Яагаад орчин үеийн залуус гэрлэлтээс татгалзах болов?


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар гэрлэлтийн түвшин тасралтгүй буурч байна. Энэхүү өөрчлөлт нь зөвхөн гэрлэх насыг хойшлуулж буй хэрэг биш, харин залуус гэрлэлтээс бүрмөсөн татгалзах хандлага залуу үеийнхний дунд давамгайлж эхэлсний илрэл юм.

ТҮҮХЭН ДООД ҮЗҮҮЛЭЛТ

АНУ-ын Хүн амын тооллогын товчооноос 2025 оны сүүлээр танилцуулсан статистик сонирхолтой дүр зургийг харуулсан. 1970-аад онд нийт өрхийн 66%-ийг гэрлэсэн хосууд бүрдүүлдэг байсан бол өнөөдөр энэ тоо 47% болж буурчээ.

Судлаачид гэрлэлтийн түвшин буурч буйг дараах хүчин зүйлүүдтэй холбон тайлбарлаж байна:

Эдийн засаг: Орон сууцны үнэ, сургалтын зээл болон амьдрах өртөг нэмэгдсэн нь залуусыг санхүүгийн хувьд бие дааж амжаагүй байхдаа гэр бүл зохиохоос татгалзахад хүргэдэг.

Нийгмийн хандлага: Гэрлэлт нь амьдралын зайлшгүй шат биш, харин хувь хүний сонголт гэж үзэх хандлага түгээмэл болсон.

Хамтран амьдрах соёл: Гэрлэлтийн баталгаагүйгээр хамтран амьдрах (cohabitation) нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хэвийн үзэгдэл болжээ. 

АЗИ ДАХЬ "ГАНЦ БИЕ" ДАВАЛГАА

 

Зөвхөн барууны орнууд ч биш, Азийн орнуудад энэ хандлага бүр ч хүчтэй ажиглагдаж байна. Жишээ нь:

Өмнөд Солонгос: "Sampo" (болзоо, гэрлэлт, хүүхэд гурваас татгалзах) гэх нэршил залуусын дунд түгээмэл болсон.

Япон: Гэрлэхгүйгээр ганцаараа амьдрахыг илүүд үзэх "Solo Society" үзэгдэл эрчээ авч байна.

Монгол залуусын хувьд ч гэрлэлтийн дундаж нас жил ирэх тусам хойшилж байгааг Үндэсний статистикийн хорооны мэдээллүүд харуулдаг.

Z ҮЕИЙНХНИЙ "БОЛГООМЖЛОЛ" БА "ХҮСЭМЖЛЭЛ"

Оюутан Алия Роуз Гиневрагийн хэлснээр Z үеийнхэн бол "Эрсдэлээс зайлсхийгчид". Тэд эцэг эхийнхээ салалт, гэр бүлийн зөрчилдөөнийг харж өссөн учраас гэрлэлтийг "бүтэлгүйтэх магадлалтай том эрсдэл" гэж харах нь бий.

Гэхдээ нөгөө талдаа, цахим ертөнцийн өнгөц харилцаанаас залхсан залуус "Чин сэтгэлийн амлалт"-ыг (Real Commitment) маш ихээр үгүйлж байна. Өөрөөр хэлбэл, тэд гэрлэлтийн цаасан баталгаанаас илүүтэй, харилцааны "чанар"-т илүү ач холбогдол өгдөг болжээ.

20 ЖИЛИЙН ДАРААХ ИРЭЭДҮЙ: ТА ХААНА БАЙХ ВЭ?

Шинжээчдийн таамаглаж буйгаар 10-20 жилийн дараа гэрлэлт устаж үгүй болохгүй ч, түүний хэлбэр өөрчлөгдөх гэнэ. Гэрлэлт нь "нийгмийн үүрэг" биш, харин хоёр бие даасан хувь хүний "сонголт" болон үлдэх юм.

Харин таны хувьд гэрлэлт амжилтын нэг хэмжүүр мөн үү? Эсвэл та карьер, аялал, өөрийгөө хөгжүүлэхийг нэгдүгээрт тавьж байна уу? Магадгүй та гэрлэхээсээ өмнө 30 нас хүртлээ "ертөнцийг таних" төлөвлөгөөтэй байгаа юм биш биз?

Эх сурвалж: nytimes.com

#мэдээ