ЯПОН: ӨСВӨРИЙН хүүхэд бүр ДУГУЙЛАНД хамрагддаг


Заяц | YOLO.MN
2017-01-12

Бид өмнө нь Францын өсвөр үеийнхний талаар мэдээллийг бэлтгэн хүргэсэн билээ.

ЗУНЫ АМРАЛТ 2-3 ДОЛОО ХОНОГ Л БАЙДАГ

Энэ удаагийнхаа нийтлэлээр та бүхэнд япон хүүхдүүдийн талаар сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна. Эхлээд Японы боловсролын тогтолцооны талаар товч мэдээлэл хүргэе.

Японд бага, дунд, ахлах сургууль гэж байна. Дөрөвдүгээр сараас өмнө 6 нас хүрсэн хүүхэд болгон сургуульд явж эхлэх ба бага сургууль нь зургаан жил, дунд нь гурав, ахлах нь гурав гээд 12 ангийн тогтолцоотой юм. Бага дунд боловсрол нь зайлшгүй эзэмших боловсрол бол дунд сургуулиа төгсөөд шууд ажил хийж болох аж. Хэдэн 10 жилийн өмнө дунд сургуулиа төгсөөд шууд ажилд гарсан хүмүүс олон байсан ч одоо үед хүүхдүүд бүгд ахлах сургуулиа дүүргэдэг болжээ.

Хичээлийн жил дөрөвдүгээр сараас эхлэн гуравдугаар сар хүртэл үргэлжилнэ. Хичээлийн шинэ жил хооронд 2-3 долоо хоног л амарна. Хичээлийн жилийн явцад 5-р сард “golden week” буюу улс даяараа долоо хоног амарна, зун 7-р сарын сүүлээс 8-р сарын сүүл хүртэл 2-3 долоо хоног зуны амралт, 12-р сарын сүүлээр 1-р сарын эхэн хүртэл 10-аад хоног өвлийн амралт тус тус болно.

Мөн жилийн зарим өдрүүдэд “улаан өдөр” гэж байдаг ба эл өдөр улс даяараа амарна. Урьд нь хичээлийн зургаан өдөртэй байсан бол одоо сард нэг удаадаа бямба гарагт хичээллэдэг болжээ. Японы сургуулиудын анги 30-40 хүүхдүүдээс бүрдэнэ. Хичээлийн хөтөлбөрт Япон хэл, Шинжлэх ухаан, Тоо, Биеийн тамир, Эрүүл мэнд, Нийгмийн ухаан (Газар зүй болон Түүхийн хичээлийн нэгдмэл), Социологи, Улс төр, Эдийн засаг, Мэдээлэл зүй, Дуу хөгжим болон Амьдралын ухаан (үүнд гэр бүл, гэрийн санхүү, хоол бэлтгэх тухай заадаг) зэрэг зайлшгүй үзэх хичээлүүд багтдаг. Сонгох хичээлд Гадаад хэл, Технологи, Газар тариалан, Худалдаа зэрэг хичээлүүд багтана.

Япончууд хүүхдүүдийг багаас нь бие даасан, хариуцлагатай, дэг журамтай болгон сургадаг. Бага ангийн хүүхдүүдээр жишээ авъя л даа. Япон хүүхдүүд бага ангидаа ихэнхдээ гэрийнхээ ойролцоо байдаг сургуульд явна. Хичээл нь өглөө 8:20 цагт эхэлнэ. За ингээд эхний нэг сар хүүхдэд сургуульдаа дасан зохицох боломж өгнө. Ингэхдээ эхний нэг сар бага ангийн хичээл 4 цагаас илүү үргэлжлэхгүй.

Өглөө хичээлдээ хэрхэн явдаг тухайд бол бүр онцгой сэдэв. Эхний нэг сард бие биетэйгээ ойролцоо амьдардаг хүүхдүүд баг болж хамтдаа сургууль руугаа алхан явцгаана. Хамгийн чухал дүрэм бол жоохон юм даа гээд ээж аав, ах эгч нар нь сургуульд нь хүргэж өгнө гэсэн зүйл хориотой. Мөн эвий дээ хөөрхий минь гээд цүнх зэргийг нь үүрэлцэж өгч бүр ч болохгүй. Хүүхэд өөрийн хичээлийн цүнхээ өөрөө л үүрэх ёстой. Тодруулж дурдахад сургуулийн хүүхдийн цүнх маш хүнд байдаг. За машинаар хүргүүлэх бол ямар ч ангийн хүүхдэд хориотой. Бага ангийн хүүхдүүд дугуй ч унаж болохгүй. Харин эхний нэг сар ээж аавууд нь сургууль руу явах замд автомашины зам байдаг бол тэнд нь зогсож хүүхдүүдийг зам гарахад нь тусалдаг. Ингээд нэг сар өнгөрсний дараа хүүхэд өөрөө ганцаараа эсвэл ангийнхаа хүүхдүүдтэйгээ бие даан сургууль руугаа явдаг болно.

