Хичээлийн тэмдэглэл хөтлөхдөө гаргаж болохгүй 10 алдаа


Т.Хулан | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Хичээлийн тэмдэглэл бол суралцах үйл явцын хамгийн чухал хэсэг юм. Зөв тэмдэглэл нь ойлголтыг бататгаж, шалгалтад бэлтгэхэд тусалдаг бол буруу тэмдэглэл эсрэгээрээ цаг үрж, сурах сонирхлыг бууруулдаг. Харамсалтай нь олон сурагч, оюутан тэмдэглэл хөтлөхдөө ижил төстэй алдаануудыг давтсаар байдаг. Иймээс энэ удаа тэмдэглэл хөтлөх үедээ гаргаж болохгүй алдаануудыг хүргэжж байна.

1.Багшийн хэлсэн бүхнийг үгчлэн бичих алдаа түгээмэл. Ингэх нь сонсох, ойлгох чадварыг сулруулж, тархи “бичигч горимд” шилждэг. Тэмдэглэл бол хуулбар биш, харин гол санааг шүүн тунгаах үйл явц юм.

2.Бүтэцгүй тэмдэглэл хөтлөх нь бидний гаргадаг том алдаануудын нэг. Гарчиг, дэд гарчиг, жагсаалтгүй бичвэрийг дараа нь уншихад төвөгтэй байдаг. Эмх цэгцгүй тэмдэглэл нь мэдээллийг эргэн санахад саад болдог.

3.Хэт жижиг эсвэл уншигдахгүй бичих алдаа бий. Хичээл дууссаны дараа өөрөө ч уншиж чадахгүй тэмдэглэл ямар ч хэрэггүй. Тод, ойлгомжтой бичих нь хамгийн энгийн хэрнээ чухал зарчим юм.

4.Товчлолыг замбараагүй ашиглах нь эрсдэлтэй. Өөрөө л ойлгох товчлол цаг хугацаа өнгөрөхөд утгаа алдаж, будлиан үүсгэдэг. Товчлол хэрэглэж байгаа бол тогтсон, ойлгомжтой байх хэрэгтэй.

5.Жишээ, тайлбар бичихгүй орхих нь ойлголтыг сулруулдаг. Онол дангаараа тогтох нь хэцүү тул багшийн хэлсэн жишээ, бодит тайлбарыг заавал тэмдэглэх нь зүйтэй.

6.Алдаагаа дахин хянаж засварлахгүй байх алдаа элбэг. Хичээлийн дараа богино хугацаанд эргэж харах нь мэдээллийг урт хугацаанд тогтоох хамгийн үр дүнтэй арга юм.

7.Өнгө, тэмдэглэгээ огт ашиглахгүй байх нь анхаарал төвлөрөлд нөлөөлдөг. Чухал ойлголтыг доогуур зурах, өнгөөр ялгах нь тархинд мэдээллийг хурдан тогтоодог.

8.Өөрийн үгээр буулгахгүй, багшийн хэллэгийг шууд бичих нь суралцах үйл явцыг сулруулна. Өөрийн үгээр тэмдэглэх нь ойлгосноо батлах хамгийн сайн арга юм.

9.Нэг л аргаар тэмдэглэл хөтлөх нь үр ашиг багатай. Зарим хичээлд хүснэгт, заримд нь зураг, схем илүү тохиромжтой байдаг. Уян хатан байдал чухал.

10.Тэмдэглэлээ эмхэлж цэгцлэхгүй хадгалах нь том алдаа. Сэдэв бүрээр ангилж, огноо тавьснаар хэрэгтэй үед хурдан ашиглах боломжтой болно.

#хичээлийн тэмдэглэл