Маш харгис цэргийн сургуулилтууд


С.Оюундарь | YOLO.MN
ӨЧИГДӨР

Шударга л байцгаая. Үүнийг уншиж буй ихэнх хүмүүст цэрэгт элсэх зориг байхгүй. Би өөрөө ч зөвхөн энэ л шалтгаанаар эмэгтэй хүн болж төрсөндөө талархдаг юм. Учир нь жирийн цэргийн сургуулилт гэхэд л эрт үүрээр босож гүйхээс эхлээд маш их тэсвэр хатуужлыг шаарддаг.

Харин үүнээс ч илүү тэсвэр хатуужлыг шаардах цэргийн сургуулилт байдаг гээд бод доо? Тэдгээр биширмээр цэргүүдийг олон улс даяар элит цэргүүд эсвэл тусгай цэргүүд гэж нэрлэнэ. Гэхдээ элит цэрэг ч бай энгийн цэрэг ч бай аль нь ч байсан хоёулаа л хүнд давааг туулдаг тул бид цэргээс халагдагсад болон цэрэг эрс, бүсгүйчүүдээ хүндэтгэх ёстой.

Ингээд тэдгээр баатарлаг хүмүүсийн баяр болох эр цэргийн баяр тохиож буй өнөөдөр уншигч та бүхэндээ дэлхий дээрх хамгийн харгис сургуулилттай элит цэргийн ангиудын талаар нийтлэлийг бэлтгэлээ.

10. БНХАУ-ын Чөлөөлөх Арми

Хятад улсын арми дахь цэргийн хэмжээ нь 1.483 сая тул элит цэргийн ангид орно гэдэг маш хэцүү. Шинээр элссэн цэргүүд усанд сэлэх, уул хаданд авирах, гал дээгүүр үсрэх зэрэг 17 үе шат бүхий хүнд саадтай бэлтгэлийн замыг давах ёстой. Мөн тэд усанд толгойгоо хийн нэг минут тэсэх ёстой байдаг бөгөөд хэрвээ нэг минут болоогүй байхад толгойгоо уснаас гаргавал шууд л хүчээр буцаад оруулдаг гэнэ.

Хэдийгээр Хятад жагсаалтын аравт бичигдсэн ч гэсэн тэдний тусгай хүчин 2014 онд олон улсын “Warrior Competition” тэмцээнд ялсан. Энэ нь зөвхөн хүнд сургуулилтууд хамгийн шилдэг цэргүүдийг бий болгодоггүй гэдгийг харуулж байна.

9. Энэтхэгийн Үндэсний Аюулгүй байдлын хамгаалалтын хүчин

Энэтхэгт элит цэргийн ангид элсэхийг хүсэгчид маш хэцүү шалгалтуудыг даван туулах хэрэгтэй болдог. Тэдгээр шалгалтуудаас хамгийн элбэг тохиолддог нь саад бартаа ихтэй ширэнгэн ойд зөвхөн нэг өдрийн ус болон хоол хүнсний нөөцтэйгөөр явдаг. Хамгийн гол нь цэрэг тус ойгоос цагтаа замаа олон гарч ирэх ёстой юм. Зарим оролцогчид өөрсдийгөө илүү дөвийлгөж харагдуулахын тулд хоол болон усаа огт хэрэглэхгүй байх тохиолдол ч бий.

Ерөнхийдөө бол сургуулилтын хүнд хөнгөн нь тухайн сургуулилтыг удирдаж буй нэгнээс хамаардаг. Нэгэн Итали бэлтгэгч цэргүүдийн тэсвэрийг шалгахаар нутгийн иргэдээр зодуулсан бол өөр нэг нь цэргүүдийг согтоогоод буудлагын сорилтыг явуулжээ.

8. Оросын Спецназ

Оросын цэргийн хүчнийхэн олон нийтэд догшин, ширүүн гэдгээрээ алдартай. Энэ үзэл нь дэлхийн хоёрдугаар дайн болон 2002 оны ВВС-ийн мэдээллээс үндэстэй. Тухайн үед Спецназ багийнхан барьцаалагдсан хүмүүсийг аврахаас илүү террористуудыг устгахыг илүүд үзсэн гэж мэдээлжээ.