ӨВЛИЙН УЛИРАЛД Ч БИЕИЙН ТАМИР ГАДАА ОРДОГ

Сургуулийн хүүхдүүд явж байна гэдгийг хаанаас ч харсан мэдүүлэх нэг зүйл нь бага ангийнхан бүгд ижилхэн шар малгай өмсөж явдаг. Дунд ахлах сургуулийн хүүхдүүдээс ялгарах нь улсын сургуулийн бага ангийнхан дүрэмт хувцас өмсдөггүй. Харин зарим хувийн сургуульд бага ангиасаа эхлэн дүрэмт хувцас өмсдөг аж. Бага ангийнхан бүгд шар малгайгаараа ижилсэхийн хажуугаар бүгд ижил загварын үүргэвч үүрдэг.

Ингээд сургуулийнхаа хашаагаар орсны дараа буцаж гарах эрх хэнд ч байхгүй. Ямар ч шалтаг, шалтгаантай байсан ч гаргахгүй шүү дээ. Хичээлдээ хэрэгтэй зүйлээ мартчихлаа, манайх ойрхон учраас гүйчхээд ирье гэсэн зүйл аль ч ангийн хүүхдэд хориотой. Хичээлийн цаг эхлэхэд сургуулийн хашаа автоматаар түгжигдэнэ. Багш сурагчдаас өөр хүн сургуулийн хашаанд зөвшөөрөлгүй орох хориотой юм. 

Сургуульдаа ороод бүх хүүхдүүд өөрийн шүүгээнээсээ сургуульдаа өмсдөг гутлаа гарган ирж, гутлаа солино. Ихэнхдээ гутлууд нь бүгд ижил загварынх байх ба эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн гутал өнгөөрөө л ялгагдана. Хичээлийн долоо хоног дуусахад хүүхдүүд сургуульд өмсдөг гутал, биеийн тамирын хувцас пүүз зэргээ гэртээ аваачин, амралтын өдрүүдээр угааж цэвэрлэнэ. Ингээд даваа гарагийн өдөр авчран шүүгээндээ хийдэг.

Хичээл эхлэхийн өмнө бүгд өөрийн нэртэй тэмдгийг энгэртээ зүүнэ. Үүнийгээ хичээл тарсны дараа зайлшгүй авч ангидаа үлдээнэ. Бүгд босч багштайгаа мэндлэн, ёсолсны дараа хичээл эхэлнэ. Нэг хичээл 45-50 минут үргэлжилдэг ба хичээл хооронд 5 мин завсарлагаатай. Ер нь ямар ч ангийн хүүхдүүдийн бүх хичээл нэг л ангидаа болж өнгөрдөг.

Хүүхдүүд лабораторийн ажил эсвэл ямар нэг тусгай ажилбар л хийх гээгүй бол ангиас ангид шилжих нь ховор. Харин багш нар л анги ангийн хооронд явж хичээлээ заана. Биеийн тамирын хичээлд хүүхдүүд ихэвчлэн богино өмд, футболка өмсөнө. Биеийн тамирын хичээлийг аль болох гадаа орохыг эрмэлзэнэ. Өвлийн улиралд ч тэр дулаан л байвал гадаа орно. Хүйтэн байна гээд ямар ч хүүхэд тамирын хувцсан дээрээ өөх хувцас давхарлах эрхгүй. Дүрэмт хувцсан дээр ч ялгаагүй энэ дүрэм үйлчилнэ.

Image result for japan school sport

12:30-13:00 ХООРОНД ҮДИЙН ЦАЙНЫ ЦАГ

Хоёр болон гурав дахь хичээлийн хооронд 15 мин завсарлагатай ба лхагва гарагт 20 мин завсарлана. Ингээд 12:30-13:00 хооронд үдийн цайны цаг юм. Ихэнх сургуулиудад хоол идэх тусгай танхим байдаггүй, хүүхдүүд хоолоо анги ангидаа багштайгаа хамт суун иддэг.

