Кпопын эргэн тойронд: T.O.P-ийн пост шуугиан тарив


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-02-01

YOLO.mn сайтын хамт олны зүгээс кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

T.O.P-ИЙН ПОСТ ШУУГИАН ТАРИВ

Нэгдүгээр сарын 28-ны өдөр BIGBANG хамтлагийн гишүүн T.O.P өөрийн Инстаграм хаягтаа Taegeukdang бэйкеригээс 29,600 вонын үнэ бүхий зүйлс захиалсан тухайгаа нийтэлжээ. Тэрээр захиалгын утга дээр: “Захиралд нь. Би 35 настай. Миний ээж аав хоёр анх Taegeukdang бэйкерид танилцаж, дараа нь би төрсөн” гэж бичжээ. Харин түүний энэхүү пост нь удалгүй Өмнөд Солонгосын томоохон мэдээний сайтуудад нийтлэгдсэн бөгөөд тэр өдөртөө Naver сайтын энтертайнмент булангийн хамгийн өндөр хандалттай мэдээгээр тодорчээ. Түүнчлэн уг мэдээг хоёр хоногийн дотор 1,3 сая хүн уншсанаар Naver сайтын хамгийн өндөр хандалттай нийтлэлүүдийн нэг болсон аж.

Мөн олны анхаарлыг татсан нэг зүйл нь T.O.P Hyundai группийн Хар картаар тооцоогоо хийжээ. Энэхүү картыг солонгосчуудын ердөө 0.05 хувь нь эзэмшдэг бөгөөд Hyundai группийн тусгай урилгаар олгодог билээ. Мөн тус картыг эзэмшигч нь хамгийн багадаа 10 тэрбум вонын хөрөнгөтэй, сард хамгийн багадаа 10 сая вон зарцуулдаг байх ёстой гэнэ шүү.

T.O.P-ийн талаарх нийтлэл нь олны анхаарлыг ихэд татсан бөгөөд зарим хүмүүс түүнийг картаа гайхуулж байна хэмээн шүүмжилсэн бол зарим нь түүнийг “хөгжилтэй”, “дахин давтагдашгүй ертөнцтэй”, “сонирхолтой хүн” гэх мэтээр бичжээ.

AKMU ГЭРЭЭГЭЭ СУНГАЛАА

YG энтертайнменттай хийсэн AKMU хамтлагийн гэрээний хугацаа энэ оны нэгдүгээр сард дууссан бөгөөд тус хамтлагийн ах дүүс гэрээгээ сунгахаар шийдсэн байна. Тэд гэрээгээ 2026 он хүртэл буюу 5 жилээр сунгажээ.

Хамтлагийн гишүүн Chanhyuk:

- “Үнэнийг хэлэхэд уран бүтээлчдээ тэргүүнд тавьдаг YG шиг компанийг олоход амаргүй. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд бид нэг ч удаа маргалдаж, санал зөрж байсан тохиолдол байхгүй. YG бол биднийг бага байхаас л чиглүүлж, дэмжсэн компани” гэжээ. Харин Suhyun:

- “Урлагийн ертөнцийг орхих болбол YG энтертайнментаас гарна гэж нэг ч удаа бодож байгаагүй” хэмээжээ.

WENDY САНХҮҮГЭЭ ХЭРХЭН ЗОХИЦУУЛДАГ ТАЛААРАА ЯРЬЖЭЭ

“Mysterious Record Shop” нэвтрүүлгийн нэгдүгээр сарын 29-ний өдрийн дугаарт Red Velvet хамтлагийн гишүүн Wendy оролцсон байна. Нэвтрүүлгийн үеэр хөтлөгч Wendy-гээс санхүүгийн талаар сонирхдог эсэхийг нь асуужээ.

Харин Wendy:

- “Би энэ талаар тийм ч их сонирхоод байдаггүй. Гэхдээ цаашдаа судлахыг хүсэж байна” гэжээ. Мөн үргэлжлүүлэн мөнгөө хэрхэн зохицуулдаг тухайгаа ярьсан байна. Тэрээр, “Би эцэг эхдээ бүх зүйлээ даатгадаг. Тэдэнд итгэдэг. Одоо бол өөрөө илүү их зүйл сурахыг хүсэж байна. Гэхдээ энэ нь аюултай ч байж магадгүй юм гэжээ.

Red Velvet хамтлагийн гишүүн Wendy 26 настай бөгөөд 4 сая ам.долларын хөрөнгөтэй гэнэ шүү.

БҮХ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ ХАМТЛАГ BTS

Esquire сэтгүүлээс “Бүх цаг үеийн шилдэг поп хамтлаг”-ийг нэрлэсэн байна.

Ийнхүү BTS хамтлаг The Beatles, Destiny's Child, Fleetwood Mac, Queen, The Beach Boys, ABBA зэрэг хамтлагуудтай мөр зэрэгцэн уг жагсаалтад багтсан анхны кпоп хамтлаг болжээ. Тус сэтгүүлээс BTS хамтлагийн талаар:

- “Кпоп хөгжим олон жил оршин тогтнож байгаа ч BTS хамтлаг дэлхийн түвшинд хэмжээлшгүй их амжилт гаргасан...” хэмээн бичжээ.

BLACKPINK ХАМТЛАГ АНХНЫ ОНЛАЙН ТОГЛОЛТОО ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Нэгдүгээр сарын 31-нд BLACKPINK хамтлаг “THE SHOW” хэмээх анхны онлайн тоглолтоо зохион байгуулжээ. Тэдний тоглолт YouTube сувгаар нь шууд дамжуулагдсан ба “Kill This Love” дуугаар тоглолтоо эхлүүлсэн байна.

Мөн алдарт дуучин Lady Gaga-тай хамтарсан “Sour Candy” дуугаа дуулсан бөгөөд хамтлагийн гишүүд дэлхийн өнцөг булан бүрээс үзэж буй шүтэн бишрэгчдэдээ тусгайлан талархал илэрхийлсэн юм.

Хамтлагийн гишүүн Jisoo:

- “Бараг нэг жилийн дараа тайзан дээр зогсож байгаа болохоор маш их сандарч бас догдолж байна” гэсэн бол Rose, “Хэдийгээр олон асуудал тулгарч байсан ч бидний төлөө хичээнгүйлэн ажилласан арын албаныхандаа баярлалаа. Гишүүд маань ч маш их шаргуу ажилласан” гэжээ. Харин Jennie, “Энэ өдрийг хүлээсэнд маш их баярлалаа. Хайртай шүү” гэсэн байна.

SHINEE ХАМТЛАГ ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ГАРГАХ ТОВОО ЗАРЛАЛАА

SHINee хамтлаг YouTube суваг болон V Live хаягаараа шууд дамжуулалт хийж тун удахгүй шинэ уран бүтээл гаргана хэмээн мэдэгдлээ. Шууд дамжуулалтын гарчиг нь “The Ringtone: SHINee is Back” гэсэн нэртэй байсан бөгөөд хоёрдугаар сарын 22-нд студийн долоо дахь цомгоо гаргана гэжээ.

SHINee хамтлагийн хувьд 2018 онд гурван хэсгээс бүрдсэн “The Story of Light” нэртэй цомог гаргасан бөгөөд түүнээс хойш тус хамтлагийн гишүүд болох Onew, Key, Minho нар цэргийн албаа хаажээ.

Эх сурвалж: Yonhap News, Allkpop

#Кпопын эргэн тойронд