Boyfriend on Demand: Жисүгийн жүжиглэх чадвар шүүмжлэлд өртлөө


С.Оюундарь | YOLO.MN
ӨЧИГДӨР

BLACKPINK хамтлагийн Жисүгийн гол дүрийг бүтээсэн Netflix-ийн шинэхэн цуврал болох “Boyfriend on Demand” нь дэлхий нийтийн анхаарлыг татахын зэрэгцээ кинотой холбоотой маргааныг үүсгээд байна. Зарим үзэгчид Жисүгийн жүжиглэлтийг асуудалтай гэж шүүмжилж байгаа ч цувралын амжилттай байгаа шалтгааныг инээдмийн романтик кинонд өмнө нь үзэгдэж байгаагүй шинэ дүр зурагтай болон “найз залуу” нарын дүрд тоглосон алдартай жүжигчидтэй холбон тайлбарлажээ.

Цувралын агуулгын тухайд товч дурдвал Ми-рэ хэмээх зурагт номын продюсер хийдэг эмэгтэйн тухай гардаг. Тэрбээр өөрийн стресс дүүрэн амьдралаас залхсан нэгэн бөгөөд тохиолдлоор виртуал үерхлийн тоглоомыг туршиж үзэх завшаан тохиодог.

2021 онд JTBC-ээс гаргасан драма болох “Snowdrop”-т гол дүрийг бүтээсний дараа Жисү өөр хэд хэдэн дэлгэцийн бүтээлүүдэд туслах дүр бүтээсэн ч Boyfriend on Demand нь түүний удаан хугацааны дараа гол дүрийг бүтээж буй кино гэдгээрээ онцлогтой. Жисүгийн дүр бүтээсэн кинонуудыг дурдах юм бол “Omniscient Reader: The Prophecy” болон“Newtopia”.

Гэхдээ шинэхэн уран бүтээл нь дахиад л Жисүг олны хэл амны бай болгож байна.

Жүжигчний карьераа эхлүүлснээс хойш тэрбээр аливаа үгийг сул дуудах, хоолойны өнгө нь тохирохгүй байх болон царайны хувирлууд нь муу байна гэх мэт шүүмжлэлүүдийг аваад байсан. Boyfriend on Demand-аар хүмүүс түүний жүжиглэлтийг хэр сайжирсан тухай таамаглалыг дэвшүүлцгээж байсан юм.

Киноны найруулагч болох Ким Жун Шик, Жисүгийн талаар ярихдаа түүнийг зураг авалтын туршид маш их хичээж, шаргуу ажилласан талаар нь тодотгосон байдаг. Тэр хэлэхдээ “Би Жисүг маш шаргуу ажилласан бас дүрдээ сайн уусаж орсон гэж бодож байна. Та бүхэн киноны гол дүрийг анги ахих тусам өсөж хөгжихийг харахын зэрэгцээ Жисүг ч бас жүжигчнийхээ хувьд сайжирч байгааг харах болно. Хүчин чармайлт авьяас чадварыг давж гарч ирсэн” гэжээ.

Харин Жисү үзэгчдийг түүнийг өөрт тохирсон дүрээ олсон гэж мэдрээсэй  хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн байна.

“Тоглож буй дүр маань надтай чацуу болохоор би өөрийгөө Ми-рэгийн дүрийг яг л биед төгс таарах хувцас шиг сайн гаргаж чадах болов уу гэж бодсон. Драмаг үзсэн хүмүүс намайг өөртөө таарсан дүрээ сонгожээ гэсэн сэтгэгдэлтэй үлдээсэй гэж хүсэж байна” гэжээ.

Зарим үзэгчид орчин үеийн романс кино төрөл түүнд зохиж байна гэсэн сэтгэгдлүүдийг үлдээж байгаа. Түүний өмнө дүр бүтээсэн кинонууд түүхэн, уран зөгнөлт хэв маягтай байсан шүү дээ.

Хэдий Жисүг сайшаасан сэтгэгдлүүд олон байгаа ч олны танилыг маань шүүмжлэл хэзээ ч орхихгүй бололтой.

Киноны сэтгэл хөдөлгөм, уянгалаг хэсгүүдэд Жисүгийн хоолой сөөнгө гарсан бас юу гэж хэлээд буй нь ойлгогдохгүй байна гэсэн бодолтой хүмүүс ч байна. Бүр тэд Ми-рэгийн хайртай залуугийнхаа төлөө санаа зовж буй нулимс асгаруулам хэсгийг онцолж аваад цувралын турш гарсан хамгийн сул жүжиглэлттэй хэсэг гэж тодорхойлсон.

Гэсэн ч Жисүгийн өмнөх кинонуудаараа авч байсан шүүмжлэлүүдтэй харьцуулбал шинэ драма дээрээ тэр магтаал, шүүмжлэл хоёрыг тэнцүүхэн хүртэж байна. Ихэнх үзэгчид Жисүгийн жүжиглэлтийг сайшааж байгаа нь түүний жүжигчний карьерт томоохон нөлөөг үзүүлэх төлөвтэй.

Мэдээж зөвхөн Жисүгээс хамаарахгүйгээр цувралыг олны анхааралд авчирч буй зүйл бол “найз залуу” нарын дүрийг бүтээсэн жүжигчид юм.

Boyfriend on Demand-д Со Ин-Гүкээс эхлээд маш олон алдартай жүжигчид дүр бүтээсэн. Үзэгчдэд хайртай жүжигчдээ их сургуулийн дээд ангийн ах, үндэсний тагнуулын газрын баян өв залгамжлагч, эмч, хуульч бүр нууцлаг алуурчны дүрээр харах сонирхолтой байсан нь гарцаагүй.

Кинонд жүжигчдийг сонгож авсан баг үнэхээр сайн ажилласнаас гадна киноны өнгө төрх нь ч цэвэрхэн, орчин үеийн мэт харагдах нь анхаарлыг татдаг.

Юутай ч цувралын үзэгчдийг татах гэж ашигласан олон аргууд амжилттай хэрэгжиж байгаа бололтой. Цацагдсан өдрөөсөө хойш ганц л хоногийн дараа гэхэд “Boyfriend on Demand” нь Netflix-ийн олон улсын кино жагсаалтын 7-т жагсаж эхэлсэн. Хоёр өдрийн дараа хоёр байр урагшлан 5-т бичигдэх болсон байна. Мөн Ази, Америк, Европ, Ойрх Дорнод, Африкийн нийт 69 орны топ 10-т багтаж чаджээ.

Эх сурвалж: The Korea Times

#Boyfriend on Demand #Жисү