К-попт хувьсгал хийж буй XLOV хамтлаг


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Дөрвөн гишүүнтэй хөвгүүдийн хамтлаг болох XLOV нь өвөрмөц концепциороо бусад хамтлагаас онцгойрон гарч буй. ХLOV хэдий хөвгүүдийн хамтлаг гэж явдаг ч төвийг барьсан жендерийн стиллтэй буюу энэ нь тэдний тайзны хувцаслалт, нүүр будалт, үзүүлбэр болон дуунуудынх нь видео дээр илхэн харагддаг.

Нэрийн утгын хувьд XLOV гэдгийн “X” нь “нууцлаг, үл мэдэгдэх, урьд өмнө үзээгүй” хэмээх утгыг илэрхийлдэг бол  “LOV” нь төгс бус хайрыг бэлгэддэг байна. Энэхүү төгс бус, дутуу хайрыг хамтлагийн гишүүд болон хамтлагийн шүтэн бишрэгчид хамтдаа дуусгаж төгс болгох ёстой юм.

ДЕБЮТЭЭС ӨМНӨ НЬ

XLOV-ийн гишүүд албан ёсоор дебют хийхээсээ өмнө олон үзэгчдийн зүрх сэтгэлийг хулгайлж чадсан байдаг. 2023 онд Руй, Хару, Вумути нар нь Mnet-ээс зохион байгуулдаг өрсөлдөөнт шоу тэмцээн болох Boys Planet-д оролцсон. Харамсалтай нь хөвгүүд бүгд тэмцээнээс хасагдсан бөгөөд хамгийн сүүлд хасагдсан Руй 23-р байранд орж 11-р ангиас тэмцээнийг орхисон байна.

Вумутигийн хувьд Boys Planet нь түүний гурав дахь өрсөлдөөнт тэмцээн байсан. Тэрбээр хятадын “Super idol” хэмээх өрсөлдөөнт тэмцээнд оролцон 2017 онд “SWIN” хамтлагт дебютээ хийгээд байсан ч 2018 онд хамтлагаас гаран “Under nineteen”-д оролцжээ. Юутай ч 2023 оны Boys Planet түүний сүүлчийн тэмцээн байгаагүй ба Вумути мөн 2024 онд “Build up: Vocal Boy Group Survivor”-т өөрийн авьяас чадварыг сорьсон байна.

Харамсалтай нь тэр тэмцээн бүрд ялахад тун ойрхон ирсэн даруйдаа хасагдаж байсан ч эцэст нь шагнал хүртэж чаджээ. 2024 оны 5 сард Вумути “Built Up”-аас гаргасан “WATERFIRE” хамтлагт дебютээ хийсэн. Үүн дээр нэмээд тэр уг оны 06 сарын 30-нд “You make me better” хэмээх анхны соло цомгоо гаргаж, авьяасаа дахин баталж харуулжээ. Тэрбээр хамтлагийн олонд танилцуулсан хамгийн анхны гишүүн байсан юм.

ДЕБЮТ ХИЙСЭН НЬ

2025 оны 1 сарын 07-нд XLOV нь “I’mma be” хэмээх албумаараа дебютээ хийсэн бөгөөд цомгийн гол дуу нь ч адил нэртэй байв. Хамтлагийн хоёр жендерийн хослуулсан төрх дууны клип дээр л илхэн байлаа. Гишүүд сувд шүрээр нүүрээ гоёж, өмд дээрээ юпка өмсөн, хачирхалтай уран хөдөлгөөнүүдээр бүжгээ дэглэсэн байна.

Иймэрхүү концепцийг өөрсдийн дүр төрхөө болгосноор XLOV маш их эрсдэлийг өөр дээрээ үүрсэн юм. Учир нь к-поп ертөнцөд хоёр жендерийг хослуулсан хөвгүүдийн хамтлаг байхгүй шүү дээ. Тиймээс олон нийт тэднийг хэрхэн хүлээж авах нь тодорхойгүй байлаа. Гэтэл уг айдас хоосон зүйл байсан гэдэг нь ил болсон ба сонсогчдод XLOV-ийн шинэлэг дүр төрх таалагдаж аль хэдийнээ ирээдүй нь ямар гэрэлтэй байх тухай яриад эхэлцгээжээ.

Дебют хийгээд хоёр сар ч болоогүй Вумути, Руй, Хару, Хюн нар “1st Premium Tour in Japan – X:Only” гэх нэртэйгээр анхны Япон аялан тоглолтоо хийсэн байна. 2025 оны хоёр сараас гурван сарын сүүл хүртэл тус хамтлаг нийт Японы 20 дуу хөгжмийн шоунд оролцсон гэнэ.

Гэхдээ энэ ердөө л эхлэл байсан бөгөөд таван сард хамтлаг “JAPAN PROMOTION TOUR – LOV: Energy” гэх хоёр дахь аялан тоглолтоо хийсэн байна.

Дебют хийснээс хойш хагас жилийн дараа хамтлагийн эргэн ирэлт хийх цаг болж тэд зургаадугаар сарын 13-нд хоёр дахь албум болох “I One”-ийг “1&Only” гэх гол дуутайгаар цацжээ. Эргэн эргэлтийн үеэр XLOV-ийн лого ч дагаад өөрчлөгдсөн байна. Логоны эхний хувилбар нь энгийн л хар зүрх байсан бол шинэ хувилбар дээрээ дүрэлзэн асч буй галыг нэмж өгчээ. Эхний сардаа албумын борлуулалт нь 55’000 гаруй байсан буюу анхны албумаасаа хоёр дахин илүү хувь зарагдсан.

ХӨГЖИЛТЭЙ БАРИМТУУД

  • Хюн нь хамтлагийнхаа хамгийн өндөр гишүүн нь бөгөөд түүний өндөр 185 см ажээ.
  • Дебют хийхээсээ өмнө Хару к-поп бүжгийн хамтлаг “KIS-KPOP”-ийн гишүүн байсан.
  • Руй нь модерн бүжиг, балет болон уламжлалт Хятадын бүжгээр мэргэшсэн тул түүнийг “Бүжиглэж буй хаан” гэж хочилдог.
  • Вумутид “Hope is Umu” гэх брайл үсгээр бичсэн шивээс байдаг ба уг бичгийн дээр нь долоон бурхан одыг дүрсэлсэн байдаг. Түүний ээжийн нэр од гэсэн утгатай бөгөөд энэхүү шивээсийг Вумути ээждээ зориулж хийлгэжээ.
  • Хару нь XLOV-ийн хамгийн бага нь юм. Тэрбээр 2006 онд Японд төрсөн.

Эх сурвалж: nolae

#XLOV #К-поп