Х.Бадамгэрэл: Би багадаа их ичимхий, өөртөө итгэлгүй хүүхэд байсан


YOLO.mn | YOLO.MN
2019-08-14

Маш олон охид мисс, модель болохыг хүсдэг. Гоо үзэсгэлэн, хатан ухаанаараа дэлхийг зөөллөх гэж ирсэн болохоор арга ч үгүй биз. Тэгвэл энэ удаа бага насны мөрөөдлөө биелүүлж илүү ихийг зорьж яваа хөдөлмөрч бүсгүй, та бидний сайн мэдэх 2009 оны Монголын мисс, 2014 оны “Гоёл” наадмын топ модель, “Андра академи”-ийн үүсгэн байгуулагч Х.Бадамгэрэлтэй академийнх нь шинэхэн төгсөгчдийн төгсөлтийн баяр дээр нь ирж ярилцлаа. Боловсрол хамгийн чухал гэдгийг дахин дахин сануулж буй ухаалаг бүсгүйн ярилцлагыг таны мэлмийд өргөн барья.

Сайн байна уу? Ярилцлагаа таны бага насны дурсамжаар эхэлье гэж бодлоо. Мисс Х.Бадамгэрэл багадаа ямар хүүхэд байв?

-Яг чин шударгаар хэлбэл би багадаа их ичимхий даруухан, өөрийгөө илэрхийлэх чадваргүй, өөрийгөө юу ч чадахгүй гэж боддог, юмыг чадна гэсэн итгэл үнэмшил ерөөсөө байдаггүй их сул дорой хүүхэд байсан. Тэр тохиолдолд хүүхэд их сул дорой, аливаа юмнаас хойш суудаг болдог. Тийм нөхцөл байдалд их удаан байсан учраас өөрийгөө өөрчлөх юмсан гэсэн хүсэл эрмэлзэл их байдаг байлаа. Ээж маань ч намайг илүү нээлттэй нэгэн болгох гэж миний төлөө их зүйл хийсэн. Тэр зүйлсийн нэг нь хувцас загвар байсан юм. Ээжийнхээ зөвшөөрлөөр хувцас загварт хөл тавьсан маань энэ салбар дахь хүсэл мөрөөдөл, боломжуудын маань үүдийг нээсэн.

Энэ үедээ хэдэн настай байсан бэ? Таны анхны тайз ямар тайз байв?

-Арван хоёр билүү арван гурван настайдаа анх загварын салбарт орж ирсэн. Анх “Үнсгэлжин” тэмцээнд оролцохдоо 166 см өндөртэй байсан учраас намхан байна гэж гологдон шууд хасагдаж байлаа. Тэр шарандаа хоёр жил бэлдэн хоёр жилийн дараа “Үнсгэлжин 2007” тэмцээнд оролцохдоо түрүүлж байсан юм. Өөрийгөө хөгжих боломжтой гэдгээ хараад, багахан ч гэсэн амжилт гаргахаараа хүн их урамшдаг. Өөрийнхөө төлөө хийх ёстой зүйлсийн нэг бол өөрөө өөрийгөө сорих. Тэр сорилтууд хязгаарлагдмал байх ёсгүй. Чи хорвоо дээр оршиж, амьдарч, оршин тогтнож байна. Энэ их азтай хэрэг. Ийм тохиолдолд аливаа зүйлээс няцаж хойш суулгүйгээр олон зүйлийг туршиж үзвэл өөрийгөө бүтээхэд их тус нэмэр болно.

Яагаад “Андра” агентлагийг нээж ажиллуулж эхлэхээр болсон бэ?

-Хүн өөрчлөгдөж болдог гэдгийг өөрийнхөө жишээнээс олж харсан учраас бага насны минь надтай адилхан асуудалтай байдаг хүүхдүүдэд тусалж, урамшуулж зоригжуулж, илүү ихийг бүтээж чадна гэдэгт нь итгүүлж, цор ганц гэдгийг нь ойлгуулахын тулд “Андра”-гаа ажиллуулж эхэлсэн. Одоо бид их өнөр өтгөн гэр бүл болжээ. Өнөөдрийн төгсөлтөн дээр ч гэсэн маш олон хүүхэд суралцаж төгсөөд баярын нулимстай байгааг харах сайхан байна.

