Эмэгтэйчүүдийн бэлгийн эрх, эрх чөлөөний төлөөх алхалт боллоо


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Эмэгтэйчүүдийн бэлгийн эрх, эрх чөлөөний төлөөх алхалтыг гуравдугаар сарын 8-ны өдөр Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгууллаа.

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ таслан зогсоохын төлөөх уриалгатай алхалтад Иргэний нийгмийн байгууллагууд болон Их дээд сургуулийн оюутнууд, багш нар, ОУ-ын хөгжлийн байгууллагуудын төлөөлөл, иргэд хүрэлцэн ирсэн юм.

“ONE BILLION RISING” буюу “НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ” нь V-day хэмээх бүх эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор нэгдсэн олон улсын активистүүдийн хөдөлгөөн үүссэний 15 жилийн ойг тохиолдуулан 2012 оноос эхлэн жил бүр зохион байгуулдаг дэлхийн хэмжээний хөдөлгөөн юм. 

Монгол улсад “Хөөрхөн Зүрх” ТББ нь 2013 оноос эхлэн охид, эмэгтэйчүүдийн эсрэг жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоохын төлөө жил бүр тодорхой асуудлыг хөндөн “Нэг Тэрбумаараа Тэмцье Монгол” аяныг 14 жил тасралтгүй зохион байгуулжээ.

  • 2013 – Хүчирхийллийн гинжийг тасал
  • 2014 – Шударга ёсны төлөө
  • 2015 – Хувьсгалын төлөө хөдөлгөөн
  • 2016 – Хувьсгалын төлөөх тэмцэл
  • 2017 – Даван туулагчдын дуу хоолой
  • 2018 – Эмэгтэйчүүдийн алхалт
  • 2019 – Эмэгтэйчүүдийн эв нэгдлийн хана
  • 2020 – Бидний дуу хоолой
  • 2021 – Сургууль ба охидын үзлэгийг халах
  • 2022 – Өгөөмөр сексизм – Жендэрт суурилсан хүчирхийллийн үндэс
  • 2023 – Эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөөх тэмцэл
  • 2024 – Эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг бэхжүүлье
  • 2025 – Эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөөх тэмцэл
  • 2026 – Эмэгтэйчүүдийн бэлгийн эрх, эрх чөлөөний төлөөх тэмцэл

Монгол улсад хүчиндэх гэмт хэрэг нь нийгэм, соёлын хэвшмэл ойлголт, эрх мэдлийн тэгш бус харилцаа, бэлгийн боловсролын чанар, хүртээмж хангалтгүй зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөгөөр даамжирсаар буй нийгмийн ноцтой асуудал хэвээр байна.

Хүчингийн хэргийн улмаас хохирсон хүний тоо

  • 2022 онд 552, үүнээс 534 эмэгтэй,
  • 2023 онд 565 үүнээс 552 эмэгтэй,
  • 2024 онд 675 байсан ба үүнээс 643 эмэгтэй бүртгэгджээ.

Эдгээр бүртгэгдсэн хүчиндэх гэмт хэргүүдэд холбон шалгасан нийт хүмүүсийн 98-100 хувь нь эрэгтэйчүүд байна. 2024 онд 400 эрэгтэйчүүд хамруулсан судалгаагаар эрэгтэйчүүдийн 13% нь хамтрагч бус эмэгтэйг хүчиндэж байсан, үүнээс 7% нь бүлэглэж үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь бусад орны үзүүлэлтээс илүү байна.

Эрэгтэйчүүд өсвөр үе, залуу наснаасаа эхлэн хүчиндэх гэмт хэрэг үйлдэж байгаа нь эрэгтэй хүн бэлгийн харилцаанд давуу эрхтэй гэсэн нийгмийн хэвшмэл ойлголт болон эрх мэдлийн тэгш бус харилцаа, боловсролын тогтолцоон дахь бэлгийн боловсролын цогц агуулга дутмаг, олон нийтийн мэдээллийн сувгуудаар хүчирхийллийг өөхшүүлсэн мэдээлэл, контент түгээмэл цацагддагаас үүдэлтэй хандлага байгааг харуулж байна.

#Эмэгтэйчүүдийн бэлгийн эрх, эрх чөлөөний төлөөх алхалт