

“Жин хасах” гэсэн ойлголт нь олон нийтийн дунд өргөн яригддаг ярианы сэдэв болоод нэлээд хугацааг өнгөрөөжээ. Ихэнх хүмүүс илүүдэл жингээ хасах явдлыг залхуурал болон хувь хүний хариуцлагын асуудал гэж үздэг.
Гэхдээ 15 жилийн турш эрүүл мэнд болон шим тэжээлийн талаар судалгааг хийсэн Рачел Вүүдс үүнийг өөрөөр тайлбарласан байна. Тэрбээр жин хасах үйл явцыг тухайн хүний ген, амьдарч буй орчин, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсээс ихээхэн хамаардаг хэмээжээ.
Жишээ нь, эрүүл хоол хүнсний хэт үнэтэй байдал, дасгал хийх газар хомс байдал, чөлөөт цаг байхгүй байдал зэргүүд нь эрүүл жинтэй байх бололцоонд сөргөөр нөлөөлдөг байна. Ингээд Рачел Вүүдсийн жингээ хасахаар зэхэж буй хүмүүст зориулан гаргасан зөвлөгөөнүүдийг хүргэе.
1. БИДНИЙ БИЕ ФИЗИОЛОГИД БҮХ УЧИР БИЙ

1990-ээд оноос хойш таргалалт нь дэлхий нийтийн асуудал байсаар өнөөг хүрчээ. Маш олон улс орнууд таргалалтыг үндэснийхээ эрүүл мэндийн нэн тэргүүнд анхаарах ёстой асуудал гэж авч үздэг ч 2025 оны байдлаар таргалалттай иргэдийн тоо буурахгүй байсаар л байна. Энэ нь бидний авч буй арга хэмжээнүүд үр дүнгүй байгаа гэдгийг тодоор харуулж буй билээ. Хэдий жин хасах арга хэрэгслүүдийн ачаар олон хүмүүс хүссэн жиндээ хүрдэг ч буцаж хаясан жингээ нэмэх тохиолдлууд маш өргөнөөр гарч байна. Энэ нь бидний өөрсдийн буруу биш харин бие физиологийн маань онцлогтой холбоотой.
Бид жин хасахдаа өдөрт иддэг хоол хүнснийхээ хэмжээг багасгадаг. Үүнээс болж бидний хоол боловсруулах систем удаашрахад хүрч өлсөх мэдрэмж давамгайлж эхэлдэг байна. Уг процессыг бодисын солилцооны дасан зохицол гэж нэрлэдэг.
Ийнхүү бодисын солилцооны дасан зохицлын нөлөөнд арай хийн илүүдэл жингээ хасаж чадсан хүмүүс илчлэг өндөр, тослог ихтэй хоол хүнсийг биеэ хянах чадваргүйгээр идсэнээс буцан таргалж эхэлдэг гэнэ.
2. ЖИН ХАСАХ НЬ СЭТГЭЛИЙН ХАТЫН АСУУДАЛ БИШ

Зарим хүмүүс хэвийн жингээ тун амархнаар хадгалж чаддаг бол зарим нь маш олон асуудлуудтай тулгардаг. Гэхдээ үүнийг сэтгэлийн хаттай холбож тайлбарлах нь тун өрөөсгөл ойлголт юм. “Чи турахыг чин сэтгэлээсээ хүсэхгүй байгаа болохоор турж чадахгүй байгаа” гэсэн үзэл олны дунд ихээхэн тархсан байдаг шүү дээ. Энэ үг ямар утгагүй бөгөөд шударга бус гэдгийг одоо тайлбарлаж өгье.
Хүмүүс бүгд өөр хурууны хээтэй байдгийн адил хүн бүрийн жин эцэг эхээс нь заяагдсан генээс шалтгаалж харилцан адил байдаггүй. Маш их хэмжээгээр идээд ч таргалдаггүй хүмүүс байхад үргэлж өндөр илчлэгтэй хоолоор өлсөж байдаг хүмүүс ч байна.Мөн турах процесс нь хүний тэсвэр тэвчээрээс гадна цаг хугацаа, мөнгө, дэмжлэг зэргүүдийг үргэлж шаардаж байдаг. Жишээ нь жин хасах тал дээр зөвлөгөө өгдөг ихэнх эмч нойрыг чухалчилдаг шүү дээ. Гэтэл өдөрт дунджаар найман цаг ажилладаг насанд хүрэгчдэд нойр бүтэн явна гэдэг бараг л боломжгүй даалгавар мэт санагдаж болно.
3. БҮХ АНХААРЛЫГ ИЛЧЛЭГТ ТӨВЛӨРҮҮЛЖ БОЛОХГҮЙ

