Дээрэлхэлт тулгарахад хүүхдүүд сургуулиа солих нь түгээмэл ч энэ нь асуудлыг шийдэхгүй


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Болсон явдал нэг. 12 настай охин шинэ сургуульд шилжиж иржээ. Гэтэл ангийн охид нь дээрэлхэж ганцаардуулан нэг хүүхэдтэй дотно харагдвал тэр хүүхдийг нь айлгаж ичээдэг. Энэ явдлаас болж охин хичээлдээ явах дургүй болж цовоо сэргэлэн, илэн далангүй байхаа больж, ганцаардсан нэгэн болжээ.  

Болсон явдал хоёр. Охины ангийн хөвгүүн "халтар шар", "баян айлын нохой" гэх мэт хэл амаар доромжилдог. Бүр ягаан цүнх рүү нь үзэгний бэх цацжээ.  

Болсон явдал гурав. 14 настай хүү сургуульдаа дээрэлхэлтэд өртсөнөөр дүнсгэр, өөртөө итгэлгүй болжээ. Үүнээс болж сурлага нь муудсаар бүх юманд идэвхгүй, хүсэлгүй, аргацаасан маягтай хүн болж өөрчлөгджээ.  

Болсон явдал дөрөв. 14 настай хүүг нөгөө ангийн хүүхэд нь зоддог, цохидог. Бүр гэрээс нь дуудаж гаргаж ирээд зоддог. Хүүгийн ээж аав нь гадаадад байдаг тул сэтгэл санааг нь зовоохгүй гэсэндээ хэнд ч хэлэлгүй нуудаг байж. 

Эдгээр бүгд бодит явдал юм. Бидний эргэн тойронд энэ мэт дээрэлхэлтийн жишээ олон байгааг дараах жишээнээс ч мэдэж болно. 

Монгол улсад дөрвөн сурагч тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг, 6-12-р ангийн сурагчдын 98.6 хувь нь сургуулийн орчинд ямар нэгэн төрлийн хүчирхийлэлд өртдөг ба үйлдэж буй гол хүн үе тэнгийнхэн нь байна. / БШУЯ/

Хүүхдийн эсрэг аливаа хүчирхийлэл нэмэгдэхэд түүнийг мэдээлэхгүй байх явдал гол нөлөө үзүүлж байна. Хүчирхийллийн асуудлыг мэдээлэхгүй байгаагийн шалтгааныг судалгаанд хамрагдсан эцэх эх, асран хамгаалагчдаас тодруулахад тэдний 38.9 хувь нь мэдээлэх ёстойгоо мэддэггүй гэсэн байна.

Түүнчлэн хүүхдүүдийн 35.7 хувь, эцэг эхийн 24.4 хувь нь хүчирхийлэгч өс санах вий гэдгээс айдаг хүүхдүүдийн 19.2 хувь, эцэг эхийн 16 хувь энэ бол байдаг л асуудал гэж үздэг байна.

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 38.7 хувь нь хэнд ч хэлэхгүй нуудаг буюу ямар нэгэн хариу үйлдэл үзүүлдэггүй гэж хариулсан нь ойролцоогоор 3 хүүхэд тутмын 1 нь хүчирхийлэлд өртсөн тохиолдол ямар нэгэн тусламж авч чадахгүй үлдэж байгааг илтгэж байна. /Монгол улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаарх 16 дахь илтгэл-16, 17 ху/

#дээрэлхэлт