Үдийн цайг сургуулийн гал тогоонд бэлтгэх юм уу сургуулийн ойролцоох цайны газарт бэлтгэн авчирна. Үдийн хоол тусдаа нэг “урлаг” л гэсэн үг. Бага ангийнханд өгөх үдийн хоолыг хамгийн түрүүнд сургуулийн захирал шалгаж, амсаж үздэг байна. Ингээд захирал болно гэж хэлбэл хоолыг бага ангийнханд тараана.

https://upload.wikimedia.org/wikipedia/commons/5/5d/Japanese_school_lunch.jpg

Үдийн хоолны цэсийг сарын өмнөөс сургуулийн эмч хүүхдийн өдөрт авах ёстой илчлэг, эрдэс бодис, амин дэм зэргийг нь тооцоолон гаргадаг. Нэг сав сүү хоолны цэсэнд зайлшгүй байдаг. Үдийн хоолны дараа бүгд ангиа цэвэрлэнэ.

Японы сургуулиудад үйлчлэгч байдаггүй гэж мэдэх үү? Үдийн хоолны дараа бүх ангийнхан анги танхим, коридор, шат, 00 өрөө гээд бүгдийг нь цэвэрлэцгээнэ. Тоос арчих төдий гэж бодож байгаа бол та андуурч байна. Энд жинхэнэ угааж цэвэрлэх, зүлгэх тухай яригдана. Хүүхдүүд багаасаа цэвэр цэмцгэр байж, хүний хөдөлмөрийг үнэлж сурдаг.

13:30-15:30 цаг хүртэл хичээл орно. Бага ангийн хүүхдүүд ямар ч тохиолдолд 16:00 цагт гэртээ харьсан байх ёстой аж. Японы сургуульд гэрийн даалгавар өгдөггүй, дүн тавьдаггүй гэсэн ташаа мэдээлэл интернэт сүлжээгээр явж харагдсан. Үнэн хэрэгтээ гэрийн даалгаврыг 1-р ангиас эхлэн өгнө. Мөн сурагчдыг 100 баллын системээр дүгнэнэ. Гэрийн даалгавраа хийсэн хүүхэд ном уншиж, компьютер тоглоом тоглож, зурагт үзэж өнгөрөөнө. Мөн хүүхдүүд сургуулийнхаа болон дүүргийнхээ номын сангаас ном авч унших дуртай.

Бага ангийн хүүхдүүдийн өдөр нэг иймэрхүү байдлаар өнгөрнө. Гэвч нэгэн чухал зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй юм. Япон хүүхдүүд ирээдүйд маш сайн их сургуульд элсэн орох хүсэлтэй бол сайн ахлах сургуульд орох ёстой. Маш сайн ахлах сургуульд орохын тулд маш сайн дунд сургуульд орох ёстой. Ингэхийн тулд ихэнх хүүхдүүд бага ангиасаа эхлэн хичээлийн дараах сургалт буюу жиүкюд суудаг. Энд дунд, ахлах сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэхээс гадна сургуульд үзсэн хичээлүүдийг гүнзгийрүүлэн заана. Хүссэн дунд ба ахлах сургуульдаа элсэлтийн шалгалт өгөн орж болдог аж. Тэгэхээр хүүхэд төгсөн төгстлөө заавал нэг сургуульдаа сурна гэх зүйл байхгүй юм.

Сургуулийн хүүхдүүд хичээлээ тараад жиүкюд нэг цаг хагасаас хоёр цагийг өнгөрүүлдэг. Жиюкү сургалтын төвүүд нь ихэнхдээ автобус, метроны буудалтай ойр байрладаг нь хүүхдүүдэд ирж очиход амар байдаг аж. Жиүкю бол япон хүүхдүүдийн амьдралын салшгүй нэг хэсэг юм.

Дунд ахлах ангийн хүүхдүүд дүрэмт хувцас өмсөж эхэлнэ. Сургуулийн дүрмэнд охидууд нүүрээ будаж, ээмэг зүүлт зүүж, үсээ будаж, нүдэндээ өнгийн линз зүүж, хумсаа ургуулж будаж, хар бараан өнгийн үсний боолтоос өөр өнгийн боолт зүүж, үсний боолтоо бугуйндаа зүүж болохгүй гэсэн маш олон дүрэмтэй. Эрэгтэй хүүхдүүд ч мөн адил үсээ будаж, үсээ ургуулж, ээмэг зүүлт зүүж болохгүй.

