"ОХИДЫН ХҮЧ НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТ" уулзалтын онцлох ИШЛЭЛҮҮД


Охидын хүч-Нийгмийн өөрчлөлт: Хүчирхэг охин гэж хэн бэ?

Өнгөрсөн Бямба гараг буюу 11-р сарын 25-ны өдөр "Охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг олон улсын өдөр" тохиосон билээ. Энэ өдрийг тохиолдуулан Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Гүнж төв “Охидын хүч-Нийгмийн өөрчлөлт” 1000 охидын уулзалтыг зохион байгуулсан юм.

Тус үйл ажиллагааны зочдын ярианаас уншигчиддаа зориулан онцлох ишлэлүүдийг тэмдэглэн авсанаа хүргэж байна.

Хүчирхэг гэсэн үгийг сонсоод ихэнх хүний толгойд эрэгтэй хүн, мөн манлайлагч гэсэн үгийг сонсоод бас л эрэгтэй хүн төсөөлөгддөг. Гэхдээ хүчирхэг, манлайлагч охин  ямар байх  талаар "Долоон гарагийн тэмдэглэл" номын зохиогч хатагтай Ү.Оюунзул:

Хүчирхэг байна гэдэг, тэр дундаа хүчирхэг эмэгтэй байна гэдэг хамгийн түрүүнд зөв сонголтын үр дүн юм.

1. Хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэлтэй
2. Зорилгынхоо төлөө шантралгүй тэмцдэг, тууштай
3. Аливаа зүйлийн эцсийг нь үздэг. Энэ бүхэн хүчирхэг охиныг илэрхийлнэ.

Нийгмийг өөрчлөнө гэдэг том зүйлээс эхлэх албагүй. Анги хамт олондоо зориулан хэрэгцээтэй сэдвээр бяцхан уулзалт, лекц зохион байгуулах нь хүртэл нийгэмд өөрчлөлт хийж байгаагийн нэг хэлбэр.

Гүнж төвийн үүсгэн байгуулагч Ч.Ундрах


Нэг жижиг зүйлийг хийж эхлэх дараагийн том зүйлийг эхлэх алхам болж өгдөг.

Гүнж төвийн үүсгэн байгуулагч Ч.Ундрах


Хэрэв чи завтай байвал чамд асуудал байна.

Зохиогч Ү.Оюунзул


Хүн яг ямар үед амжилттай байдаг вэ гэвэл хийж байгаа зүйлдээ дуртай байхдаа. Тиймээс дуртай зүйлээ олохын төлөө юуг ч хийж эхлэх хэрэгтэй. Харин дуртай зүйл хэзээ  ч хаягддаггүй, орхигддоггүй.

"Гоо" брэндийн үүсгэн байгуулагч М.Гонгорсүрэн


Би залуу үеийнхнийгээ, өсвөр насныхныг асуудлыг эрэлхийлдэг байгаасай гэж хүсдэг. Эвдэрхий замыг хараад угаасаа л ийм эвдэрхий байсан шүү дээ гэж хэлдэг биш яагаад эвдэрснийг нь, яаж засах боломжтой вэ, дахин эвдрэхгүй байх тал дээр яаж анхаарах вэ гээд сонирхох, асуудлыг олж хараад шийдэх арга замыг эрэлхийлэх хэрэгтэй.

Гүнж төвийн үүсгэн байгуулаг Ч.Ундрах


Хүсэл мөрөөдөл, хийе гэсэн сэтгэл байхад юуг ч хийнэ.

Ц.Бадамгарав


Анх уул уурхайн чиглэлээр суралцаж байхад зарим хүний хандлагаас болоод эмэгтэй хүн яагаад энэ мэргэжлээр суралцаж болохгүй гэж, яагаад заавал нийтлэг эмч юмуу багш болох ёстой гэж  гэсэн бодол төрсөн юм.  Гэхдээ би батлахыг хүссэн, эмэгтэй хүн аль ч салбарт ажиллах боломжтой гэж. 

Ц.Бадамгарав


Залуус маань аливаа зүйлийн эцсийг нь үздэггүй, шантрамтгай болсон юм болов уу. Тууштай байна гэдэг нь 2эсвэл 3 жил хийх биш байж болох хамгийн өндөр цэгт нь хүртэл явахыг хэлнэ шүү дээ.Хийж байгаа зүйлийнхээ эзэн нь байх хэрэгтэй.

"Гоо" брэндийн үүсгэн байгуулагч М. Гонгорсүрэн

#ОхидынХүчНийгмийнӨөрчлөлт #Event