

YOLO.mn сайт нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна. Захидлын хариуг ЗӨВЛӨГӨӨ цэсний СЭТГЭЛЗҮЙ булангаас авдаг шүү.
ЗАХИДАЛ:
Сайн байна уу. Эрхэм хүндэт YOLO.mn. Танд захидал очих өдрийн мэнд хүргэе. Намайг С гэдэг. Би 11 настай, 5 дугаар анги.
Аав маань бүх л өдөржин ажил хий гэж загнадаг. Утсаа ч оролдож болохгүй. Амрах гэж бодох ч хэрэггүй. Би яах вэ?
МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВЛӨГӨӨ
Сайн байна уу? Юуны өмнө бидэнд хандаж захидал бичсэнд баярлалаа.
Аав нь ихэнхдээ ямар үед загнадаг вэ? Чамайг юу хийж байхад “ажил хий” гэж хэлэх нь их байдаг вэ? Хэрвээ хүсвэл энэ талаар дэлгэрэнгүй захидал бидэнд илгээгээрэй. Тэгвэл бид илүү тохирох зөвлөмжийг өгөх болно.
Харин одоо өөрийнхөө зүгээс юу хийх боломжтой зүйлийн талаар ярилцацгаая.
Чамд өдөрт хийх зүйлийн талаар хуваарь байдаг уу? Жишээ нь:
14:30 – 15:30 цагт Хичээлээ давтах, гэрийн даалгавар хийх
15:30 – 16:00 цагт Гэрийн ажилд туслах (өөрөө цэвэрлэх, аяга тавгаа угаах гэх мэт)
16:00 – 17:00 цагт Чөлөөт цаг: утсаар тоглох, ном унших, дуртай зүйлээ хийх
17:00 – 18:00 цагт Оройн хоол идэх, гэр бүлдээ туслах гэх мэт.
Бид өдөрт хийдэг зүйлсийн хуваарь гаргаж яг тэрийгээ биелүүлж чадвал гэрийнхэнтэйгээ ойлголцоход амар байдаг. Дээр дурдсан жишээг харвал эхлээд хичээлээ хийчихвэл сэтгэлд амар. Дараа нь гэрийнхэндээ тусалбал тэд мэдээж баярлана. Харин дараа нь чухал хийх зүйлээ дууссан учраас тоглож болно.
Дээр дурдсан жишээтэй ижил өөрт тохирсон цагийн хуваарь гаргаарай. Мөн өөрийн гаргасан хуваариа гэрийнхэн болон аавдаа танилцуулж, хуваариа дагаж мөрдөнө гэдгээ илэрхийлээрэй.
Амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач Б. Буянжаргал
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно.
Захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!