Австрали дахь хүүхдүүдийн нийгмийн сүлжээний бүрэн хориг: Хамгаалалт уу, Хязгаарлалт уу?


Д.Дөлгөөн | YOLO.MN
УРЖИГДАР

2025 оны арванхоёрдугаар сарын 10-наас эхлэн Австрали улс 16-аас доош насныхныг Facebook, Instagram, Kick, Reddit, Snapchat, Threads, TikTok, Twitch, X, YouTube зэрэг томоохон сошиал медиа платформуудыг ашиглахыг хориглосон.  Гэвч сошиал медиаг зөвхөн чөлөөт цагаа өнгөрөөхөд бус,  хичээл, сургууль, найз нөхөдтэйгөө холбогдож мэдээ мэдээлэл авах зэрэг олон хэрэгцээнд өргөнөөр ашигладаг.

Австралийн засгийн газар уг арга хэмжээг “Өсөж торниж буй залуу Австраличуудыг хамгаалах, тэдний эрүүл мэнд, сайн сайханд хохирол учруулж болзошгүй контентоос сэргийлэх” зорилготой гэж тайлбарласан.

Гэвч энэхүү шийдвэрийг хэтэрхий нэг талыг барьсан арга хэмжээ гэж зарим бүлэг хүмүүс үзэж, мөн Reddit зэрэг зарим сошиал платформууд эсэргүүцэн Австралийн засгийн газрыг шүүхэд өгөөд байна.

Reddit-ийн төлөөлөгч мэдэгдэлдээ “Австралийн Сошиал Медиа Насны Доод Хязгаар (SMMA) хууль нь энэ чухал асуудлыг шийдэх хамгийн зөв арга биш. Тиймээс бид шүүхэд хандсан” гэжээ.

Австралийн ойролцоогоор 5 сая орчим 16-гаас доош насны хүүхдийг хамарсан энэхүү хориг нь технологийн мэдлэгтэй хүүхдүүдийн хувьд тойрч гарах боломжтой байх магадлалтай.

Гол асуулт нь “Сошиал медиа бидний айж байгаачлан үнэхээр тийм их хор хөнөөлтэй юу?”

Асуудлыг ойлгох нь

Сошиал медиа бол харьцангуй шинэ үзэгдэл. Анхны өргөн хэрэглээнд нэвтэрсэн сүлжээ болох MySpace 2003 онд үүсгэн байгуулагдсан. Нэг жилийн дараа нь Facebook гарсан ч залуу хэрэглэгчид хэдэн жилийн дараа л идэвхтэй ашиглаж эхэлсэн.

Иймээс эдгээр платформыг бага наснаас ашиглах нь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, сэтгэл зүйд ямар нөлөө үзүүлдэг талаарх дата маш хомс байна. Facebook гарснаас хойших 20 гаруй жилийн хугацаанд илүү донтуулдаг гэж шүүмжлэгддэг олон шинэ платформ бий болсон.

Хүүхдийн аюулгүй байдлыг судалдаг олон судлаач сошиал медиа хүүхдүүдэд сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэдэгтэй санал нийлдэг ч яг тийм гэж баттай хэлэхэд эрт байна. Учир нь ашиглаж эхэлсэн хугацаа богино төдийгүй, сошиал медиа дэлхий даяар нэвтэрсэн тул бодит нөлөөг нь ялгаж харахад бэрх.

Баруун Сиднейн их сургуулийн “Young and Resilient Research Centre”-ийн захирал профессор Аманда Тэрд “Сошиал медиагийн сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг нэгэн жигд гэж дүгнэхэд одоогийн нотолгоо хангалтгүй.” гэж байлаа.

Ерөнхийдөө залуу үеийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлын шалтгаан маш олон хүчин зүйлтэй төвөгтэй асуудал. Ихэнхдээ ганц шалтгаанаас болдоггүй.

Сэтгэцийн эрүүл мэндэд сошиал медиа хэр нөлөөлдөг вэ?

Гэсэн ч олон хүн залуусын сэтгэцийн эрүүл мэндийн хямралыг сошиал медиатай холбохыг эрмэлзэж байна. Австралийн үндэсний судалгаагаар 4-17 насны хүүхэд, өсвөр насныхны 14 орчим хувь нь аль нэг сэтгэцийн эмгэгтэй гэж тодорхойлогдсон.