Асар олон охид загварын тайзан дээр гэрэлтэхийг хүсдэг. Гэвч өөрийнхөө гадаад төрхөөс, жишээлбэл майга хөлтэй, бөгтөр нуруутай, өвдгөө нугалж алхдаг зэргээсээ болоод өөртөө итгэх итгэлээ алдах тохиолдол бас байдаг. Эдгээр бие физиологийн асуудлууд засагддаг уу?

-Сэтгэл зүйгээ өөрөө хянаж чадах юм бол хүнд засаж чадахгүй асуудал гэж үгүй. Аливаа зүйлийг тухайн хүн хэр том асуудал гэж хүлээж авна тэр хэрээрээ хямрах гээд байдаг. Харин эсрэгээрээ энийг шийдэж чадна гэж бодох юм бол тэдгээр асуудлууд шийдэгдэнэ. Майга засах, өвдөг нугалж алхахыг засах эсвэл бөгтөр нурууг засах бүрэн боломжтой. Хоёр сарын хугацаа буюу анхан, гүнзгий шатны хичээлийн хугацаанд хүүхэд эдгээр асуудлуудаа бүрэн засах боломжтой байдаг учраас би хүүхдүүддээ бүгдэд нь боломжтой гэж хэлдэг. Хүүхэд өөрөө “Би чадна. Оролдоод үзье” гэсэн сэтгэл зүйтэйгээр эхлэх юм бол шийдэж чадахгүй асуудал гэж байхгүй.

“Андра” академиа анх байгуулж байсан үеэ эргэн дурсаач. Агентлаг удирдаад зааж сургаад явахад анх асуудал тулгарч байсан уу?

-“Андра”-г нээхдээ зургаан сартай жирэмсэн байлаа. Миний хамтран зүтгэгч, “Андра” академийн ерөнхий менежер, багш Ч.Энхтуяа маань бас жирэмсэн байсан. Бид хоёр хоёр сарын зөрөөтэй төрж байлаа. Их хөөрхөн хөгжилтэй дурсамж. Хоёр сарын зөрөөтэй хоёр жирэмсэн эмэгтэй загварын агентлаг нээнэ гээд сэтгэл догдолчихсон, эргэлт буцалтгүй шийдчихсэн явахад их олон хүн няцааж “Чи жирэмсэн. Одоо хүүхэд гаргана гэхээр загварын карьер чинь дуусаж байна” гэх ч юм уу, эсвэл “Жирэмсэн хүн яаж агентлаг байгуулж, яаж өсгийтэй гутлан дээр алхахыг заах юм” гэдэг байсан. Би өөрөө болно гээд бодчихвол болгох гээд зүтгэчихдэг төрлийн хүн. Хүмүүсийг ч тийм байхыг их уриалдаг. Аливаа зүйлийг болохгүй гэдэг нүдээр ерөөсөө хардаггүй. Миний эргэн тойрныхон энэ занг маань сайн мэддэг намайг ойлгодог. Магадгүй энэ нь ч Андра академиа өдий зэрэгтэй авч явахад тус нэмэр болдог байх. Мэдээж Андра бол багийн ажиллагаа. Зөвхөн би ажиллаад өнөөдрийн хэмжээнд хүргэж чадахгүй. Энэ ташрамд Андрагийн маань нэг хэсэг болж байгаа багийнхан, багш нар, менежер, суралцагч хүүхдүүд, төгсөгч гэрээт моделиуддаа гээд бүгдэд нь баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна.

Өнөөдөр Монголд маш олон загварын агентлагууд байгаа. Тэгвэл Андра тэднээс юугаараа ялгарах бол?

