

TikTok дээр #JuneTheory хаштагтай бичлэгүүд сая сая хандалт авч эхэлжээ. "June Theory" хэмээх энэхүү онолын дагуу зургадугаар сар нь шинэ хайр дурлал эхлэх, харилцаа дараагийн шатандаа орох эсвэл романтик амьдралд чухал өөрчлөлтүүд тохиох хамгийн өндөр магадлалтай үе гэнэ.
Сүүлийн үед TikTok болон Instagram ашиглаж байгаа хүмүүс зургадугаар сарыг хайрын сар хэмээн тодорхойлсон бичлэгүүдтэй таарсан байх. Тэдгээр бичлэгүүдэд хүмүүс 6-р сартай холбоотой хайр дурлалын түүхээ сошиал сүлжээнд хуваалцаж байгаа нь энэхүү трендийн хүрээг тэлж байна.
JUNE THEORY ГЭЖ ЮУ ВЭ?
"June Theory" буюу "6-р сарын онол" нь 6-р сарыг хайр дурлал, харилцаатай онцгой холбоотой гэж үздэг сошиал медиагийн тренд юм. Үүнд итгэдэг хүмүүс өнгөрсөн жилүүдийн зургадугаар сард хамтрагчтайгаа хэрхэн танилцсан, сүй тавьсан эсвэл харилцааныхаа чухал үе шатанд хүрсэн тухай түүхээ сошиал сүлжээнд хуваалцаж байна.
Зарим хүний хувьд уг онол шинэ хүнтэй танилцах боломжийг илэрхийлдэг бол бусад нь хуучин харилцаагаа сэргээх эсвэл хайр дурлалын амьдралдаа шинэ хуудас нээх цаг үе гэж үздэг. Ийнхүү олон хүн ижил төстэй туршлагаа хуваалцсаар уг онол сошиал медиад өргөн тархжээ.

ЯАГААД ЗААВАЛ 6-Р САР ГЭЖ?
Судалгаагаар нарны гэрэл нь хүний сэтгэл санаа, өөртөө итгэх итгэлд нөлөөлдөг серотонин дааврын ялгаралтыг нэмэгдүүлдэг байна. Үүний үр дүнд хүмүүс илүү өөдрөг, нийтэч болж, бусадтай харилцах идэвх нь нэмэгддэг.
Мөн дэлхийн олон оронд 6-р сар зуны эхлэл болдог. Өдөр уртасч, хүмүүс аялал зугаалга төлөвлөж, төрөл бүрийн арга хэмжээ, уулзалтад илүү их оролцдог. Энэ нь шинэ хүмүүстэй танилцах, харилцаа үүсгэх боломжийг нэмэгдүүлдэг байна. Тиймээс 6-р сард хайр дурлалын түүхүүд олноор төрдөг мэт санагдах нь улирлын онцлогтой холбоотой байж болох юм.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 6-р сар хайр дурлалд онцгой нөлөө үзүүлдэг гэх шинжлэх ухааны баттай нотолгоо одоогоор байхгүй. Гэсэн ч дулаан цаг агаар, урт өдрүүд, идэвхтэй нийгмийн амьдрал нь шинэ хүмүүстэй танилцах боломжийг нэмэгдүүлдэг тул энэ үед романтик харилцаа үүсэх магадлал өсдөг байж болох юм.
Тиймээс “June Theory”-г бодитой онол гэхээсээ илүү өөрийгөө шинэ боломжуудад нээх, шинэ хүмүүстэй танилцахад уриалсан сошиал медиагийн сонирхолтой тренд гэж ойлгож болно.
Эх сурвалж: Medium
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!