Тиймээс ч тэднийг хэрхэн бэлтгэдэг тухай талаар бид төсөөлж чадах биз. Спецназын бэлтгэл нь маш хүнд бөгөөд бүхэл бүтэн 5 жил үргэлжилдэг байна. Эхний таван сар бэлтгэгчдийн сэтгэл зүйг багийн хурдан зохион байгуулалттай тактикийг сургахад бэлтгэдэг.

7. Австралийн Онцгой Агаарын Алба (SARS)

2014 онд Стюарт Боннер өөрийн дурсамж номд Австралийн Онцгой Агаарын Албанд хэрхэн элсэж байснаа дурдсан байдаг. Хэрвээ цэрэг дайсны талд олзлогдсон бол нөгөө тал тухайн цэргээс цэргийн байршил, нөөц зэрэг чухал мэдээллүүдийг эрүү шүүлтэд оруулж хүчээр мэдэж авдаг. Ийм нөхцөл байдалд цэрэг эрсийг тэвчих чадварт суралцуулахын тулд үүнд зориулсан сургалт байдаг аж.

Уг сургалтад Стюарт болон түүний багийнхны нүдийг боон, нүцгэлж гурав хоногийн турш унтуулалгүй стрессийн байдалд байлгасан байна. Тэрээр үүний улмаас хүнд нөхцөл байдлыг туулан гарсны дараа үүсдэг стрессийн эмгэгтэй болжээ.

SARS сургалтынхаа ихэнх хэсгийг нууцалдаг боловч Харри Моффит маш олон залуус цэргийн үйл ажиллагааны үеэс илүү сургалтын явцад амиа алдаж байсныг ярьсан байдаг. 2014 онд гэхэд л сургалтаас болоод 48 цэрэг амиа алдан, 200 цэрэг бэртсэн байна. Гэтэл цэргийн энэхүү тусгай салаанд 100 давах нь уу үгүйтэй л гишүүн байдаг.

6. АНУ-ын Тэнгисийн цэргийн Онцгой Зорилтот хүчний баг (SEAL)

SEAL Team 6 хэмээх баг Осама Бин Ладенийг хөнөөсний дараа АНУ-ын SEALs урьд өмнөхөөсөө илүү алдартай болсон. Спецназтай харьцуулахад тэд харьцангуй бага хугацаанд буюу 30 сарын хугацаанд бэлтгэгддэг ч уг 30 сарын эхний гурван долоо хоног жинхэнэ там мэт л байдаг аж.

Зөвхөн дөрвөн цагийн нойртой цэргүүд 6 гаруй өдрийн турш хүйтэн шавар, эргийн дасгал, завьтай усан дасгал зэрэг биеийн хүчний хүнд дасгалуудыг хийдэг. Харин дасгалжуулагчид нь тэднийг кофе ууж, донут идэнгээ ажиглаж тохуурхдаг байна.

Эхний хэдэн сарыг ердөө л 25% нь давж гарч чаддаг ба тэсэж үлдэж чадсан цэргүүд дахин 2 жил бэлтгэгддэг. Бусад улсын элит цэргүүдийн ангиудаас өөр нь тэднийг бэлтгэл хийж байх хугацаанд эмнэлгийн ажилчид үргэлж бэлэн байдалд байж гэмтэж бэртсэн цэргүүдийг эмчилдэг байна. Иймээс ч сургуулилтын үеэр нас барах тохиолдол ховор. Гэхдээ 2015 онд хоёр цэрэг сургуулилтынхаа үеэр амиа алдсан байдаг.

5. Израилийн Шайетет 13

Израилийн хөрш орнуудтайгаа харилцах харилцаа түүнийг хамгийн асуудалтай улсуудын нэгд оруулдаг бөгөөд тиймээс ч тус улсын элит цэргийн баг болох Шайетет 13 маш өндөр стандартын дагуу бэлтгэгддэг.

20 гаруй сарын турш суралцагчид хүйтэн усанд шумбаж, шүхэртэй нислэг хийн, тэсрэх бодистой ажилладаг.

Сургалт дууссаны дараа цэргүүдийн хүч чадал, онцлогоос хамаарч агаар, ус, газарт явагдах даалгавруудад хуваадаг байна. Хамгийн аймшигтай нь цэргүүд багт албан ёсоор нэгдэхээсээ өмнө жинхэнэ цэргийн даалгаварт оролцдог. Ёстой л жинхэнэ ажлын хамгийн аймар анхны өдөр гэж үүнийг л хэлэх байх.

