"Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил" үзэсгэлэнгийн онцлох бүтээлүүд


Б.Дариа | YOLO.MN
2022-06-08

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/, Монголын үндэсний олимпын академи /МҮОА/, БТСУХ, БШУЯ-наас хамтран Монгол Улсын нийт ЕБС-иудын дунд "Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт болзолт уралдааныг зохион байгуулж шилдэг бүтээлийн үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.

Болзолт уралдааныг өрнүүлэх салбар зохион байгуулах хороод нийт 21 аймаг, 9 дүүрэгт байгуулагдан үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллажжээ. “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан 2021 оны арванхоёрдугаар дугаар сарын 27-ноос 2022 оны тавдугаар сарыг 1-ний хооронд үргэлжилсэн байна.

Энэ хүрээнд дараах зорилтыг шийдвэрлэхээр төлөвлөжээ.

-Аймаг, дүүргийн олимпын зөвлөлүүд болон Биеийн тамир, спортын газруудын уялдаа холбоог нэмэгдүүлэх, үр дүнг дээшлүүлэх;

-Өсвөр үеийнхэнд олимпын боловсрол олгох ажлын агуулга, хэлбэр, үр дүн, ач холбогдлыг сайжруулах;

-Ерөнхий боловсролын сургуулиуд дахь олимпын танхимын үйл ажиллагааг эрчимжүүлэх;

-Биеийн тамирын хичээлийн агуулгыг баяжуулах, явуулах хэлбэрийг өргөжүүлэх;

-Биеийн тамирын багш нарын бүтээлч идэвх, санаачилгыг дэмжих, хөдөлмөрийн үр дүнг үнэлэх асуудал тус тус орно.

"Маш олон байгууллага хамтран ажиллаж 6 сар гаруйн хугацаанд 400 гаруй сургуулийн 400 мянга гаруй хүүхдүүдийн дунд олимпизмийг түгээн дэлгэрүүлэх, үнэт зүйлийг эзэмшүүлэн энэхүү болзолт уралдааныг амжилттай зохион байгуулж дууслаа. Үүнээс бид 45 сургуулиар зочлон бүтээлүүдийг үзсэн. Шагналыг нөгөөдөр буюу 10-ны өдөр гардуулна. Дэмжин ажилласан та бүхэнд баярлалаа." хэмээн МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагааны үеэр хэлсэн юм.

Үзэсгэлэнгээс сурагч хүүхдүүд спорт, олимпизмын сэдвээр ямар бүтээлүүд урласныг харах боломжтой ба онцлох бүтээлүүдээс сонирхуулж байна.

#Мэдээ