

2001 онд есдүгээр сарын 11-ны халдлагын дараа АНУ Афганистан руу цэргээ оруулж Талибаныг унагасан ч 2021 онд Талибан дахин засгийн эрхийг гартаа авсан юм. Үүний дараа АНУ-ын тус улсад эмэгтэйчүүдийн эрхтэй холбоотой хийгдэж байсан ахиц дэвшлүүд гацаанд орсон.
Талибан эрх мэдлийг авснаас хойших тус улсын нөхцөл байдлын тухай Georgetown institute for Women, Peace, and Security (GIWPS)-ийн гүйцэтгэх захирал Melanne Verveer болон тус байгууллагын бодлого ба хөтөлбөрийн захирал Kimberly Hart нар судалжээ.
Тэд уур амьсгал болон хүмүүнлэгийн хямралууд охид, эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж буй талаар хэлэлцэж олон улсын нийгэмлэг, байгууллагууд хэрхэн тэнд байх эмэгтэйчүүдэд туслах боломжтойг авч үзсэн байна.
Эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа вэ?

Өнөөдрийн байдлаар дэлхий дээр эмэгтэйчүүдийн эрх хамгийн ихээр Афганистан улсад зөрчигдөж байгаа юм. GIWPS-ээс эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын тухай гаргасан жагсаалтад тус улс 181 улсаас 181-т бичигджээ.
Талибан нь эмэгтэйчүүдийн амьдралыг тэр чигт нь хянаж, системчилсэн дарамт хавчлагыг хэрэгжүүлж ирсэн. Жишээ нь, охидууд боловсрол эзэмших, гэрээсээ гадуур ажил хийх ямар ч боломжгүй болсон.
Хамгийн сэтгэл эмзэглэмээр нь эмэгтэйчүүд гадуур гарахаар бол заавал эрэгтэй хүний хамтаар л гарах ёстой, олон нийтийн газар дуугаа өндөрсгөж болохгүй, Коран судраа ч унших эрхгүй болсноор зогсохгүй бурка нь тэдний албан ёсоор заавал өмсөх ёстой хувцас болон хуульчлагджээ.

НҮБ-ийн мэдээлснээр Афганистаны залуу эмэгтэйчүүдийн бараг 80% нь боловсрол, ажил эрхлэлт эсвэл мэргэжлийн сургалтад сууж байгаагүй бөгөөд охидын боловсролыг хориглосон нь хүүхдийн гэрлэлтийг 25%, эхийн эндэгдлийг дор хаяж 50%-иар нэмэгдүүлэх төлөвтэй байна.
Талибаны сүүлийн үед гаргасан 100 гаруй тушаал, зарлиг нь эмэгтэйчүүдийн эрхийг улам ноцтой зөрчих болж, дарамт болон хүчирхийллийг бэхжүүлэх нөхцөл үүсгэсэн. Тухайлбал, саяхан батлагдсан эрүүгийн хуулиар амьтанд хүчирхийлэл үйлдсэн этгээд эмэгтэйчүүдэд хүчирхийлэл үйлдсэн этгээдээс илүү хүнд шийтгэл авахаар тусгагджээ. Талибаны шударга ёсны ойлголтоор эмэгтэй хүн үндсэндээ эрэгтэй хүний өмч мэт, бараг л боол мэт үзэгдэж байна.

Эмэгтэйчүүд өөрсдийнхөө төлөө тэмцэж байна
Өдөр бүр Афганистанд байгаа болон гадна байгаа эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө маш зоригтойгоор тэмцэж, өөрсдийн дуу хоолойгоо хүргэхээр тэмцэж байгаа ч энэ нь тийм ч амар бүтчих зүйл биш. Ийнхүү тэмцэж байгаа нь ч тэдний хувьд маш аюултай юм. Зарим эмэгтэйчүүдийн хувьд Талибанаас гаргасан хуулийг зөрчиж байгаа буюу боловсрол эзэмших гарц хайж, нөхцөл байдлын тухай бодитойгоор дуугарч, жагсаал цуглаанд оролцож байна.