Энэ нь зөвхөн Австрали улсын асуудал биш. 2025 оны Global Burden of Disease судалгаагаар 2000 оноос хойш төрсөн хүмүүс өмнөх үеэсээ илүү их сэтгэл гутралд өртөх магадлалтай, ялангуяа өндөр орлоготой орнуудад гэжээ.

Олон эцэг эхийн хувьд буруутан нь сошиал медиа мэт санагддаг ч энэ нь бусад хүчин зүйлсийг үл тоомсорлож байгаа хэрэг юм. 2000 оноос хойш төрсөн үеийнхэн дэлхийн санхүүгийн хямрал, цар тахал, хиймэл оюуны улмаас ажлын байр өөрчлөгдөх зэрэг томоохон үйл явдлуудтай нүүр тулсанг санах хэрэгтэй юм.

Хоригийн нөлөөг жинлэх нь

Квинсландын Технологийн их сургуулийн профессор Даниел Ангус “Одоогийн энэ хоригийг бүрэн дэмжихгүй.” гэж хэлжээ. Гэсэн ч тэрээр уг хориг нь сошиал медиа байгаа ба байхгүй үед хүүхдүүдэд ямар нөлөө үзүүлдгийг бодитоор судлах ховор боломж гэж үзэж байна.

Хүүхдийн нийгмийн амьдралын салшгүй хэсэг байсан сошиал медиаг гэнэт хасах нь сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай гэж болгоомжилж байгаа хүмүүс олон байна. Хориг богино хугацаанд залуусын сэтгэцийн эрүүл мэндэд их өөрчлөлт авчрахгүй байж магадгүй ч урт хугацаандаа харин ч эсрэгээрээ сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

Австралийн хүүхдүүдийн зүгээс өгсөн ярилцлага, сэтгэгдлүүдийн ихэнх хувь нь энэхүү бүрэн хоригийн арга хэмжээг нийгмээс тусгаарласан, боломжуудыг нь хааж байна гэж сэтгэгдэл олон байлаа.

Засгийн газрын бодлогын түвшинд нарийн ойлголт бараг байхгүй. Зөвхөн энгийн шийдэл хоригийг сонгосон гэж Ангус хэлсэн. Судлаачид энэ маргаанд илүү нарийн шинжлэх ухаанч хандлага оруулахыг зорьж байна.

Гэхдээ ямар ч дүгнэлт гарсан бай Австралийн судлаачид нэг зүйлийг тодорхой болгохыг хүсэж байна. Хүүхдүүд сошиал медиаг ашиглах үед, мөн ашиглах боломжгүй үед тэдний бодол санаа, амьдралд үнэндээ юу өрнөдөг вэ?

Ангус болон түүний баг хоригийн өмнө эхэлсэн судалгаагаа үргэлжлүүлж, хүүхдүүдийн дижитал нийгмийн амьдралыг илүү гүнзгий ойлгохоор ажиллаж байна.

Бусад орнуудад

Австралийн жишээг даган Франц улс ч 15-аас доош насныхны сошиал медиа хэрэглээг хязгаарлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа гэх мэдээлэл байна.

Австрали маягийн бүрэн хориг Солонгост хэрэгжиж магадгүй гэсэн яриа их гарч байгаа. Үүнээс үүдэн “Солонгост сошиал медиа ашиглахыг хориглосон хууль хэрэгжинэ гэвэл би үнэхээр гайхна.” хэмээн 14 настай сурагч Минн Су-хон хэлжээ.

Өдөрт ойролцоогоор 2-4 цагийг сошиал медиад өнгөрөөдөг Минн хэлэхдээ онлайнаар өнгөрөөх хугацаа нь түүний өдөр тутмын амьдралд, ялангуяа хичээлийн цагийн хуваарьт нөлөөлдөг гэжээ. Түүний бодлоор бүрэн хориг тавихаас илүүтэйгээр ашиглах цагийн хязгаар тогтоох нь өөр шиг нь сурагчдад цагаа зөв зохицуулахад илүү тустай байж магадгүй гэжээ.

Эх сурвалж: BBC

#сошиал медиа