Яагаад Муслим шашинтай эмэгтэйчүүд толгойн алчуур зүүдэг вэ?


С.Оюундарь | YOLO.MN
ӨЧИГДӨР

Хэрвээ та арван өөр муслим шашинтай эмэгтэйчүүдээс яагаад толгойн алчуур буюу хижаб өмсдөг болохыг асуувал тэд танд арван өөр хариулт өгөх магадлалтай. Учир нь хижаб нь итгэл үнэмшил, соёл уламжлал, үнэт зүйл, хувийн стил гэх мэт зүйлсийн заагт оршиж байдаг зүйл юм.

Энэхүү нийтлэлээрээ бид муслим эмэгтэйчүүдийн толгойн алчуур зүүдэг хамгийн нийтлэг шалтгаануудыг хүргэхээр бэлтгэлээ.

ХИЖАБ ГЭЖ ЮУ ГЭСЭН УТГАТАЙ ҮГ ВЭ?

Хижабын ерөнхий утга нь үс, хүзүү, болон цээж хэсгийг халхалдаг толгойн алчуурыг илэрхийлдэг. Харин Исламын шашинт хүмүүсийн хувьд энэ нь даруу төлөв байдал, биеэ зөв авч явах байдал зэрэг илүү гүнзгий утгыг бэлгэддэг.

Олон жилийн турш толгойн алчуур зүүж ирсэн Ислам шашинтнуудын хувьд зөвхөн нэг л төрлийнхийг зүүх нь утгагүй хэрэг тул хижаб нь дотроо тухайн эмэгтэйн биеийн аль хэсгийг халхалж байгаагаас шалтгаалаад өөр загвар, өөр нэртэй.

ХИЖАБЫГ ШАШНЫ ӨНЦГӨӨС ТАЙЛБАРЛАВАЛ

Хижаб нь ихэвчлэн шашин шүтлэгийг хүндэтгэж буйн бэлгэдэл болгож зүүгддэг. Бие халхалсан, том хувцас өмсөх нь Ислам сургаалын даруу төлөв байдлыг илтгэдэг гэж үздэг бөгөөд ийнхүү хижабыг өдөр тутамдаа зүүж буй эмэгтэйг өөрийгөө хүндэлдэг эмэгтэй гэж хардаг байна.

Зарим нь уг сургаалыг ойлгохдоо үс, толгойгоо халхлах ёстой юм байна гэж ойлгодог бол бусад нь заавал толгойгоо халхлахгүйгээр аль болох биеэ ил гаргалгүй даруу хувцаслахад төвлөрдөг.

Шашны шалтгаанаас болж хижаб зүүдэг эмэгтэйчүүдийн хувьд хижаб нь тэдний хувь тавилан, үнэт зүйлийг өдөр бүр сануулах сануулга болж хувирдаг ажээ.

ХУВИЙН ОРОН ЗАЙ БА ХЯНАЛТ

Хижаб зүүх дараагийн хамгийн нийтлэг шалтгаан бол хувийн орон зай. Толгойдоо алчуур зүүснээр хүн бусад хүмүүсийн анхаарлыг бага татаж, үс болон бие галбирийн тухай тааламжгүй зүйлсийг сонсохоос сэргийлэх давуу талтай.

Ихэнх эмэгтэйчүүдийн хэлж буйгаар хижаб зүүснээр бусдад гадаад төрхөөсөө илүү өөрийн ааш зан болон үйл хөдлөлөөрөө танигдах боломжтой байдаг гэнэ. Гэхдээ энэ нь толгойн алчуур зүүснээр тухайн хүн автоматаар хүндлэгдэнэ гэсэн үг огт биш гэдгийг анхаараарай.

“Бие халхлагч”-ийн өөр нэгэн давуу тал бол өнөөдөр юу өмсөх вэ? Энэ өмд дээр ямар цамц зохих бол гэсэн толгой өвтгөм асуудлуудтай нүүр тулгарах шаардлага гардаггүй. Ажилдаа завсрын өнгөтэйг, зуны улиралд сэрүүхэн материалтайг, баярын өдрүүдээр тод өнгөтэйг сонгоход л болох юм.

НИЙГЭМЛЭГ БОЛОН ГЭР БҮЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭ

Зарим гэр бүлүүдэд хижаб зүүн даруухан хувцаслах нь энгийн хэм хэмжээ болчихсон байх тохиолдол бий. Охидууд хэрхэн хижаб зүүх тухай ээж, эмээ, авга эгч, эгч гэх мэт эмэгтэй гэр бүлийн гишүүдээрээ заалгаж өөрийгөө бэлэн гэж бодсон үедээ өдөр тутамдаа зүүж эхэлдэг.