Үүнээс болоод тэдгээр эмэгтэйчүүд шоронд хоригдох, бүр цаашлаад цаазын ял сонсох ч эрсдэлтэй юм. Гэсэн ч Афганистаны эмэгтэйчүүд шийтгэл, хүчирхийллээс айхгүйгээр өөрсдийнхөө төлөө, ирээдүйн охид бусгүйчүүдийн төлөө, нэг нэгнийхээ төлөө тэмцэж, бие биедээ тусалж буй.
Ялангуяа залуу охид үргэлжлүүлэн боловсрол эзэмшихийг маш ихээр хүсэж байна. Талибан засгийн эрхийг авахаас өмнө тэд дэлхийн хаа сайгүй байгаа охид шиг сургуульд явж, дээд боловсрол эзэмшин, төрөл бүрийн тэмцээн уралдаанд оролцож, ажил хөдөлмөр эрхэлдэг байлаа. Охидууд боловсролыг хүний амьдралын хамгийн чухал хэрэгцээ гэдгийг мэддэг тул боловсролынхоо төлөө тэмцлийг зогсоохыг хүсэхгүй байгаа юм.

Афганистан ард иргэдээс авсан боловсролын талаар судалгаагаар судалгаанд оролцсон иргэдийн 92% нь “охидыг боловсрол эзэмших нь зөв” гэдэг саналыг өгчээ. Нөхцөл байдал ийм байгаагаас шалтгаалан Афган охид гэртээ зүгээр суугаад байхыг хүсээгүй. Тэд суралцах боломж олдсон л бол эргэлзэлгүй боломжийг ашиглаж, гэртээ нууцаар эсвэл цахимаар боловсрол эзэмшиж байна. Хэрвээ тэдний энэхүү үйлдэл илчлэгдэх юм бол засгийн газартаа тэд маш их хэмжээний мөнгө төлөх шаардлагатай болох юм.
Сэтгэл эмзэглэмээр нь эдгээр бүх шударга бус байдал, хүчирхийлэл, нүд үзүүрлэлтээс болоод олон эмэгтэйчүүдийн итгэл найдвар тасарч байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн дундах амиа хорлолт 80%-иар өссөн үзүүлэлт гарчээ.
Иргэд эрүүл амьдрах нөхцөлгүй байна
-092620-728744095.jpeg)
Эмэгтэйчүүдийн эрхийн ноцтой зөрчлөөс гадна Афганистан нь маш хүнд хүмүүнлэгийн хямралд өртөөд байгаа юм. Хүнс тэжээлийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үйлчилгээний хомсдол, суурь хэрэгцээт үйлчилгээ тасалдаж буй асуудлууд нь бүр л гүнзгийрсэн.
НҮБ-ийн тооцооллоор Афганистан иргэдийн 45%-д нь хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай байгаа ч АНУ, болон бусад улсуудын тусламж тасарснаас болоод хэдэн зуун сая ам долларын тусламж, үйлчилгээ иргэдэд очихоо больжээ.

Энэхүү хүмүүнлэгийн хямрал нь маш олон Афганистан иргэдийн амьдралд нөлөөгөө үзүүлж байгаа юм. 2025 оны 11 сараас 2026 оны 03 сар хүртэлх хуурай улирлын үеэр 17 сая гаруй Афган иргэд хоол хүнсний дутагдал болон аюулгүй байдалтай нүүр тулах ёстой болсон.
Европын комиссын мэдээлснээр ойролцоогоор 4 сая хүүхэд хоол тэжээлийн дутагдалтай байгаа нь нийт Афган хүүхдүүдийн тавны нэгтэй дүйцэж байгаа гэсэн үг. Мөн хамгийн багадаа сая гаруй хүүхдэд эрүүл мэндийн туслалцаа даруй шаардлагатай байгааг анхааруулсан байна.
Айл өрхүүдийн 37% нь савангүй байгаа нь хүний амьдралын энгийн ариун цэвэр хангах нөхцөлийг боломжгүй болгож, үүнээс улбаалан олон төрлийн өвчин эмгэг үүсэх бололцоо бүрдэж байгаа юм.

Афганистан нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртдөг улсуудын нэг тул дээрх сорилтууд нь уур амьсгалын өөрчлөлтийн шокоос үүдэлтэй улам бүр л дордож буй.
Сүүлийн үеийн ган гачиг, дулаарал, үер болон цас бага орж буйтай холбоотойгоор Афган иргэд цэвэр ус ч уух боломжгүй болжээ.
Үүний тод жишээ нь Кабул хот. Кабул хот уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан усны нөөц нь дуусах эрсдэлтэй тулгараад байна. Мөн 2050 он гэхэд Афганистаны 90 гаруй хувь нь ган гачигт өртөх магадлалтай гэж тооцоолжээ.
Эх сурвалж: School of Foreign Service
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!