Ким Су Хёны хэрэг хиймэл оюун ухаанд суурилсан кибер гэмт хэргийн аюултай эрин үе ирснийг анхааруулж байна


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Жүжигчин Ким Су Хёны тухай цуурхлыг хиймэл оюун ухаан (AI) ашиглан тараасан гэгдэж буй YouTuber-с авах хохирлын нэхэмжлэл 12 тэрбум воноос 30 тэрбум вон хүртэл өсөх төлөвтэй байна.

HoverLab YouTube сувгийг ажиллуулдаг Ким Сэ Үй лхагва гарагт баривчлагдсан. Өнгөрсөн жил тус суваг талийгаач жүжигчин Ким Сэ Рон Ким Су Хёнтой харилцаатай байсан тухайгаа ярьж буй бичлэгийг нийтэлснээр уг хэрэг улс даяар анхаарал татсан юм.

Энэ хэрэгт олон нийт маш их дургүйцэж, Ким Су Хён нэг жил гаруй хугацаанд бүх үйл ажиллагаагаа зогсооход хүргэсэн.

Гэвч одоо цагдаа нар уг бичлэгийг хиймэл оюун ухаан  ашиглан бүтээсэн гэсэн дүгнэлтэд хүрээд байна.

Энэ хэрэг жүжигчинд санхүүгийн болон мэргэжлийн асар их хохирол учруулж, түүний сурталчилгаа, гадаад дахь хуваарьт ажлууд болон контент бүтээлүүдийг бараг бүрэн зогсоосон байна. Ялангуяа 60 тэрбум воны төсөвтэй Disney+ шинэ цуврал болох "Knock Off"-ын нээлтийн хуваарь цуцлагджээ.

"Queen of Tears" бол дэлхий даяар асар том амжилт болсон бүтээл байсан. Гэвч Ким Сэ Үй эдгээр худал мэдээллийг тараасны дараа бүх зүйл бүрэн зогсжээ.

Соёлын шүүмжлэгч Жон Дог Хён "Энэ хэрэг нь хиймэл оюун ухааны технологи үнэмшилтэй түүхтэй нийлбэл ямар их сүйрүүлэх хүчтэй болж болохыг харуулж байна. Эцэст нь үнэн ил болсон ч Ким Су Хён алдартай хүн байсан тулдаа л мөрдөн шалгаж, үнэнийг илрүүлж чадсан гэж бодож байна. Ийм боломжгүй жирийн иргэн байсан бол бүрэн сүйрэх байсан.

Тэрээр видео контентоороо мөнгө олдог кибер сүйтгэгчдийн санхүүгийн ашиг сонирхол ийм төрлийн гэмт хэрэг дахин гарах магадлалыг маш өндөр болгож байгааг анхааруулжээ. Гэхдээ тэрээр хиймэл оюун ухааныг өөрийг нь шууд хориглох ёсгүй гэж үзэж байна. Харин буруугаар ашиглагдаж буй  тохиолдолд хатуу шийтгэл ногдуулж, хууль эрх зүйн хил хязгаарыг маш тодорхой болгох хэрэгтэй."

Хэдийгээр цагдаагийн мөрдөн шалгалт түүний нэр төрийг цэвэрлэсэн мэт харагдаж байгаа ч Ким Су Хён тэрээр нэр хүндээ бүрэн сэргээхэд саад бэрхшээлтэй хэвээр байна гэж шүүмжлэгчид үзэж байна.

Түүнтэй хамт 2017 оны "Real" кинонд тоглосон талийгаач Суллигийн гэр бүлийнхэн зураг авалтын үеэр дарамт шахалт үзүүлсэн гэх асуудлыг хөндсөн нь жүжигчнийг одоо ч олон нийтийн анхаарлын төвд байлгасаар байгаа юм.

Гэсэн хэдий ч Ким Су Хён эргэн ирэх төлөвтэй байна. Соёлын шүүмжлэгч Ха Жэ Гын:

"Цагдаа нар түүнийг буруугүй гэдгийг зарласны дараа Ким Су Хёнд хандах олон нийтийн хандлага эргэсэн. Түүнийг дэмжих хүмүүс нэмэгдэж байгаа бөгөөд хойшлогдоод байсан драм нь удахгүй цацагдаж магадгүй" гэв.

Гэсэн хэдий ч "Knock Off"-ын нээлтийн талаар Disney+ болгоомжтой байр сууриа хадгалж, "Одоогоор мэдээлэх өөрчлөлт байхгүй" гэжээ.

#Ким Су Хён