

Та өмнө нь гадаад орон луу аялж байхдаа эсвэл интернэтэд тавигдсан хэн нэг гадаад хүний аяллын бичлэгийг үзчихээд гадаад паспортынх нь өнгийг хараад гайхаж байсан удаа бий юу? Монголчууд бидний хувьд төрсний гэрчилгээнээс эхлээд төрөл бүрийн одонгийн үнэмлэх хүртэл ихэнх чухал бичиг баримтууд улаан хавтастай байдаг тул паспорт нь ч улаан байхад гайхаад байх зүйлгүй. Гэхдээ бусад орны иргэдийн танил бус паспортын өнгийг харахаар өөрийн эрхгүй “яагаад энэ хүн ногоон паспорттой байгаа юм бол?” гэсэн бодол орж ирдэг л юм. Хэрвээ та яг л надтай адил гайхаж байсан бол энэхүү асуултын хариуг танд яг одоо хэлээд өгье.
Цэнхэр паспорт

Цэнхэр өнгийн паспортыг Америк болон зарим нэг Азийн улс орнууд хэрэглэдэг. Цэнхэр паспорт нь “шинэ дэлхий ертөнц” гэх утгыг агуулдаг бөгөөд АНУ-ын нөлөөн доорх орчин үеийн дэлхийн бэлгэ тэмдэг болж өгдөг. Өмнөд Америкт цэнхэр өнгө нь бүс нутгийн эдийн засгийн холбоо болох Mercosur-ийн бэлгэдэл юм. Ойрх Дорнод болон Азийн зарим орнууд ч цэнхэр паспортыг хэрэглэдэг ч тэдгээр улсууд Америк тивийн орнуудтай эдийн засаг, соёлын харилцааны хувьд тийм ч гүн гүнзгий байдаггүй.
Цэнхэр өнгийн паспорт хэрэглэдэг улс орнууд: 84
Улаан паспорт

Хорватаас бусад бүх Европын улс улаан өнгийн паспорттой. Мөн Европын холбоотой ойр хамтран ажиллахыг зорьж буй Албани, Турк орнууд улаан өнгийн паспортыг сонгодог байна. Зарим тохиолдолд улаан өнгийн паспортыг Христийн шашин болон Викингчүүдийн түүхтэй холбож үзэх нь ч бий.
Мөн улаан өнгө нь коммунизмтай нягт холбоотой байдаг буюу түүхэндээ коммунист дэглэмтэй байсан улсууд эсвэл БНХАУ, ЗХУ гэх мэт шиг социалист коммунист үзлийг дагадаг байсан орнууд улаан өнгийн паспорттой байдаг.
Эдгээр шалтгаануудаас өөрөөр тод улаан паспорт хэрэглэдэг улс бол Швейцар юм. Хэдий Швейцар дээрхийн аль ч ангилалд орохгүй ч өөрийн улсын төрийн далбаан өнгөтэй ижилсүүлж улаан паспортыг хэрэглэдэг.
Улаан өнгийн паспорт хэрэглэдэг улс орнууд: 68
Ногоон паспорт

Муслимчуудын хувьд ногоон өнгө бол маш онцгой, учир утгатай өнгө юм. Тус өнгө нь Исламын шашинтай холбогдохоос гадна мэргэн Мухаммедийн дуртай өнгө байжээ. Мөн Баруун Африкийн улсуудын эдийн засгийн нийгэмлэгийн олон орон ногоон өнгийг сонгодог. Гэсэн хэдий ч бусад өнгийн паспорттой адил бүх Исламын шашинтай эсвэл Африкийн эдийн засгийн холбооны гишүүдийн паспортын өнгийг ногоон байна гэж шууд тусгаж авах нь өрөөсгөл ойлголт юм.
Ногоон өнгийн паспорт хэрэглэдэг улс орнууд: 40
Хар паспорт

Хар паспорт нь хамгийн ховор тохиодог өнгө бөгөөд ихэвчлэн Африкийн орнууд хэрэглэдэг. Хар өнгө нь албан ёсны, ёсорхуу харагддаг гэдгээрээ онцлогтой. Мөн ийм бараан өнгийн паспорт элэгдэл, муудалтыг сайн даадаг тул удаан эдэлгээтэй бат бөх паспорт сонгохыг хүсэж буй улсын хувьд хамгийн практик сонголт болж өгдөг.
Тус өнгийг сонгосон өөр улсуудыг дурдвал Шинэ Зеланд, Тринидад ба Тобаго зэргүүдийг нэрлэж болно. Эдгээр улсууд нь хар өнгийн паспорттой орнуудын тоонд багтсан Африк болон Ойрх Дорнодын бусад орнуудаас ялгарах онцгой жишээ юм.
Хар паспорт хэрэглэдэг улс орнууд: 7
Улс орнууд хэрхэн паспортынхаа өнгийг сонгодог вэ?

Ихэнх улс паспортынхаа өнгийг соёл, улс төр, эсвэл шашны хүчин зүйлтэй холбоотойгоор сонгодог. Олон улсын иргэний нисэхийн байгууллага аяллыг хялбарчлах үүднээс паспортын хэмжээ, уншигдах байдал, үсгийн хэв зэрэгт зөвлөмж өгдөг боловч паспортын өнгийг ямар байхыг заасан нэгдсэн дүрэм байдаггүй буюу ямар өнгийн паспорт сонгох нь тухайн улсын эрх юм. Паспортын өнгийг сонгохдоо засгийн газрууд дараах зүйлсийг харгалзаж үздэг:
-Улс төр, эдийн засгийн харилцаа. Европын холбоо, ECOWAS, Mercosur зэрэг нэгдлүүдийн гишүүн орнууд ихэвчлэн ижил өнгийн паспорттой байдаг.
-Шашны болон түүхийн хүчин зүйл. Ислам шашинтай орнууд ногоон өнгийг сонгох нь элбэг байдаг бол Христийн шашинтай орнууд улаан өнгийг сонгох нь түгээмэл.
-Соёлын ач холбогдол. Зарим улс, жишээ нь Шинэ Зеланд өөрийн үндэсний өнгө болох хар өнгийг паспортынхаа өнгөөр сонгосон байдаг.
-Бүс нутгийн холбоо. Хөрш орнууд ихэвчлэн ижил өнгийн паспорт сонгох хандлага ихээхэн ажиглагддаг. Жишээлбэл, Хойд ба Өмнөд Америкийн ихэнх орнууд цэнхэр, Европын орнууд улаан, Баруун Африкийн олон улс ногоон өнгийн паспорттой.
Эх сурвалж: WikiHow
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!