

Япон улс Ойрх Дорнодод болж буй дайны улмаас болон олон талаараа хохирч буй энэхүү мөчтэй зэрэгцэн Японы ерөнхий сайд Санаэ Такаичи болон АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп нарын уулзалт тун удахгүй болох гэж байна. Такаичи энэхүү уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгчтэй илэн далангүй, шударгаар ярилцана гэдгээ амласан.
Гэсэн ч 03-р сарын 19-нд болох тэрхүү уулзалтад, Японы анхны эмэгтэй ерөнхий сайд маань хэр шударга байж чадах болон 79 настай Трамп хэрхэн үүнийг нь хүлээж авах нь таамаглашгүй.
Япон нь дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч улсуудын 4-т бичигддэг ба хамгийн ихээр газрын тос импортолдог улсуудын жагсаалтын 5-т ордог. Импортолдог нийт газрын тосныхоо 95%-ийг дайнаас болоод хаагдсан Хормузын хоолойгоор дамжуулж авдаг байсан юм.
Гэтэл дайнаас улбаатайгаар нэг баррель газрын тосны үнэ өссөөр 100 долларыг давсан нь Японд эдийн засгийн дарамтыг учруулаад байна. Газрын тосны үнэ өснө гэдэг нь Япон өмнөхөөсөө илүү их мөнгөөр газрын тос худалдаж авах ёстой гэсэн үг. Бүхий л газрын тосны худалдаа америк доллароор явагддаг тул үүнийг дагаад долларын эсрэг иен-ий ханш суларч байна.

Өнгөрсөн Лхагва гарагт Япон улс стратегийн газрын тосны нөөцөөсөө хэрэглэх болсон талаар зарласан анхны улс болсон юм. Үүний талаар тайлбарлахдаа Такаичи Японы эдийн засаг энэхүү газрын тосны үнийн өсөлтөөс болоод асар том цохилтыг амсаж байгаа гэв.
Харин Трампын хувьд тэрбээр Ираны “чөтгөрийн эзэнт гүрэн”-ийг буулгаж авах нь газрын тосны үнийн өсөлтөөс илүү чухал хэмээн хэлсэн билээ.

Газрын тос болон байгалийн хийн үнийн өсөлт Японы бизнесүүд болон энгийн иргэдийн амьдрах өртгийг нэмэгдүүлж байгаа бөгөөд энэхүү хямралт байдал нь Такаичигийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх боломжтой. Хэдхэн долоо хоногийн өмнө гэхэд л Такаичи сонгуульд ялсныхаа баярыг тэмдэглэн байсан бол өнөөдөр түүнийг дэмжих дэмжигчдийн тоо аль хэдийн буураад эхэлсэн талаар судалгаа гарчээ.
Өнгөрсөн жил будааны үнэ хоёр дахин өссөнтэй холбоотойгоор Moody’s Anatylics-ийн ахлах эдийн засагч Стефан Ангрик будааны үнийг дагаад өөр бусад хоол хүнсний үнэ ч бас нэмэгдэх магадлалтайг анхааруулсан. Тэрээр “Хүнс үйлдвэрлэхэд эрчим хүч шаардлагатай. Жишээ нь байгалийн хийгүйгээр бордоо үйлдвэрлэх боломжгүй” гэдгийг хэлсэн юм.
Японы эдийн засгийн өсөлт гацалтад байгаа бөгөөд үүний эсрэг Такаичи эдийн засгийг дэмжихийн тулд 134 тэрбум ам.долларыг зарцуулсан ч өнгөрсөн улирлын байдлаар өсөлт ердөө 0.3%-тай байсан. Ийнхүү засгийн газраас их хэмжээний мөнгө зарцуулах нь хөрөнгө оруулагчдын санааг зовоход хүргэж байна. Учир нь засгийн газар маш их хэмжээний өртэйгөөс гадна авч буй зээлийн хэмжээ ч нэмэгдэж байгаа билээ.