SEALs шиг Шайетет 13-д ч ноцтой гэмтэл эсвэл сэтгэцэд нөлөөлөх сөрөг үр дүн үүсгэхгүйн тулд эмнэлгийн болон сэтгэлзүйн ажилтнууд үргэлж бэлэн байдаг.

4. Өмнөд Солонгосын Тусгай Байлдааны Команд

БНСУ-ын Тусгай Байлдааны Командад элсэгчид Пёнчаны ойролцоох ууланд 10 хоногийн хүнд сургалтыг тэсвэрлэх ёстой болдог. Бэлтгэлийн үеэр агаарын температур -22 градус хүртэл хүйтэрч цас ихээр орох бөгөөд энэхүү нөхцөл байдалд цэргүүд цээж нүцгэн гүйх, суниах, барилдах зэрэг дасгалуудыг хийдэг. Зарим тохиолдолд нүцгэн цээжин дээрээ цас тавих үе ч байна.

Таеквондогийн хар бүс авах шаардлагыг энэхүү бэлтгэлтэй харьцуулбал юу ч биш юм шиг санагдаж байгаа биз?

3. Их Британий Онцгой Агаарын Албаны Анги (SAS)

SAS-д элсэхийн тулд суралцагчид 27 кг жинтэй цүнх, буу зэргийг барин зөвхөн нэг л сав устайгаар 64 км замыг 20 цагт туулах ёстой болдог. Үүнийг туулж чадсанууд нь үргэлжлүүлэн 30 минутад 6 км гүйдэг байна.

Энэхүү бэлтгэл нь маш аюултай бөгөөд 2013 онд 3 бэлтгэгчид нас барж, 2000-2015 оны хооронд нийтдээ 125 гаруй эрс SAS-д элсэх шалгалтынхаа үеэр амиа алдсан. Үүний улмаас Их Британий Онцгой Агаарын Албаны Ангид элсэх шалгалт нь дэлхийн хамгийн аюултай элсэлтийн процессуудын нэг болдог.

2. Пакистаний Онцгой Анги (SSG)

Хэрвээ та SAS-ийг харгис гэж бодсон бол SSG-тай танилц. 2 жил жирийн цэргийн армид зүтгэн, чадварын өндөр оноотой болсон цэргүүд 8 сар үргэлжлэх бэлтгэлд ордог. Бэлтгэлийн процесоос нэгийг нь л танилцуулахад 57 км газрыг 12 цагт гүйх, хүнд ачаатайгаар 8 км газрыг 40 минутын хугацаанд амжиж гатлах зэргүүд орно.

Дараа нь элсэгчид 7 өдөр нисдэг тэрэгнээс агаарын буулт хийх ёстой. Ийнхүү шүхрээр буух бэлтгэлийн 5 нь өдөр, 2 нь шөнөөр болж өрнөдөг. Мэдээж шөнийн бэлтгэл нь маш аюултай.

Эдгээрээс амьд үлдэгсэд дахин 6 сарын бэлтгэлийг хийж албан ёсоор SSG-д элсэн ордог байна. SSG-д нэгэнт л элсээд ороод ирсэн бол эрүүл мэндийн шалтгаанаар л биш бол гарна гэсэн ойлголт байхгүй.

1. Их Британий Гуркачууд

Их Британий Гуркачууд нь Непал иргэдээс бүрдсэн арми юм. Армид ихэвчлэн маш ядуу амьдралтай эрс нэгдэж ордог байна. Армид орохоос өмнө эрчүүд 800 метрийн газрыг хоёр минутад туулах эсвэл 12 удаа таталт хийх зэргүүдийг хийж гүйцэтгэх ёстой.

Үүний дараа тэд бүр л хүнд сорилтыг туулдаг ба үүнд 25 кг жинтэй цүнхтэйгээр 5 км гүйх, хадархаг газраар 400 м авирах гэх мэт. Гэхдээ тэд эдгээрийг ердөө л 48 минутад багтаан дуусгах шаардлагатай. Гэхдээ Непал улсын иргэдийн амьжиргааны түвшин сайжирвал ийм хүнд бэлтгэлийг давж гарч армид элсэх хүсэлтэй иргэдийн тоо ч цөөрөх магадлалтай.

Эх сурвалж: TopTenz

#цэргийн сургуулилтууд