

Тархи бидэнд зүүдээр дамжуулан зурвас илгээдэг үү?
Адлин (жинхэнэ нэр нь биш) тэр зүүдийг зүүдлээгүй байсан бол хавдраа оношлуулахгүй байв. Адлин Хонконгт амьдардаг. Тэр 2011 онд нэгэн зүүд зүүдэлсэн нь амьдралыг нь өөрчилжээ. Гурван жилийн өмнө бурхан болсон ээжийгээ их санадаг байв. Тэгтэл ээж нь түүний зүүдэнд иржээ. Адлин их баярлаж, "Ээж ээ, хоёулаа арайхийн уулзлаа. Та сайн уу" гэхэд ээж нь "Би сайн.Чамд нэг зүйл хэлмээр байна. Чи эмчид яаралтай үзүүлээрэй" гэжээ.
Адлин зүүдэндээ итгэсэн тул шууд эмч рүү явж, нэгдүгээр үеийн хавдрын онош сонссон байна. Эрт илрүүлсэн тул эмчлүүлж чаджээ. Хэрэв би тэр зүүдийг зүүдлээгүй бол мэдэлгүй өнгөрөх байсан тул зүүдэлсэндээ их баярладаг гэжээ.
Хүн төрөлхтөн олон мянган жилийн турш зүүдээ "тайлахаар" хичээж байна. Эртний Египет, Грек, Вивилонд зүүд зөнтэй гэж үздэг байв. Зарим шашинд зүүдийг бурхан илгээсэн анхааруулга, дохио гэдэгт итгэдэг.
Зүүд бол оюун санааны туслагчид бидэнд айлчлан ирсний дохио гэж үздэг ард түмэн ч бий.
Адлин хятад хүн тул зүүдээр дамжуулан өвөг дээдэс нь зурвас илгээдэг тухай сонсож байжээ. Гэхдээ өөрт нь ийм зүйл тохиолдоно гэж огт санаагүй аж. Зүүдний тайлал одоо ч хүмүүсийн анхаарлыг татдаг. Хиймэл оюуны өнөө үед зарим хүн зүүдээ хиймэл оюунаар "уншуулж" ойлгох гэж хичээж байна.
Тэгвэл эрдэмтэд зүүдний талаар юу хэлдэг вэ? Ер нь бид яагаад унтдаг вэ? Зүүд тийм чухал уу?
Их Британийн Эзэн хааны коллежийн мэдрэл судлаач эрдэмтэн Абидэми Отайку "Бидний тархи зүүдлэх их дуртай.
Бид унтсан хугацааныхаа ойролцоогоо 1/3-т нь зүүдэлдэг. Та нам унтаж чадаагүй бол зүүдлэхгүй.
Гэхдээ маргааш нь нам унтахад тархи энэ боломжийг маш сайн ашиглаж, амьд мэтээр зүүдэлдэг.
Ер нь бид яагаад унтдаг нь шинжлэх ухаанд нууц хэвээр байна. Гэхдээ нойр тархинд амрахад, өдөр болж өнгөрсөн үйл явдлуудыг архивлан хадгалахад тусалдаг" гэжээ.
Хүн унтах үед тархи нь сэрүүн байдгаас өөрөөр ажилладгийг эрдэмтэд тогтоожээ. Бид унтахад тархины урд хэсэг идэвхгүй болдог.
Духны арын энэ хэсэг логик буюу учир зүйг ойлгоход тусалдаг юм. Харин тархины арын хэсэг нойронд автсан үед идэвхиждэг байна. Энэ нь мэдрэмжийг зохицуулдаг хэсэг юм. Бидний зүүд голдуу хачин, этгээд, утгагүй байдаг нь тархины арын хэсэг илүү ажилласантай холбоотой.
Судалгаагаар тамхинаас гарсан ч тамхи татаж байна гэж зүүдэлсэн хүмүүс дахин тамхи татаагүйг харуулжээ. Эндээс бидний зүүд бид ямар шийдвэр гаргахад нөлөөлдөг гэж дүгнэсэн байна.
Гэр бүлээ салгасан хүмүүсээс салсан эхнэр/нөхрөө зүүдэлсэн, эсэхийг асуужээ. Зүүдэлсэн хүмүүс хэдий гэр бүлээ цуцлуулсан ч сэтгэл санаа нь тогтвортой байсныг тогтоосон байна.
Америкийн эрдэмтэн, зүүд судлаач Дилан Сэлтэрман, бид хүнд үеэ зүүдлэх нь элбэг. Ингэснээр тухайн асуудал, сорилтыг даван гарахад зүүд бидэнд тусалдаг. Ийм зүүд эерэг эсвэл сөрөг утгатай байх нь чухал биш, сөрөг зүүд харин ч илүү дэмтэй гэжээ.
Зүүд асуудлыг шийдэхэд тусалдгийг Харвардын их сургуулийн судалгаа мөн баталсан байна. Судалгаанд оролцогчдоос төөрдөг байшингийн хаалгыг олохыг хүсжээ. Зарим хүн энэ даалгаврыг зүүдэлсэн бөгөөд тэд даалгавраа илүү сайн биелүүлжээ. Эрдэмтэд "Тархи асуудлыг тайван, тухтай шийдэх цаг олж, бид унтаж байхад тархи маань тухайн асуудалд илүү бүтээлчээр ханддаг. Бидний өдөр бодсон, төвлөрсөн зүйлийг тархи унтсан үед ч үргэлжлүүлэн боддог, боловсруулдаг" гэж үздэг.
Бас нэг хачирхалтай зүйл нь зүүднээсээ болоод эхнэр/нөхрөөсөө салсан тохиолдол ч бий. Гэхдээ тэдгээр хүмүүс бодит амьдралд хосын харилцаа нь угаас асуудалтай хүмүүс байжээ.
Зүүд ирээдүйг зөгнөдөг үү?
Бидний тархи зарим зүүдийг сайн санаж, заримыг нь мартдаг. Өдөр тутмын амьдралтай холбоотой зүүдийг тархи хадгалдаг байна. Адлиний зүүдний тухайд, тархи бидний биеийн байдлыг урьдчилан мэдрэх чадвартай. Үүнийг дотоод мэдрэхүй гэдэг. Зарим нь зургаа дахь мэдрэхүй гэдэг байна.
Хар дарсан зүүд
Хэрэв та үе үе хар дардаг бол паркинсон гэх мэт тархи, мэдрэлийн эсвэл сэтгэцийн олдмол өвчинд нэрвэгдэх эрсдэлтэй. Отайкугийн үзэж байгаагаар, хар дарсан зүүд бидэнд бие муудах гэж байгааг анхааруулдаг байж болзошгүй. Энэ төрлийн зүүд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйн сацуу удамшлын нөлөө ч байх боломжтой. Тэрээр энэ таамаглалаа батлахын тулд илүү их судалгаа хийх шаардлагатай гэжээ.
Эмч нар хар дарж зүүдлэхгүйн тулд унтахаасаа өмнө аймшгийн кино үзэхгүй байх, нэг зүүдийг дахин дахин зүүдэлбэл эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг.
Эх сурвалж: BBC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!