Дүрэм
Япон дэлхийн дэг журамд суурилсан олон улсын харилцааг үндэснийхээ ашиг сонирхол болгодог ч ерөнхий сайд Такаичи, Трампыг уурлуулахгүйн тулд дайны талаар шүүмжилсэн, эсэргүүцсэн мэдэгдлийг одоогоор хийгээгүй байгаа.
Тэрээр “Бидэнд болж буй үйл явдлыг өөрийгөө хамгаалах арга хэмжээ байсан уу үгүй юу гэдэг дээр хангалттай хэмжээний мэдээлэл байхгүй байна. Манай улс хууль ёсны арга хэмжээ авахгүй” хэмээн 03-р сарын 02-нд хэлсэн.
Нэгэнт л АНУ-ын 60,000 цэрэг хэдэн арван жилийн турш Японд байрлан тус улсын аюулгүй байдлыг хангадаг тул Токио Трампыг эсэргүүцэх эсвэл түүнийг уурлуулах нь араасаа асар том аюулыг дагуулах юм. Үүн дээр нэмээд Трамп тун удахгүй буюу 03-р сарын 31-ээс 04-р сарын 02-ыг хүртэл Хятадад айлчлал хийх гэж байгаа. Хэрвээ санаж байвал өнгөрсөн 11 сард, Тайваны асуудлаас болоод Япон, Хятад хоёрын харилцаа улам хурцадсан.

Гэтэл судлаачдын хэлж буйгаар Вашингтон зүүн азын асуудалд тийм ч их сонирхохгүй байгаа гэв. Долоо хоногийн өмнөх АНУ-ын тэнгисийн цэргийн институтээс гаргасан мэдэгдлээр, өмнө нь Японд байрлаж байсан хоёр дайны хөлөг онгоц одоо Арабын тэнгист шилжүүлэгдсэн байна.
Японы хувьд өмнө нь АНУ, Ирак болон Афганистаны дайны үеэр хэдэн арван жилийн турш зөвхөн гарч буй дайнд л хамаг анхаарал, нөөц, хөрөнгөө зарцуулж байсныг сайн мэднэ. Тиймээс АНУ-д хэт найдах нь ч бас эрсдэлтэй бөгөөд найдлага багатай хэрэг юм.
Нөгөө талаар, зарим судлаачид АНУ-ын ийнхүү ямар ч эргэлзээгүйгээр Иран руу цэргийн үйл ажиллагаа явуулж байгаа нь Хятадыг хүч ашигласан үйлдэл хийхээс сэргийлж байгаа хэрэг гэж дүгнэсэн. Учир нь АНУ-ын шийдмэг байдал нь хэрвээ Хятад цэргийн хүч ашиглавал АНУ ямар ч эргэлзэлгүй холбоотон улсдаа туслах болно гэсэн санааг өгч байгаа гэж үзжээ.
Хөрөнгө оруулалтууд
Хоёр талын уулзалтын үеэр Трампын гол анхаарал өнгөрсөн жил татварын хэмжээг 25-аас 15% буулгасныхаа хариуд Япон, АНУ-д 550 тэрбум ам.долларын зарцуулалт хийх амлалт дээр төвлөрөх хандлагатай.
Хэдийгээр АНУ-ын Дээд Шүүх Трампын гаалийн татварын хэмжээг замбараагүй өсгөхийг цуцалсан ч түүний Японоос авсан амлалт хүчин төгөлдөр хэвээр буй.
Шүүхийн шийдвэр гарахаас өмнө Япон аль хэдийн 36 тэрбум ам.долларын гурван дэд бүтцийн санхүүжилтийг зарласан бөгөөд ирэх долоо хоногт нэмж шинэ төслүүд зарлаж магадгүй хэмээн хоёр улсын засгийн газруудаас мэдэгдсэн байна.

АНУ-ын Герман Маршалл Сангийн Энэтхэг Номхон далайн хөтөлбөрийн ажилтан болох Саюри Ромей “Такаичи өнгөрсөн намар, Трамптай үүсгэж чадсан нөхөрсөг харилцаагаа ашиглан Ойрх Дорнодод өрнөж буй мөргөлдөөн зөвхөн тухайн бүсийн орнуудад ч биш дэлхий даяар сөрөг үр дагаврыг авчирч байгаа тухай учирлаж, энэ тал дээр арга хэмжээ авахыг Трампаас гуйх хэрэгтэй” хэмээн хэлсэн.
Мөн нэмээд “Үүнээс гадна тэр Трампт Хятадын заналхийлэл нь зөвхөн эдийн засгийг хамарсан асуудал биш харин Японы аюулгүй байдалтай ч холбогдож буйг ойлгуулах шаардлагатай” гэсэн байна.
Эх сурвалж: France 24
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!