Билли Айлиш: “Хөршүүд маань хулгайлагдаж, тайван жагсагчид зодуулж, алагдаж байгааг харж байна”


Т.Онон | YOLO.MN
2026-01-20

Дуучин Билли Айлиш АНУ-ын Цагаачлал, гаалийн албыг эрс шүүмжилсэн байр сууриа Байгаль орчны шударга ёсны шагнал гардан авах үеэрээ илэрхийллээ. 

Поп дуучин Билли Айлиш 2026 оны нэгдүгээр сарын 17-нд Атланта хотноо болсон MLK Jr. Beloved Community Environmental Justice Award шагналыг гардан авлаа. Энэхүү шагнал нь Др. Мартин Лютер Кинг Жуниорын үзэл санаанд тулгуурласан бөгөөд шударга, энэрэнгүй, хүний эрхийг дээдэлсэн нийгэм болох “Beloved Community”-г бүтээх үйлсэд хувь нэмэр оруулсан хүмүүс болон байгууллагуудад олгодог.

“Үнэндээ би өөрийгөө ийм шагнал хүртэхүйц хүн бодохгүй байна. Манай улс болон дэлхийн өнөөгийн нөхцөл байдлыг харахад байгаль орчны шударга ёс улам бүр хүршгүй мэт болж байгаа энэ үед ийм шагналаар шагнуулах нь үнэхээр хачин.

Бид хөршүүдээ хулгайлагдаж, тайван жагсагчид зодуулж, алагдаж байгааг, иргэний эрхийг минь хуулиар хумьж байгааг, уур амьсгалын хямралтай тэмцэх нөөцийг танаж, оронд нь чулуужсан түлш, мал аж ахуйг дэмжиж байгааг, хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ баян хүмүүсийн л давуу эрх болж хувирч байгааг харж байна.

Манай гариг болон олон нийтийг хамгаалах нь энэ засаг захиргааны тэргүүлэх зорилт биш гэдэг нь маш тодорхой. Өөрсдийн гэр, гудамжиндаа ч аюулгүй байж чадахаа больсон үед ийм зүйлийг тэмдэглэх үнэхээр хэцүү байна” хэмээжээ.

Нийгмийн шударга ёсны шагнал хүртсэн Justice for Migrant Women байгууллагын үүсгэн байгуулагч Моника А. Рамирес АНУ-ын Цагаачлал, гаалийн албаныхны үйл ажиллагаа Латин гаралтай иргэдийн дунд ямар айдас төрүүлж байгааг онцолж, Айлишийг ийм үед шагнаж байгааг маш зоригтой алхам хэмээн үнэлэв.

Билли Айлиш өнгөрсөн онд 11.5 сая долларыг уур амьсгалын шударга ёсны байгууллагуудад хандивлах тухайгаа зарлаж, тэрбумтнуудад “мөнгөө тарааж өг” хэмээн уриалсан билээ.

Эх сурвалж: Hollywood Reporter

#Billie Eilish