Магадгүй дээрх тохиолдол танд хэтэрхий хүчилсэн мэт санагдаж байгаа бол өөр тохиолдолд эмэгтэйчүүд гэр бүлийнхээ хэм хэмжээнд захирагдах биш харин өөрсдийн хүслээр толгойгоо халхалж явахыг сонгодог байна. Уг сонголтыг хийсэн эмэгтэйчүүдээс шалтгааныг нь тодруулахад “Би эргэн тойрныхоо хүмүүстэй ижил байхыг хүссэн”, “Хижаб зүүх нь надад илүү насанд хүрсэн гэсэн мэдрэмжийг төрүүлдэг” гэх мэтээр хариулжээ.

СОНГОЛТ ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ

Хижаб болон загварлаг байдал хоёр нь дайснууд биш.

Даруухан байдал нь загварын ертөнцийн бас нэгэн салбар бөгөөд уг загварын төрлийг ихээхэн ойлгож мэдэрдэг мэргэжилтнүүд гайхалтай гэмээр хувцаснуудыг урлах нь элбэг. Бие, толгойгоо халхалдаг эмэгтэйчүүдийн хувьд тэдний өмсөж буй хувцасны материал маш чухалд тооцогддог. Чанартайгаар хийгдсэн толгойн алчуур нь биед тухтай мэдрэмж өгч нүүр хэсгийг тодотгохоос гадна тухайн хүний хувцаслалттай уусаж өгдөг.

Тиймээс бид хижаб өмсдөг бүсгүйчүүдийг загварт анхаардаггүй хэмээн өнгөц дүгнэж болохгүй байх нь.

ХҮЧ ЧАДАЛ

Олонд ойлгогддогоос эрс ялгаатай нь хижаб өмсөгчид хижабыг өөрсдийнх нь хүч чадал болж өгдөг хэмээн тайлбарлах нь бий. Тэд өөрсдөө хижаб зүүхийг сонгосон болохоос биш хэн нэгэн хүчилж зүүлгээгүй шүү дээ.

Хижаб зүүснээр аливаа хүн гадна төрхөөрөө бусдад дүгнэгдэхгүй байхаас гадна өдөр бүр төгс үстэй байх нийгмийн хүлээлтийг хэрэгсэхгүй болгож оюун ухаант, манлайлагч хүнийг бүтээхэд тусалдаг.

ХИЖАБ ЗҮҮХ НАС, ЗӨВ ЦАГ ХУГАЦАА БОЛОН АМЬДРАЛЫН МӨЧЛӨГ

Эмэгтэйчүүд хэзээнээс эхэлж толгойн алчуур зүүж эхэлдэг вэ гэвэл яг тогтсон албан ёсны нас гэж байхгүй. Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд өсвөр насныхаа үед зүүж эхэлдэг бөгөөд энэ үеэр шашны үүрэг хариуцлагууд илүү нэмэгдэж ирдэгтэй холбож тайлбарладаг.

Гэсэн ч заавал өсвөр наснаасаа гэлгүй их сургуульд байхдаа, амьдралд нь ямар нэгэн чухал зүйл тохиолдсоны дараа эсвэл хижаб зүүх ойлголт нь гүнзгийрч уг хувцаслалтын соёлыг хүндэтгэдэг болсон үедээ зүүж эхлэх ч тохиолдлууд байна.

Эсвэл өдөр тутамдаа хижаб зүүхийг чухалд тооцдоггүй хүмүүсийн хувьд чухал үйл явдал, шашны ёслол зэргүүдээр л зүүх нь ч байна.

АМАН ЯРИА БОЛОН БУРУУ ОЙЛГОЛТУУД

Хижабын тухай тийм ч өргөн мэдлэгтэй биш хүмүүс соёл уламжлал болон шашны дүрэм журмыг ялгахгүй байх нь олон. Зарим хүмүүс хижаб өмссөн эмэгтэй болгоныг муслим шашинтай гэж үздэг ч яг цаад шалтгаан нь тухайн хүний төрж өссөн газрын үүх түүх, соёлтой холбоотой байж ч болно.

Дэлхий даяарх эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудлууд болох хүчирхийлэл, тэгш бус цалин, боловсролын ялгаатай байдал зэрэг нь зөвхөн исламын шашинтай хүмүүсийн тулгарч буй асуудал эсвэл учруулж буй хэрэг биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Эдгээр асуудлууд нь илүү өргөн цар хүрээтэй билээ.

Муслим эмэгтэйчүүд энэ тал дээр өөрсдийгөө өмөөрөхдөө толгой дээрх алчуур хүний авьяас чадвар, эрх, хүсэл тэмүүллийг алга болгохгүйтэй адил алчуур зүүхгүй байх нь мөн л уг хүний итгэл үнэмшлийг арилгахгүй хэмээн хэлдэг.

Эх сурвалж: Yallaworld

#Муслим