Оюутан болохоосоо өмнө заавал "Unlock" хийх ёстой таван чадвар


YOLO.mn | YOLO.MN
УРЖИГДАР

Өвлийн амралт шувтарч, хаврын семестрээ эхлэхэд бэлэн үү? Ахлах ангийн сурагчдын хувьд энэ хавар бол ирээдүйн оюутны амьдралдаа бэлдэх, өөрийгөө "цэнэглэх" хамгийн чухал үе юм. Оюутан болоход ердөө хэдхэн сар үлдсэн энэ мөчид хичээлээс гадна өөртөө суулгах ёстой 5 чухал чадварыг одооноос "Unlock" хийж, бэлтгэлээ базаагаарай.

        1. ХУВИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ: ӨӨРИЙНХӨӨ ЦАГИЙГ ӨӨРӨӨ УДИРД

Их сургуульд таныг хичээлээ хий, дүнгээ гаргуул гэж хөөцөлдөх багш бараг байхгүй. Тиймээс өөрөө л эхнээсээ  хариуцлагатайгаар цагаа удирдаж, зохион байгуулалттай суралцахгүй бол бие даалт, шалгалтын академик дарамтад орох аюултай.

  • Төлөвлөгөөг зуршил болгох: Зөвхөн толгойдоо бодох биш, заавал тэмдэглэж сур. Долоо хоногийн бүх ажлаа Ням гарагт нь төлөвлөж хэвшээрэй. Нэг л мэдэхэд бие даалт өгөх эцсийн хугацаа тулчихсан сандарч суухгүйн тулд долоо хоногоо бүхэлд нь урьдчилж харж сурах нь хамгийн чухал.
  • Чухлыг нь түрүүлж хийх: Ажлаа "яаралтай" болон "чухал" гэж ангилаад, хамгийн их цаг, хүч шаардахыг нь хамгийн түрүүнд дуусгаж бай.
  • Ажлаа хойшлуулах зуршлаа хаях: Хэрэв ямар нэг ажил хийхээс залхуу хүрвэл "ердөө 5-хан минут хийе" гэж өөрийгөө хуур. Эхлүүлчихсэн байхад үргэлжлүүлэх хамаагүй амархан байдаг.

        2. СУРАХ АРГА БАРИЛ: ХООСОН ЦЭЭЖЛЭХ БИШ, ОЙЛГОХ

Ахлах сургуульд багшийн хэлснийг цээжлээд дүн авч болдог бол их сургуульд мэдээллийн асар их урсгалыг "шүүж" сурах хэрэгтэй болно.

  • Тэмдэглэл хөтлөх соёл: Лекцийн үеэр багшийн ярьсан бүхнийг бичих гэж бүү яар. Харин багшийн онцолж буй гол санаа, түлхүүр үгсийг тэмдэглээд, түүнийгээ дараа нь өөрийн үгээр тайлбарлаж бичиж сураарай.
  • Эргэн санах арга: Уншсан зүйлээ зүгээр л дахин унших нь үр дүнгүй. Харин номоо хааж байгаад "Би сая юу уншив?" гэж өөрөөсөө асуух нь тархинд мэдээллийг илүү бат бөх суулгадаг.
  • Асуулт асууж сурах: Ойлгохгүй зүйл гарвал тэр дор нь тодруулж сурах нь цаг хэмнэх хамгийн шилдэг арга юм. Асуулт асуухаас огтхон ч айх хэрэггүй. Багш нар харин ч идэвхтэй байж, сурч мэдэхийн төлөө тэмүүлж буй оюутанд дуртай байдаг бөгөөд таны асуулт хичээлийг илүү сонирхолтой болгодог гэдгийг санаарай.

