Энэ зун нээлтээ хийх 15 кино


С.Оюундарь | YOLO.MN
ӨЧИГДӨР

Зун бол Холливудын улирал бөгөөд нэг дор нээлтээ хийх маш олон сонирхол татсан кинонуудаас сонголт хийх боломжийг бидэнд олгодог. Энэ зун ч бас кино урлагийн ертөнц үзэгчдийг уйдаахгүй байх тал дээр онцгой анхаарал хандуулжээ. Зургаагаас найман сарын хооронд өмнө нь гарсан киноны үргэлжлэлүүд, шинэчилсэн хувилбарууд, хосуудад зориулсан романс, сонгодог болон шинэлэг өнгө аястай хүүхэлдэйн кинонууд гээд олон төрлийн кинонууд гарах нь ээ.

SCARY MOVIE (06-Р САРЫН 05)

Эрт орой хэзээ нэгэн цагт аймшгийн кинонуудын франчайз болгон шинэчилсэн хувилбараа гаргадаг шиг аймшгийн киноны инээдмийн пароди цуврал ч гэсэн яагаад ийм өөрчлөлт хийж болохгүй гэж?

Уайансын ах дүүсийн ээлжит хошигнолоор дүүрэн энэхүү 6 дахь бүтээлд киноны анхны багийнхан эргэн нэгджээ. Мөн цувралын хамгийн сүүлийн анги 2013 онд гарсан гэж бодвол “M3GAN”-аас эхлээд “A Quiet Place”, “Get Out”, “Sinners” зэрэг маш олон шинэ аймшгийн кинонуудыг элэглэх арвин сэдэв, санаа тэдэнд байна гэсэн үг.

DISCLOSURE DAY (06-Р САРЫН 12)

“E.T”, “Closure Encounters of the Third Kind” зэрэг бүтээлүүдийг бидэнд өгсөн Стивен Спилбергээс өөр хэн харь гаригийнхны тухай киног дээд зэргээр хийж чадах билээ?

Энэхүү бүтээлд жүжигчин Жош О Коннор гол дүрийг бүтээжээ. Тэрээр хэдэн арван жилийн турш нууцалсан харь гарагийнхны тухай үнэнийг олон нийтэд дэлгэхэд бэлэн байгаа цахим аюулгүй байдлын мэргэжилтний дүрд тоглох юм байна.

THE DEATH OF ROBIN HOOD (06-Р САРЫН 19)

Рубин Хүүд гэдэг бол баячуудаас хулгай хийж, тэднийгээ ядууст өгдөг, хөгжилтэй, хөнгөн харваачид байдгийг бид сайн мэдэх ч жүжигчин Хью Жэкмэний тоглосон Рубин Хүүд энгийн Рубин Хүүдээс арай өөр юм. Хью Жэкмэний Робин Хүүд хүнд гэмтэл авсан бөгөөд гэмт хэрэг, аллагаар дүүрэн амьдралынхаа явцад бусдад учруулсан зовлон шаналалтайгаа тэмцэж, өөрийнхөө амьдралыг эргэцүүлж буйгаар кинонд гардаг аж.

TOY STORY 5 (06-Р САРЫН 19)

Энэ бол тоглоом болон технологийн тэмцлийг харуулсан хошин түүх юм. Pixar-ын тоо томшгүй олон сонгодог бүтээлүүдийн эхлэлийг тавьсан үзэгчдийн хайртай тоглоомууд маань ухаалаг утас, таблетын дэлгэцтэй тэмцэхээр дэлгэцийн бүтээлд эргэн ирж байна.

Бяцхан Бонни охин Жэсси, Базз, Рекс нартай тоглож байтал хүүхдэд зориулсан Лилипэд хэмээх таблет гарч ирснээр түүний амьдралыг бүхэлд нь эзлээд зогсохгүй тоглоомуудын амьдралыг бүхэлд нь өөрчлөх болно. Одоо зөвхөн Вүүдид л энэ асуудлыг цэгцлэх ямар нэгэн гарц гаргалгаа байгаа гэж найдах л үлдлээ.

ROSE OF NEVADA (06-Р САРЫН 19)

Сураггүй алга болсноосоо хойш гучин жилийн дараа гэнэт л эрэг дээр гарч ирсэн завийг хоёр загасчин залуу тэнгэрээс тэдэнд илгээж буй тэмдэг гэж итгэн тус завийг хөлөглөн далайд гарна. Гэвч тэднийг аяллаасаа эргэж ирэхэд бүх зүйл өөрчлөгдсөн байх буюу тэд гучин жилийн өмнөх рүү буцчихсан байдаг.

SUPERGIRL (06-Р САРЫН 26)

Супермэний үеэл Кара Зор-Эл бол зожиг, ганцаараа байхыг илүүд үздэг нэгэн. Гэвч галактик хоорондын хорон санаат этгээд түүний хайрт нохой Криптог хордуулсны дараа тэрээр шууд л хорон санаатантай тэмцэхээр шийддэг байна.

