

Өнгө өнгийн гэрэлтүүлгүүд хотыг чимж, KFC зул сарын баярынхаа эхний захиалгыг авч эхэлсэн жилийн тэр л өдрүүд аль хэдийн хаалга тогшин хүрээд ирсэн байна. Байз, юу гэнэ ээ? Тийм ээ тийм, чи зөв уншсан. KFC болон зул сарын баяр хоёр Япончуудын хувьд салгаж үл болом хослол болоод нэлээд хугацааг ардаа үлдээжээ.
Арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Япон гэр бүлүүд хоолны ширээгээ тойрч суугаад шарсан тахиаг амтархан иддэг заншилтай. Зул сарын баяраар түргэн хоол иддэггүй христийн шашинт хүмүүсийн хувьд Японы энэхүү уламжлал хачин сонсогдож магадгүй. Харин монголчууд бидэнд энэ тийм ч гайхаад байх зүйл биш. Учир нь бид ч гэсэн тэмдэглэлт өдрүүдээр түргэн хоол захиалж идэх нь элбэг байдаг. Гэхдээ биднээс өөр нь зул сараар японы бүх хүмүүс KFC иддэгт л байгаа юм.
Уг уламжлалаас үүдэн зул сар дөхөөд ирэхээр иргэд аль эрт арваннэгдүгээр сараас баярын захиалгаа өгөөд эхэлдэг гэж байна шүү. Арваннэгдүгээр сараас захиалга өгөөд ч KFC-ийн ачаалал багасдаггүй ба арванхоёрдугаар сарын 25-нд хүмүүс хэдэн зуугаараа түргэн хоолны рестораны гадна тахиа авах гэж оочирлон зогсдог гэнэ. Гэхдээ яг яагаад вэ?

Асуултын хариу нь Такеши Окавара гэх Японы KFC-ийн анхны салбар болох 1970 оны арваннэгдүгээр сард үүд хаалгаа нээсэн Нагояагийн салбарын борлуулалтын менежер эртэй холбогдоно.
Компаний зүгээс хэлж буйгаар Окавара гадаад иргэдийг хоорондоо “Зул сарын баяраар шарсан цацагт хяруул иддэг уламжлалаа санаж байгаа ч Японд цацагт хяруулын махтай дүйцэх зүйл нь тахианы л мах юм даа” хэмээн ярилцаж байхыг сонсож л дээ. Уг яриаг тэр хэтэрхий их бодсон уу эсвэл түүнд гүн сэтгэгдэл үлдээсэн үү мэдэхгүй ч тэрбээр нэгэн шөнө том сав дүүрэн тахиа зарж байна гэж зүүдэлсэн байна. Энэ зүүдний улмаас Окавара борлуулалтаа өсгөх зар сурталчилгаануудыг хийж эхэлжээ.
Компанийн өгсөн тайлбар үнэн эсэх нь тодорхойгүй ч Окаварагийн санаа Япон даяар хүмүүсийн зул сарын баяраа тэмдэглэдэг уламжлалыг тэр чигт нь өөрчилж чадсан билээ.
1974 онд “ケンタッキーはクリスマス” буюу “KFC бол зул сар” гэх уриа дор олуулаа идэх баярын багц орон даяар худалдаалагдах болж иргэдийн толгойд KFC-г зул сартай амжилттай холбож чадсан байна.

Мөн яагаад шарсан тахиа идэх нь Япон даяар маш хурдан уламжлал болов гэдэгт хоёр шалтгаан гаргаж ирж болно. Нэгт, Японд зул сарын баярын тогтсон уламжлал байгаагүй, хоёрт, KFC түргэн хоолны компанийг үүсгэн байгуулагч болох Colonel Sanders Санта Клаустай төстэй харагддаг байсан гэдэгтэй холбон тайлбарлах боломжтой.

Арванхоёрдугаар сард амтат шарсан тахиа идэх нь Японы салшгүй нэг уламжлал болж чадсаны үр дүнд KFC жилд олдог нийт ашгийнхаа гуравны нэгийг зөвхөн зул сарын өдрөөр олдог гэд бод доо! Гэтэл баярын багцад нь найман ширхэг тахианы мөч, сам хорхойн гратины болон шоколадтай бялуу багтдаг байна. Тэгэхээр уг багцын үнэ тийм ч хямдхан байдаггүй буюу ¥4,580 (ойролцоогоор 124,250₮)-ээр худалдаалагддаг.

Хэрвээ та зул сарын баярын үеэр Японд байж таарвал, таныг KFC-ний гадна урт дараалалд зогсохын оронд ойр байрлах 24 цагийн дэлгүүрээс шарсан тахиа худалдаж авахыг зөвлөе. Гэхдээ заримдаа 24 цагийн дэлгүүрүүдээр ч шарсан тахиа хурдан зарагдаад дуусчихдаг гэдгийг санаарай.
Эх сурвалж: Time out
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!