

Японы үндэсний хоол нь өвөрмөц, тэжээллэг, шинэ бөгөөд шүлс асгарам орцууд зэргээрээ дэлхий дээрх хамгийн алдартай хоолнуудын нэг болж чаддаг. Тийм ч утгаараа ЮНЕСКО-гоос Япон хоолыг биет бус өвийн бүртгэлдээ бүртгэсэн байдаг.
Хоол нь дэлхийд гайхагдсан улсын хувьд нийслэл хот болох Токиод дэлхийн аль ч хотод байхгүй олон тооны дээд зэрэглэлийн болон энгийн ресторанууд байх нь тийм ч гайхам зүйл биш.
Ингээд Японы хамгийн алдартай хоолнуудын ард байх сонирхолтой түүхүүдтэй танилцацгаая.
Сүши

Дэлхий дээрх хамгийн алдартай хоолны нэг болох сүшиний түүх бүр МЭӨ 5-3-р зууны үеэс эхлэлтэй. Эртний Хятадын өмнөд хэсэг, Меконг мөрний сав газрын будааны тариалангийн талбайн ойролцоогоос сүшиний түүх эхэлсэн байдаг.
Тус мөрний дагуу газар тариалан эрхэлж байсан тариачид сүшиний анхны хувилбар болох нарэзушиг бий болгожээ. Тариачдад барьсан загасаа хадгалах арга хэрэгтэй болсон байна. Тэд ийнхүү загасыг муутгалгүй хадгалахын тулд нэг арга олсон нь загасыг будаагаар дүүргэж, давсаар үрээд торхонд хийн хадгалах байв.
Хадгалсан загасаа идэх үедээ тэд ихэвчлэн дотор нь байх будааг идэлгүй үлдээдэг байлаа. Эхэндээ нарэзуши нь гудамжинд зарагддаг амьдралын бололцоо тааруу иргэдийн хоол байсан бол цаг хугацааны эрхэнд нийгмийн дээд давхаргынхны ч дуртай идэш нь болж яваандаа Ази даяар тархсан байна. Ингэж явсаар эцэст нь МЭ 8-р зууны орчимд Японы нутаг дэвсгэрт хүрчээ.
Япончуудын хувьд загасыг будаатай нь хамт идэхийг илүүд үзсэн тул торхонд хийн исгэх хугацааг нь багасгасан байдаг. 12-р зуунд цуу бүтээгдсэн нь ч энэхүү өөрчлөлтөд нөлөөлсөн байна. Тухайн үеийн нарэзушины Япон хувилбарыг наманарэ гэж нэрлэжээ.
17-р зууны үед дахин нэг сүшиний хувилбар гарсан нь хаяа-зүши байв. Сүшиний хурдан болдог хувилбар болох хаяа-зүшиг өмнөх хоёр хувилбар шиг нь торхонд хийж исгэлгүй шууд загасыг будаатай холиод цуунд дүрж иддэг болсон нь өнөөгийн сүшитэй арай дөхөм болсон мэт.
Домогт өгүүлснээр 19-р зуунд өнөөгийн Токио хотоос гаралтай тогооч Ханаяа Иохей бидний идэх дуртай сүшиний хувилбарыг бий болгосон гэдэг. Гэхдээ тэр уг хувилбараа сүши гэж нэрлээгүй бөгөөд харин нигизуши хэмээх нэрийг оноогоод багахан хэмжээний будаан дээр загас байрлуулан цуугаар амталсан хэлбэрийг олон нийтэд танилцуулсан байгаа юм.
Нигизуши хэрхэн Япон даяар тархах болсон нь 1923 онд болсон Кантогийн газар хөдлөлттэй холбоотой буюу байгалийн гамшгийн улмаас өөр орон нутаг руу нүүн шилжигчид дунд нигизуши хийдэг тогоочид олон байснаас болсон ажээ.
Темпура