MINIONS & MONSTERS (07-Р САРЫН 01)

“Despicable me” киноны ертөнцийн долоо дахь бүтээл болох “Минионууд болон мангасууд” нь 1920-иод оны өмнөх түүхийг өгүүлдэг бөгөөд үйл явдал нь мангасуудтай холбоотой кино бүтээх гэж байсан минионууд хэрхэн санаандгүй байдлаар жинхэнэ аймшигт мангасуудыг суллаж буйгаар эхэлдэг.

MOANA (07-Р САРЫН 10)

Хүүхэлдэйн киноны үргэлжлэл нь тийм ч их амжилтыг дагуулаагүй ч бүрэн хэмжээний уран сайхны кино нь өөр байх ч юм бил үү?

Дуэйн Жонсон нь хүүхэлдэйн киноны нэр хүндээ алдсан хагас бурхан Маугийн дүрд дуу оруулсан бол энэ удаад Маугийн дүрээр эргэн ирж байна. Харин бидний хайртай мөхөж буй арлаа аврахаар далай ээжээр сонгогдсон Моанагийн дүрийг Катрин Лага айа бүтээжээ.

THE ODYSSEY (07-Р САРЫН 17)

Кристофер Ноланы энэхүү туульс нь Холливудын Алтан үеийг эргэн сануулах болно. Трояны дайнаас буцаж буй Одиссейн дүрийг бүтээхийн тулд Мэтт Мэймон бүтэн жилийн турш сахлаа ургуулсан бөгөөд түүнтэй хамт Энн Хэтэуэй, Люпита Нионго, Роберт Паттинсон, Том Холланд, Зендаяа зэрэг олон шилдэг одод тогложээ.

MOTOR CITY (07-Р САРЫН 24)

Хэрэв та тулаант киноны гол дүрийн баатрыг элдэв сургаал, үг хэллэггүйгээр зүгээр л шууд тулалдаасай гэж хүсэж байсан бол энэхүү бүтээл яг танд зориулагджээ. Кино 1920-иод оны Детройд хотыг харуулах ба өөрийг нь хилс хэрэгт гүтгэсэн дээрэмчдээс өршөөгөө авахаар зорьж буй залуугийн тухай өгүүлнэ.

103 минут үргэлжлэх киноны туршид бараг хэн ч ямар ч үг хэлдэггүй гээд бод доо.

SPIDER-MAN: BRAND NEW DAY (07-Р САРЫН 31)

“Spider-Man: No way home” киноны төгсгөлд Доктор Стрэнж Питер Паркерийг супер баатар гэдгийг дэлхий нийтийн санах ойгоос бүрмөсөн арчин устгаснаар олон хэмжээст ертөнцийн сүйрлээс урьдчилан сэргийлж чадсан билээ. Энэ үйл явдлаас хойш 4 жилийн дараа Хүн аалзанд амьдралаа шинээр эхлэх сайхан боломж гарч ирэх хэдий ч бүх зүйл төлөвлөсний дагуу явдаггүй нь тун харамсалтай.

TEENAGE SEX AND DEATH AT CAMP MIASMA (08-Р САРЫН 07)

Нэгэн найруулагч бүсгүй “13-ны Баасан гараг”-тай тун төстэй хэв маягтай киноны франчайзыг шинэчлэн бүтээх даалгавар авч, улмаар сэтгэцийн хувьд тогтворгүй тус киноны гол дүрийн жүжигчнийг эргэн тоглуулахаар ятгаж буй тухай өгүүлдэг.

THE END OF OAK STREET (08-Р САРЫН 14)

Найруулагч Дэвид Роберт Митчелл энэхүү шинэ бүтээлийнхээ талаар тийм ч их мэдээллийг өгөхийг хүсээгүй бөгөөд одоогоор зөвхөн киноны ерөнхий зураглал буюу 1980-иад оны хотын захын дүүрэгт амьдардаг гэр бүлүүд ойр хавьд нь хачирхалтай зүйлс тохиолдож буйг анзаарч эхэлдэг гэсэн зүйл л ил болоод байна.

COYOTE VS. ACME (08-Р САРЫН 28)

Урт хугацаанд хойшлогдсон энэхүү инээдмийн кинонд "Looney Tunes"-ийн алдарт дүр болох Road Runner-ийн мөнхийн дайсан Вайли Э. Койоти өөрт нь дандаа доголдолтой, чанаргүй бүтээгдэхүүн худалддаг "Acme" корпорацыг шүүхэд өгөхөөр аз нь харьсан нэгэн өмгөөлөгчийг хөлсөлж буй тухай өгүүлдэг.

Хүүхэлдэйн кино болон уран сайхны киног хослуулсан энэхүү бүтээл нь тун ч бартаатай түүхийг туулсан юм. Анх "Warner Bros. Discovery" компани уг киног бүрмөсөн архивд хийж, татварын хөнгөлөлт авах сонголт хийж байсан ч олон нийтийн хүчтэй шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгармагцаа шийдвэрээсээ ухарч, улмаар киног үзэгчдийн хүртээл болгож буй "Ketchup Entertainment" компанид худалдсан байна.

Эх сурвалж: NPR

#нээлтээ хийх 15 кино