АНУ-д сурах уу Их Британид сурах уу?


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

АНУ болон Их Британи улсууд соёлын хувьд төстэй талуудтай байж болох ч тэдгээрийн их сургуулийн систем цаг хугацааны явцад тэс өөрөөр хувьсан өөрчлөгдөж ирсэн. Энэхүү нийтлэл нь хоёр улсын их сургуулийн системийн ялгааг харьцуулсан болно.

Элсэлтийн өргөдөл (Application)

АНУ-д оюутнууд их сургуульд сурах өргөдлөө тухайн их сургууль руугаа шууд эсвэл "Common App"-аар дамжуулан явуулдаг.

АНУ-ын гол онцлог нь та тус улсын хэдэн ч сургууль руу өргөдөл явуулах боломжтой байдаг бол Их Британид "Ucas" хэмээх төвлөрсөн систем хэрэгжих бөгөөд оюутнууд жилд дээд тал нь таван сургуульд өргөдөл гаргах боломжтой.

АНУ-д хичээлээс гадуурх идэвх зүтгэлийг академик дүнтэй адил түвшинд чухалчилж үздэг. Гэвч Их Британийн элсэлтийн явц нь таны дүн болон сонгосон мэргэжилдээ хэр тохирох хүн бэ гэдэг дээр төвлөрдөг.

Их Британид "Ucas"-аар дамжуулж өргөдөл гаргахад £27 (ойролцоогоор 120,000 төгрөг) төлдөг. АНУ-ын хувьд сургууль бүрд өргөдөл гаргахдаа тус тусад нь төлбөр төлөх бөгөөд үнэ нь сургуулиасаа хамаарч өөр өөр байна. Энэ нь нийт дүнгээрээ нэлээд өндөр зардал болох ч, хэрэв оюутан санхүүгийн хүндрэлтэй бол ихэнх сургуулиуд энэ төлбөрөөс чөлөөлдөг.

Суралцах хугацаа

АНУ-д бакалаврын зэрэг хамгаалахад дөрвөн жил зарцуулдаг. Их Британийн Англи, Уэльс болон Хойд Ирландад гурван жил, харин Шотландад дөрвөн жил сурдаг.

Гэхдээ Их Британид зарим дөрвөн жилийн хөтөлбөрүүд бий. Жишээлбэл, гадаадад суралцах нэг жилийг багтаасан курс, бэлтгэл жилтэй хөтөлбөрүүд эсвэл бакалавр-магистр хосолсон хөтөлбөрүүд байдаг.

Зардал

Их Британид бакалаврын сургалтын төлбөр жилд дунджаар £9,250 байдаг (ойролцоогоор 41,000,000 сая төгрөг). Олон улсын оюутнууд үүнээс хоёр дахин их төлбөр төлнө. Зээл тусламжийн тухайд хэрвээ та тус улсын иргэн бол сургалтын зээлд хамрагдаж, дараа нь тодорхой хэмжээний цалин авч эхлэхдээ эргэн төлөх боломжтой. Харин олон улсын оюутнууд засгийн газрын зээлд хамрагдах боломжгүй ч тэтгэлэг эсвэл санхүүгийн тусламж хүсэж болно.

АНУ-д хувийн их сургуулиудын төлбөр жилд ойролцоогоор $40,000-$60,000 (ойролцоогоор 140,000,000-210,000,000 сая төгрөг) байдаг. Улсын сургуулиудын зардал $35,000 (ойролцоогоор 122,000,000 сая төгрөг) орчим байна.

Олон улсын оюутнуудын хувьд болон сонгосон мэргэжлээс хамаарч энэ зардал нэмэгдэж болно. Гэсэн хэдий ч санхүүгийн тусламж өргөн хэрэглэгддэг бөгөөд зарим хувийн сургуулиуд өрхийн орлого нь жилд $60,000 (ойролцоогоор 210,000,000 сая төгрөг)-аас бага оюутнуудын бүх зардлыг даадаг.

Мэргэжил сонголт

АНУ-д оюутнуудын бараг тал хувь нь мэргэжлээ сонголгүйгээр элсдэг бөгөөд суралцах хугацаандаа мэргэжлээ өөрчлөх тохиолдол их байдаг. Их Британид та заавал тодорхой нэг хөтөлбөрт бүртгүүлж орох ёстой.

Гэхдээ энэ дүрэм ихэнх сургуулиудад нь үйлчилдэг болохоос бүгд гэсэн үг биш. АНУ-д инженер болон зарим урлагийн чиглэлээр сурах бол тухайн хөтөлбөртөө шууд бүртгүүлэх шаардлагатай. Харин Их Британийн сургуулиуд АНУ-ын загварыг нэвтрүүлж, оюутнуудад өөр өөр салбарын хичээлүүдийг сонгон суралцах боломжийг олгож эхлээд байна.

АНУ-ын зэрэг дөрвөн жил үргэлжилдэг нэг шалтгаан нь эхний жилүүдэд олон салбарын ерөнхий мэдлэг олгодогт оршино. Харин Их Британид суралцах хугацааны эхнээсээ л тухайн мэргэжлээ илүү гүнзгийрүүлэн судалдаг.

Сургуулийн төрөлжилт

Их Британид 200 хүрэхгүй их сургууль байдаг бол АНУ-д 4,000 гаруй коллеж, их сургууль бий. АНУ-д либерал урлагийн коллеж, түүхэн дэх хар арьстнуудын коллеж, хувийн болон улсын их сургуулиуд гээд сонголт маш их.

Их Британид сургуулийн төрөл бага боловч анагаах ухаан, урлагийн чиглэлийн төрөлжсөн жижиг институтүүд нэлээд байдаг.

Спорт

Спорт бол АНУ-ын оюутнуудын нийгмийн амьдралын томоохон хэсэг юм. Оюутнууд спортын тэтгэлгээр суралцах боломжтой бөгөөд сургуулийн багуудын тэмцээн гэх мэт бүх нийтийн арга хэмжээ их болдог.

Их Британийн оюутнууд ч спортын багт нэгдэх боломжтой ч тэмцээнүүд нь харьцангуй бага хүрээнд болдог бөгөөд сургууль даяараа оролцдог том үйл явдал болох нь ховор.

Эх сурвалж: Times Higher Education

#сургуулийн систем