3. САНХҮҮГИЙН САХИЛГА БАТ: САНХҮҮГЭЭ ӨӨРӨӨ УДИРДАХ НЬ

Оюутан байхдаа санхүүгээ удирдаж сурах нь зөвхөн одоогийн хэрэглээгээ зохицуулах төдий зүйл биш бөгөөд энэ нь таны ирээдүйн амьдралд хамгийн их хэрэг болох, амжилтад хүрэх үндсэн ур чадваруудын нэг гэдгийг санаарай.

  • Зардлаа бүртгэх: Өдөр тутам авч буй ундаа, бохиноос эхлээд бүх зардлаа тэмдэглэж үзээрэй. Ингэснээр та юунд хамгийн их мөнгө дэмий үрээд байгаагаа олж харна.
  • Төсвийн хуваарилалт: Орлогоо "Хэрэгцээ" (хоол, унаа), "Хүсэл" (үзвэр, кофе, шопинг), "Хадгаламж" (гэнэтийн зардал) гэж гурав хувааж сур.

4. БИЕ ДААН АМЬДРАХ ЧАДВАР: "АМЬД ҮЛДЭХ" ГАРЫН АВЛАГА 

  • Эрүүл хооллолт: Бэлэн болон түргэн хоол идэх нь таныг амархан ядрааж, дархлааг унагадаг. Наад зах нь будаа агшаах, энгийн шөл, хуурга хийж идэх нь эрүүл мэнд болон санхүүд чинь асар их хэмнэлттэй.
  • Унтах цагийн хуваарь: Шөнөжин суух биш, өдрийн цагаар ажлаа амжуулж, шөнө нь бүтэн нойр авч сурах нь тархины үйл ажиллагаанд хамгийн сайн дэмжлэг болно.

5. ХАРИЛЦААНЫ СОЁЛ: ЗӨВ ХҮРЭЭЛЭЛ ҮҮСГЭХ

Их сургууль бол зөвхөн диплом авах газар биш, харин таны ирээдүйн амьдралын хамгийн чухал хүрээлэл бүрэлдэх талбар юм. Таны оюутан цагийн найзууд, харилцаж буй багш нар таны ирээдүйн бизнесийн хамтрагч, мэргэжлийн зөвлөх эсвэл амьдралын хамтрагчид байх болно. "Таны хүрээлэл таны үнэ цэнийг тодорхойлно" гэдэг үг их сургуульд хамгийн их хамаатай.

  • Мэргэжлийн имэйл бичих: Багш, удирдлагууд руу имэйл бичихдээ тодорхой гарчиг өгөх, албан ёсоор мэндлэх, өөрийгөө танилцуулах соёлд одооноос суралцаарай. Энэ нь таныг хэр хариуцлагатай хүн бэ гэдгийг илтгэх эхний сэтгэгдэл юм.
  • Клубт нэгдэх ба нийгэмших: Өөрийн сонирхлын дагуу оюутны клуб, сайн дурын ажилд оролцох нь өөрийгөө нээхээс гадна ижил зорилготой, идэвхтэй залуустай танилцах хамгийн том боломж юм.
  • Тусламж хүсэх: Бүх зүйлийг ганцаараа хийх гэж зүтгэх хэрэггүй. Хэрэгтэй үедээ бусдаас тусламж хүсэж, зөвлөгөө авч сурах нь таныг бусадтай хамтран ажиллах чадвартай болохыг харуулна.

Эдгээр таван дадалд суралцах нь зөвхөн их сургуулийн дөрвөн жилд бус, насан туршийн амьдралд тань нөлөөлөх үнэ цэнтэй хөрөнгө оруулалт бөгөөд та өөрийгөө хамгаалах зэвсэгтэй байна гэсэн үг юм. Ийм бэлтгэлтэй оюутны хувьд их сургууль гэдэг давахад бэрх даваа биш, харин өөрийгөө хөгжүүлж, шинэ боломжуудыг нээх сонирхолтой адал явдал байх болно.

Яг одооноос эхний чадвараа "Unlock" хийж, оюутны амьдралдаа итгэл төгс алхан ороорой!

Э.Баярцэцэг

#оюутан #зөвлөгөө