Темпура нь гурилд дүрж шарсан далайн бүтээгдэхүүн, загас эсвэл ногоогоор хийдэг Японы уламжлалт хоол юм. Уг гарлынх нь тухай гүнзгий судалбал, темпура нь 16-р зууны үед санамсаргүй байдлаар Португалаас Японд орж ирсэн байдаг.
Хятад руу очих төлөвлөгөөтэй байсан Португалийн гурван далайчин замаасаа төөрөн өөр улсад хөл тавьсан нь Япон байв. Энэхүү санамсаргүй байдал нь Японд темпураг авчраад зогсохгүй тэд тус улсад ирсэн анхны Европ хүмүүс болжээ.
Гэхдээ Португал далайчдын Япончуудад танилцуулсан хоолыг темпура бус харин Peixinhos da horta гэдэг байв. Уг темпурагийн эртний хувилбарыг ногоон шошоор хийдэг байсан байна.
“Темпура” хэмээх нэр нь Латин хэлний “quatuor anni tempora” гэх хэллэгээс гаралтай. Энэ нь Христийн шашны хуанлийн дагуу жилд дөрвөн удаа тохиодог мацаг барих, залбирах үесийг илэрхийлдэг бөгөөд энэ хугацаанд мах хэрэглэдэггүй байв. Тиймдээ ч Peixinhos da horta-г тухайн мацгийн өдрүүддээ зооглодог байжээ.
Цагийн явцад япончууд темпурагийн гаднах гурилан зуурмагийг багасган, доторх орцыг нь төрөлжүүлэн өөрчилсөөр, бараг юуг ч байсан темпура болгон хувиргах болсон. Үүний үр дүнд анх байснаасаа тэс өөр хэв маягтай темпура хэмээх Япон хоол үүссэн түүхтэй.
Рамен

Рамен бол яах аргагүй япончуудын донтолт болж чадсан хоол бөгөөд бараг л зарим хүмүүсийн хувьд шашин мэт зүйл болж хувирсан. Уг гоймон нь олон улс даяарх Японы соёлын бэлгэ тэмдэг болсон төдийгүй зөвхөн японд хийсэн жинхэнэ раменыг идэхээр маш олон аялагч жуулчид тус улс руу тэмүүлдэг. Бүр рамены музейг хүртэл байгуулсан гэдгээс та энэхүү хоолны сүр хүчийг мэдэж болно.
Хэдийгээр Японы бүс нутаг бүрд раменыг өөрийн газар нутгийн онцлогт тааруулан хийдэг ч гол орц болох улаан буудайн гоймонг бүгд ашигладаг. Рамен нь анх Хятадад үүссэн гэдэг ч хэрхэн Японд орж ирсэн нь маргаантай асуудал юм.
Токио дахь анхны рамены дэлгүүр 1910 онд нээгдэж байсан ч үндэсний хоол болон алдарших хүртэл дөч гаруй жилийг зарцуулсан байдаг.
Мисо шөл

Япон ард иргэдийн гуравны нэг нь өдөрт дор хаяж нэг аяга мисо шөл уудаг нь шөлийг Японы хамгийн их хийгддэг хоолнуудын нэг болгож байгаа юм. Та өнөөдөр уг амттай, тэжээллэг чанар ихтэй шөлийг дэлхийн хаанаас ч авах боломжтой ч шөлний гарал үүслийн талаар тийм ч их хүн мэдээд байдаггүй.
Мисо нь Японд мянга гаруй жилийн өмнө буюу МЭ зургаа юм уу долоодугаар зууны үед танилцуулагдсан байдаг. Шөлийг нэвтрүүлэгсэд нь Хятад гаралтай лам нар байв.
Гэхдээ Хятад лам нарын авчирсан хишио хэмээх шар буурцаг болон давсны холимгийг япончууд зуурмаг хэлбэрт оруулж, мисо болгон хөгжүүлснээр хоолны соёлд жинхэнэ хувьсгал хийсэн байна.
12-р зуунаас хойш самурай нар мисо зуурмагийн ач тусыг үнэлэн шөлөндөө хольж хэрэглэх болсон нь мисо шөл бий болох үндэс болсон юм.
Умами

Барууныхан хүүхэд багачууддаа давслаг, чихэрлэг, гашуун, исгэлэн гэсэн дөрвөн амт байдаг тухай заасаар ирсэн. Харин тэд энэ дөрвөөс гадна умами гэх амт байдаг талаар ярих болжээ.
Умами гэх үг нь Японы умай буюу амттай гэсэн үгнээс гаралтай бөгөөд умами гэдэг амт нь өвөрмөц ч амттай хоолнуудыг илэрхийлдэг байна. Уг амтны оршин байдлын талаар 1908 онд Токиогийн эзэн хааны их сургуулийн химич, профессор Кикунаэ Икэда нээсэн байдаг.
Тэрбээр далайн байцаатай хоол идэж байх үедээ давслаг, чихэрлэг, гашуун эсвэл исгэлэн ч биш юм мөртлөө тун амттай амтыг мэдэрч байсан гэнэ. Ингэж л түүний шинэ амт илрүүлэх сонирхолтой судалгааны сэдэл тавигдсан байдаг.
Эх сурвалж: History
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!