

Google компани Gemma болон Gemini загварууд дээрээ суурилсан хамгийн сүүлийн үеийн “Google AI Edge Eloquent” нэртэй апплекэйшнаа iOS хэрэглэгчдэд хүргэж эхэллээ.
Энэхүү шинэ апплекэйшн нь хэрэглэгчийн яриаг текст рүү хөрвүүлэхийн зэрэгцээ ярианы утга агуулгыг алдагдуулахгүйгээр мэргэжлийн түвшинд найруулан засах чадвартай гэдгээрээ онцлог байна. Тус шинэ технологийн ачаар хэрэглэгчдэд өдөр тутмын тэмдэглэл хөтлөх, и-мэйл бичих зэрэг ажлуудыг илүү хөнгөвчлөх боломжтой болжээ.
Google AI Edge Eloquent нь Wispr Flow, SuperWhisper, Willow зэрэг салбартаа тэргүүлэгч тоглогчидтой өрсөлдөх зорилготой юм. Бусдаасаа ялгарах нэг онцлог нь оффлайн нөхцөлд ажиллах байна.

ГОЛ ОНЦЛОГ БА АЖИЛЛАХ ЗАРЧИМ
Уг аппликэйшнийг үнэ төлбөргүй татаж авах боломжтой бөгөөд Google-ийн Gemma загварт суурилсан ASR буюу автомат яриа таних загваруудыг нэг удаа татсаны дараа утас дээрээ шууд бичвэр хөрвүүлж эхэлнэ.
Таныг ярьж байх хооронд бичвэр шууд дэлгэцэнд буух бөгөөд түр зогсоох товчийг дармагц "нөгөө", "ээ", "аан" гэх мэт сул үгсийг автоматаар шүүж найруулгыг нь засна.
Хөрвүүлсэн бичвэрийн доор гол санаа, албан ёсны, богино, урт гэх мэт сонголтууд байх бөгөөд хэрэглэгч өөрийн хэрэгцээнд нийцүүлэн бичвэрийг өөрчлөх боломжтой. Мөн Хэрэглэгч "Cloud mode"-ыг унтрааж, бүх боловсруулалтыг оффлайн үед ч хийх боломжийг бүрдүүлжээ.
GMAIL-ТЭЙ УЯЛДАЖ, ТАНЫГ "ТАНИНА"
Google AI Edge Eloquent нь хэрэглэгчийн зөвшөөрлөөр Gmail хаягаас тусгай нэр томьёо, нэр ус, мэргэжлийн үг хэллэгийг импортлон суралцах чадвартай. Мөн хэрэглэгч өөрийн байнга ашигладаг үгсээ гараар нэмж болно.
Аппликэйшн нь хөрвүүлэлтийн түүхийг хадгалж тэдгээр дундаас хайлт хийх, сүүлийн удаа хэдэн үг хэлсэн, минутад хэдэн үг хэлж буй хурд зэрэг статистикийг харуулдаг.
"Eloquent бол ердийн яриа болон мэргэжлийн түвшний бэлэн бичвэр хоёрын хоорондох заагийг арилгах зорилготой дэвшилтэт апп юм. Сул үгсийг шууд буулгадаг стандарт программ хангамжаас ялгаатай нь энэ апп таны хэлэх гэсэн санааг AI-ийн тусламжтайгаар барьж авч, цэвэрхэн, алдаагүй эх болгон гаргадаг" гэж App Store дахь тайлбарт дурджээ.

ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА
Одоогоор зөвхөн iOS дээр гарсан ч тайлбарт Android хувилбарын тухай дурдагдсан байсан юм. Хэрэв туршилт амжилттай болбол Google энэхүү технологийг Android үйлдлийн системийн үндсэн гарны тохиргоонд нэгтгэж, "Wispr Flow"-той ижил хөвөгч товчлуур (floating button) хэлбэрээр хаанаас ч хамаагүй ашиглах боломжийг олгож магадгүй байна.
Ярианаас бичвэр хөрвүүлэх загварууд сайжрахын хэрээр хиймэл оюун ухаанд суурилсан тус төрлийн аппууд хэрэглэгчдийн дунд эрчимтэй түгэж байна. Google энэхүү туршилтын аппликэйшнээрээ дамжуулан уг трендэд хүч түрэн орж ирлээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!