Хоол идэх бүртээ агуулж буй илчлэгт нь анхаарал хандуулах нь амжилттай жин хасах үйл явцыг удаашруулж байдаг. Онолын үүднээс калорийн хэмжээнд болгоомжтой хандсанаар жин түргэн хугацаанд хасах боломжтой гэдэг ч бодит байдал дээр үүнийг үнэн гэж хэлэхэд нэлээд хүндрэлтэй юм.
Хоол хүнс, амттануудын савлагаанд наалттай байдаг тэдгээр калорийн хэмжээнүүд нь зүгээр л ойролцоогоор бодож гаргасан тоо гэдгийг үргэлж санаж яваарай. Бүр хоолноос авах тэжээлийн хэмжээ тухайн хоол хэр удаан, ямар дарааллын дагуу яаж бэлтгэгдсэн гэдгээс хамааран эцсийн бүтээгдэхүүний илчлэг ондоо байдаг.
Илчлэг л бол илчлэг гэж марган ижил хэмжээний илчлэгтэй бол бидний биед яг ижил үр нөлөө үзүүлнэ хэмээн итгэдэг хүмүүс бий. Хэрвээ та тэдгээр хүмүүсийн нэг бол танд муу мэдээ дуулгах нь дээ. Нэг ширхэг жигнэмэг болон чанасан өндөг хоёр илчлэгийн агууламжаараа тэнцүүхэн байлаа гэж бодъё. Гэхдээ уг хоёр хүнсний хүний биед үзүүлэх нөлөө тэс өөр. Чанасан өндөг хүнд удаан хугацаагаар цатгалан мэдрэмжийг төрүүлж өгдөг бол жигнэмэг нь бидний цусан дахь сахрын хэмжээг ихэсгэж бүр ихээр өлсгөх магадлалтай.
Тиймээс ямар хүнснээс өдрийн энерги, илчлэгээ авах вэ гэдэг тун чухал асуудал болж ирдэг. Яг ижил илчлэгийн агууламжтай юм чинь гээд эрүүл бус хүнсийг бага хэмжээгээр хэрэглэнэ гэж болохгүй. Харин хоолны цэсээ бүхэл үрийн бүтээгдэхүүн, шинэ ногоо, жимс жимсгэнээр арвижуулж түргэн хоол, согтууруулах ундааны хэрэглээгээ багасгах нь эрүүл амьдралын үндэс болох юм шүү.
4. ДАСГАЛ ХИЙХ НЬ ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ Ч ЖИН ХАСАХАД ГОЛ ТУСЛАГЧ БОЛДОГГҮЙ

Ихэнх хүмүүс дасгал сайн хийж л байвал жин тэр хэмжээгээр хурдан хасагдана гэж итгэдэг ч энэ нь худал болох нь шинжлэх ухаанаар батлагджээ.
Хүний бие энергийг маш сайн хадгалж чаддаг онцгой чадвартай. Хүнд хэцүү дасгалын дараа бид өөрийн мэдэлгүй хийх хөдөлгөөнөө багасгадаг бөгөөд илүү их өлсөж илүү их иддэг нь шатаасан калорийн хэмжээг эргээд олох нөхцөлийг бүрдүүлдэг. Дасгал хийх хугацаа нэмэгдэх тусам бидний бие зарим нэг биеийн үйл ажиллагааны процессыг удаашруулдаг нь жин хасах явцыг улам л төвөгтэй болгодог гэнэ.
Тийм болохоор бид заримдаа жингээ үзчихээд яагаад хасагдахгүй байгаа талаар нь бодож гайхдаг шүү дээ. Үүний учир энд л байж. Хэдий тийм ч дасгал хөдөлгөөн нь зүрх судасны үйл ажиллагаа, сэтгэцийн эрүүл мэнд зэрэгт эерэг нөлөөг авчирдгаас гадна бодисын солилцоог сайжруулж, үе мөчний өвчнөөс сэргийлдэг түмэн төрлийн ач тустай.
Эх сурвалж: The conversation
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!