Өдөр тутмын амьдралдаа хэрхэн зөв шийдвэр гаргах вэ?


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

 

 

Бид өдөр тутамдаа жижиг, том олон шийдвэрүүд гаргадаг ч заримдаа аль нь зөв, аль нь буруу талаар эргэлзээ төрөх тохиолдол нэлээдгүй бий.  Ялангуяа залуу үеийнхэн маань шинэ боломж, сорилтуудтай тулгарах үедээ тэрхүү эргэлзээ ихэссэж өөрийн гаргасан шийдвэртээ итгэх итгэл буурах үе олон гардаг. Гэхдээ жижиг гаргасан шийдвэр ч өдөр тутамд сайн, муугаар нөлөөлж байдаг тул уншигч танд өдөр тутмын амьдралдаа шийдвэр гаргахад тань эерэгээр нөлөөлөх зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

10-10-10 арга буюу ирээдүйг өнөөдөрт харах

Өнөөдөр гаргах шийдвэр тань 10 минутын дараа, 10 сарын дараа, 10 жилийн дараа ямар бодол, мэдрэмж үлдээх талаар өөрөөсөө асуух нь өөртөө хариуцлагатай хандах нэг арга юм. Өчүүхэн сэтгэл хөдлөлөөс болж буруу сонголт хийж болох учир хийх яг одоо хийх зүйл чинь үнэ цэнтэй эсэхийг энэ арга ойлгуулдаг.

Мэдрэмж болон Логик хослол

Заримдаа мэдрэмж болон логик сэтгэлгээ хоёр хоорондоо зөрчилддөг. Мэдрэмж хурдан шийдвэр гаргахад тусалдаг бол логик удаан бодсоны эцэст хариу үйлдэл үзүүлдэг. Алинд нь найдах ёстойгоо ойлгохын тулд мэдрэмжээ хэт дагахгүй, логиктоо бүрэн итгэхгүй, харин хоёуланг нь тэнцвэржүүлсэн ухаалаг алхам тус болдог.

Нийгмийн хүлээлтэд баригдахгүй байх

“Хүмүүс тэгж байна”, “Нас чацуу хүмүүс чинь ингэж байдаг”, “Чи заавал тэгэх ёстой” гэх мэт нийгмийн дарамт залуу үеийнхэнд хамгийн том нөлөө үзүүлдэг. Гэхдээ бусдын хэлсэн зүйлс таны амьдралын жинхэнэ мөн чанар биш шүү дээ. Өөрийн үнэт зүйл, хүсэл мөрөөдөлдөө нийцсэн сонголтдоо үнэнч, итгэлтэй байх нь хамгийн чухал.

Бүтэлгүйтэл, алдаа хийхээс айх хэрэггүй

Хамгийн том айдсын нэг нь алдаа хийчих вий гэсэн санаа зовнил. Гэвч бодит байдал дээр алдаа бол бүтэлгүйтэл биш эсрэгээрээ маш том туршлага болон дахин суралцах боломж гэж харах хэрэгтэй. Төгс байх гэж хичээх тусам та өөрийгөө хязгаарлаад шинэ зүйл туршиж үзэх зориггүй болно. Харин алдаанаас зугтахын оронд түүнийгээ зөв ойлгож, юу сурч болохоо ажиглах нь амьдралын том сургамж болдог.

Хүмүүсийн зөвлөмж ав. Гэхдээ эцсийн шийдвэрийг өөрөө гарга.

Ахмад үе, найз нөхөд, багш нарын зөвлөгөө үнэтэй ч тэд бүхэлдээ таны амьдралыг мэдэхгүй. Өөрийн ирээдүй рүү чиглэсэн алхмыг хийхдээ бусдын үгийг сонсоод, эцсийн шийдвэрээ өөрийн үнэт зүйл, хүсэл, зорилгодоо нийцүүлж гаргах нь хамгаас чухал. Бусдын хүлээлт таны амьдралын эзэн байх ёсгүй юм шүү.

Баригдсан сэтгэлгээг хасах

Залуучууд амжилтад хурдхан  шиг л хүрэхийг хүсдэг. Гэхдээ том зорилго бүр цаг хугацаа, тууштай байдал дундах асар их тэсвэр тэвчээр дунд дээшилдэг. “Яагаад би одоо амжилттай болчихоогүй юм бол?”, “Бусад нь намайг бодоход илүү амжилттай байна” гэх бодлууд дотроос их дарамталдаг. Харин аливаа амжилтын үндэс нь тасралтгүй жижиг алхмууд байдаг гэдгийг ойлгож, тэвчээртэй бөгөөд тууштай байхад л хангалттай.

Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаар

Зөв шийдвэр гаргах хамгийн чухал суурь зүйл бол яахын аргагүй сэтгэл санааны тогтвортой байдал. Сэтгэл санаа тогтворгүй үед зөв ойлголт, төлөвлөгөө гаргах бараг боломжгүй шүү дээ. Амралт авах, алхах, бясалгах, хүнтэй ярилцах, нойроо хангалттай авах зэрэг энгийн дадлууд таны бодлыг амрааж илүү ухаалаг сонголт хийхэд тусална.

#зөвлөгөө