаршгүй нэгэн юм. Тэрээр боломж л олдвол залуу үеийнхэнтэй уулзаж, тэднийг дэмжих дуртай. Өөрийнхөө туулж өнгөрөөсөн түүхийг бусад залууст сургамж болж алдрын оргил хүртэл цуцашгүй тэмцэх урам зоригийг өгнө хэмээн итгэж явдаг уг бүтээлч чадварлаг жүжигчин Руди Янгблад 2019.05.01-2019.05.07-ны хооронд “Hollywoon in Mongolia” арга хэмжээний зочноор уригдан Монголд айлчлан ирэх болсныг дуулгахад баяртай байна.

#Movie, #HollywoodStars