Гэрээсээ хол сургуульд элсэн орсон бол хүүхдүүд ихэвчлэн өглөө 6 цагт босч, сургууль руугаа метро эсвэл дугуйгаар явна. Сургууль руугаа явах замдаа хоёр цагийг ч зарцуулах нь байна. Хичээлийн цаг нь мөн адил 8:20-8:30 хооронд эхэлнэ.

Бага ангийнхнаас ялгаатай нь үдийн цайны цагаар сургуулиас нь хоол өгдөггүй учраас ихэнх нь хоол хийж авчирна. Үүнийгээ бэнто гэж нэрлэнэ. Бэнтог ихэвчлэн өглөө ээжүүд нь бэлдэж өгдөг. Үүнд будаа, загас, өндөг, зайдас, далайн байцаа, олон төрлийн ногоо зэрэг орно.

Үүдээс хойш хичээл тарсны дараа олон төрлийн секц, сургалт явагдана. Хүүхэд бүр анх секцийн дугуйлан эхэлснээс хойш сонгосон секцдээ төгстлөө явдаг. Дугуйлангаа солино гэсэн зүйл бараг л байхгүй. Үүнд спортын болон урлагийн гэсэн хоёр төрлийн дугуйлан байна. Бейсбол, хөл бөмбөг, жүдо, кэндо, теннис, усанд сэлэлт, волейбол, рэгби зэрэг спортын дугуйлангууд байна. Мөн англи хэл, шинжлэх ухаан, тоо, каллиграф зэрэг соёл урлагийн дугуйлангууд байдаг. Хичээлийн дараа дугуйлан нь нөгөө талаар япон хүүхдүүдийн хувьд чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж буй хэлбэр юм. Дугуйланд хамрагдах нь зайлшгүй биш ч ихэнх нь дугуйланд явдаг. Дугуйлангууд 2-3 цаг үргэлжилнэ. Сурагчид дугуйландаа дээд ангийн хүүхдүүдийн хамт явдаг учраас энд ч бас ахмадыг хүндлэх ёс үйлчилнэ. Доод ангийн сурагчид дээд ангийн ах эгч нартаа тусалж, үгийг нь дуулгавартай сонсон, хүндэтгэлтэй хандана.

Дугуйлангаа тарсны дараа сурагчид жиүкюдээ явцгаана. Жиүкюд явахгүй нэг нь цагийн ажил хийх нь элбэг. Ингээд дунд ахлах ангийнхан жиюкүгээ тараад орой 8, 9 гэж гэртээ харих нь элбэг.

Гэртээ хариад гэрийн даалгавраа хийж дуусаад шөнө дунд л унтдаг гэнэ. Япон хүүхдүүдээс хамгийн их хүсч байгааг асуувал ихэнх нь унтах гэж хариулах нь элбэг байдаг гэнэ лээ. cheeky

Амралтаараа сурагчид мөн л завгүй. Амралтын үеэр дугуйлангууд болон жиүкю хичээллэсэн хэвээр байх ба сургуулиас гэрийн даалгавар өгснийг бас хийнэ. Чөлөөт цаг гарвал цагийн ажил хийж, мөнгө олно. Харин их сургуульд орох хүсэлтэй, төгсөх ангийнхны хувьд элсэлтийн шалгалтдаа бэлдэн маш завгүй байдаг. Тэдний ирээдүйн ажил амьдрал үүнээс шалтгаалах учир их сургуульд тэнцэн орох нь япон хүүхдүүдийн маш их ач холбогдолтой. 

Сургуулиуд сар болгон хөгжмийн, спортын, гар урлалын, холио солионы гээд олон төрлийн өдөрлөг зохион байгуулдаг. Ийм ч учраас хичээлийн хуваарь нь манай сургуулийн тогтолцоотой адил тогтмол байдаггүй. Хичээлийн хуваарь нь байнга өөрчлөгдөнө.

Хүүхдүүд сайн дурын ажилд маш идэвхтэй оролцдог. Жишээ нь хүүхдүүд ундааны таглаа цуглуулж, ундны цэвэр усны гачигдалд орсон Африкийн орны хүүхдүүдэд өгөх хандивт хувь нэмрээ оруулцгаана. Хүнсний бүтээгдэхүүний уутан дээр байдаг “bell mark”-г цуглуулан сургуульдаа аваачин өгдөг. Цугларсан маркаараа сургууль өөрт хэрэгтэй компьютер, принтер зэргийг худалдан авдаг. Мөн лааз, сонин цуглуулж, түүнийгээ дахин боловсруулах төвд зарж анги болон сургуульдаа хэрэгтэй зүйлүүдийг худалдан авна.
 

#world #teenagers #freetime