

“Пандорагийн хайрцаг” гэх сонирхол татам үгийг та хэд хэдэн удаа сонсож байсан биз?
Тэгвэл Пандорагийн тухай түүх нь эртний Грекийн домог зүйгээс гаралтай бөгөөд ялангуяа, яруу найрагч Хесиодын бичсэн “Теогони” болон “Ажил ба өдрүүд” хэмээх туульсын бүтээлүүдэд дурдагдсан байдаг.
МЭӨ 7-р зуунд бичигдсэн эдгээр шүлгүүдэд хэрхэн бурхад Пандораг бүтээсэн болон хэрхэн Зевсийн бэлэг хүн төрөлхтний алтан үеийн төгсгөлийг авчирдаг тухай өгүүлдэг байна.
ПАНДОРАГИЙН ХАЙРЦГИЙН ТҮҮХ

Хесиодын өгүүлсэнээр Пандора бол Промемей гэх титан, бурхдын ертөнцөөс галыг хулгайлан хүн төрөлхтөнд өгсний төлөө тэдэнд өгсөн шийтгэл байв.
Пандора нь хүн төрөлхтний анхны эмэгтэй хүйстэн байсан буюу түүнийг бүтээхийг Зевс Хермест тушаасан бөгөөд Хермес Пандораг бурхад шиг үзэсгэлэнтэй төрхтэй, худал ярих чадвартай, мөн нохой мэт муу санаатай болгон урлажээ. Афина түүнийг мөнгөлөг даашинзаар хувцаслан нэхмэл яаж хийх тухай зааж, Хефест түүнд хуурай газар болон далайн амьтдаар чимэглэсэн титмийг бэлэглэсэн бол Афродита хүсэл шунал болон хайр энхрийллийг бий болгодог найрсаг байдлыг толгой дээр нь асгасан байна.
Пандора нь хүн төрөлхтний хамгийн анхны эмэгтэй, анхны сүйт бүсгүй мөн зовлонгийн эх үүсвэр болох учиртай байв. Тэр мөнх бус эрийг зөвхөн элбэг хангалуун байх үед нь хажууд нь байж өгөх ч, хүнд хэцүү цаг ирэхэд түүнийг орхин одох хувь тавиланг тээн төржээ. Пандора хэмээх нэр нь “бүх бэлгийг өгөгч” болон “бүх бэлгийг хүлээн авагч” гэсэн давхар утгыг агуулж байдаг.
ПАНДОРАГИЙН ХАЙРЦГИЙГ НЭЭСЭН НЬ

Бурхад Пандораг урлаж дууссаны дараа Зевс энэхүү туйлын үзэсгэлэнтэй боловч буруу зүрх сэтгэлтэй эмэгтэйг Прометейн дүү Эпиметейд бэлэг болгон илгээсэн бөгөөд Эпиметей ахынхаа Зевсээс хэзээ ч бэлэг авч болохгүй шүү гэсэн сануулгыг үл тоон Пандораг хүлээж авсан байна.
Эпимейн гэрт нэгэн ваар байсан ба түүхийн зарим хувилбарт уг ваарыг ч мөн Зевсийн бэлэг байсан гэж гардаг. Юутай ч энэхүү ваарыг Пандора эмэгтэй хүний шунахай, сониуч зангаараа нээчихсэн гэнэ.
Гэтэл ваараас хүн төрөлхтний бүхий л зовлон гарч ирсэн байна. Үүнд хэрүүл тэмцэл, өвчин зовлон, хүнд хөдөлмөр, мөн тоо томшгүй олон гай зовлон багтаж байв. Эдгээр нь хүн төрөлхтний үүрдийн зовлон болохоор дэлхий даяар тархан байршжээ. Гэвч Пандора ваарыг буцаан хаахдаа нэгэн сүнсийг дотор нь үлдээж чадсан нь Эллис хэмээх аймхай сүнс байлаа. Түүнийг өөрөөр найдвар ч гэж нэрлэдэг.
ХАЙРЦАГ УУ, АВДАР УУ, ЭСВЭЛ ВААР УУ?

Орчин үед бидэн дунд Пандорагийн ваар биш харин Пандорагийн хайрцаг гэх нэршил тархсан байдаг шүү дээ. Тэгвэл яаж яваад “ваар”, “хайрцаг” болж хувирав? Хесиодын бичсэнээр дэлхийн бүхий л муу муухай зүйлс “пифос” хэмээх ваарт хадгалагдаж байсан бөгөөд МЭ 16-р зуун хүртэл Грекийн зохиолчид энэхүү хэллэгийг ашиглаж байсан нь тэр үеийн олон бүтээл туурвилуудаас харагддаг.
Анх “пифос” гэх хэллэгийг халсан хүн бол Феррарагийн зохиолч Лилиус Гиралдус юм. Тэрбээр 1580 онд Пандорагийн нээсэн савыг “пиксис” буюу авдар хэмээн бичсэн байдаг. Улмаар авдар нь цаг хугацааны явцад улам товчлогдож “хайрцаг” болсон байна.
Харрисон энэхүү буруу хэллэг нь Пандорагийн домгийг “Бүх сүнсний өдөр”, Афины нэрлэдгээр Анфестериа хэмээх баяртай холбогдох холбоосыг устгасан хэмээн шүүмжилдэг. Анфестериа нь хоёр өдөр үргэлжилдэг дарсны баяр юм байна. Энэхүү баярын эхний өдрийг “Пифиогиа” гэж нэрлэдэг ба дарсны амыг онгойлгож үхэгсдийн сүнсийг чөлөөлдөг бол хоёр дахь өдөр иргэд гэрийнхээ хаалганд давирхай түрхэж, blackthorn гэх модыг зажилан суллагдсан сүнснүүдийг өөрсдөөсөө хол байлгахыг оролддог гэнэ. Баярын дараа ваарыг буцааж тагладаг ажээ.
Харрисоны үзлийг бататгадаг нэг баримт бол “Пандора” гэх нэр агуу бурхан Гайягийн тахилгын нэр байсанд оршино. Тиймээс Пандора бол зүгээр ч нэг сониуч эмэгтэй биш харин дэлхийг хүншүүлсэн хувилбар юм. Тэгэхээр “пифос” буюу ваар нь түүнийг дэлхийтэй холбодог бол үүнийг хайрцаг эсвэл авдар гэж орчуулснаар түүний ач холбогдлыг сулруулсан гэж үзэж болно.
Эх сурвалж: ThoughtCo
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!