-Би хүүхдүүддээ хичээл орохдоо “Тархи зүрх хоёр нь зөв ажилладаг хүн л загвар өмсөгч болох ёстой” гэж хэлдэг. Хүмүүс өөр өөрийн өнцгөөс туйлширч олон янзаар ойлгодог ч миний хувьд энэ бол мэргэжил. Энэ мэргэжлийг Монголд хөгжүүлэх явцад хувь нэмрээ оруулахыг хичээж явна. Бид бэлтгэл байдлыг нь хангаж байгаа бол шинэ залуу моделиуд маань бодит өөрчлөлтийг авчрах ирээдүй. Манай агентлагийн хүүхдүүд зөв хандлагатай, харилцааны соёлтой, хариуцлагатай байгаасай гэдэг талаас нь илүү сургадаг. Аливаа зүйлд хариуцлагатай байж чадвал тэр хэрээрээ хүлээн зөвшөөрөгдөж чаддаг. Иймээс бэлтгэл моделиудаасаа хариуцлага гэдэг зүйлийг би дээд зэргээр шаарддаг. Бэлтгэл моделиудаасаа ажилд хуваарилдаг учраас аль хариуцлагатай нь л тэр ажлыг авна. Андрагийн хувьд загвар өмсөгч гэх мэргэжлийг хамгийн зөвөөр таниулахыг хичээдэг. Хүмүүс янз янзаар ойлгодог ч гэсэн миний шавь нараас хүмүүсийн нийтлэг ойлголт шиг алдааг гаргадаг хүүхэд байдаггүй учраас би үүн дээр бардам байдаг.

Хоёулаа одоо загварын тухай сэдвээсээ багахан хазайгаад таны гэр бүлийн тухай ярьцгаая. Дуучин Бэкитэй гэрлээд хөөрхөн хүүхэдтэй болсон шүү дээ. Тайз дэлгэцийн хүмүүс гэр бүл болоход давуу тал, дутагдалтай тал нь юу байдаг юм бол?

-Гэр бүл зохиогоод эхний хэдэн жилд бид хоёрын хувьд карьерийн тэмцэл ч гэх юм уу иймэрхүү зүйлс болж байсан. Үүнийг даван туулж чадах юм бол хосын харилцаа маш бат бөх байдаг юм шиг санагддаг. Манай нөхөр миний хүсэл мөрөөдлийг маш сайн дэмждэг. “Чамайг загвар өмсүүлэхгүй” гэх мэтчилэнгээр хорьдоггүй. Нөхөр маань намайг ажлаа амжилттай авч явахад урагшилхад бүх зүрх сэтгэлээрээ тусалдаг. Мэдээж хань ижлийнх нь туслалцаа, дэмжлэг үгүй бол тухайн хүн амжилтад хүрнэ гэдэг хэцүү. Тийм ч учраас бид хоёр харилцан бие биедээ дэм тустай байж хосуудад ч тийм зүйлийг уриалдаг. Манай хүү ч гэсэн одоо бяцхан модель болчихсон. Зураг авахуулахад хүү маань ямар ч түүртэх асуудалгүй, нүүр хагарчихсан. Манай хүүхэдтэй уулзсан хүмүүс “Их  хүмүүжилтэй цэгцтэй яриатай хүү байна” гэсэн магтаалуудыг хэлдэг учраас хүүдээ ч гэсэн бид зөв үлгэр дуурайлал болж байгаа юм болов уу гэж их баярладаг. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хүндэлж чаддаг байх ёстой учраас эмэгтэй хүнтэй хэрхэн харьцах, хэрхэн эр хүн байхыг аав нь илүү зааж өгдөг болов уу гэж боддог.

Ингэхэд та ямар мэргэжилтэй вэ?

-Би маркетингийн менежмент мэргэжлээр Компьютер техник менежментийн сургуулийг (КТМС) төгссөн. Дараа нь Батлан хамгаалахын их сургуульд төрийн захиргаа удирдлага мэргэжлээр магистр хамгаалсан. Одоо боловсрол судлал мэргэжлээр докторын зэрэг горилж байна. Сурах үйл явц тасралтгүй байгаад байна. Ер нь тасралтгүй байх ёстой гэж боддог. Түүндээ хүрэх гэж хичээж байна. Бусадтай адилгүй, дахин давтагдашгүй онцгой нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрч чадвал аливаа зүйлийг хийх хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг болов уу гэж боддог.

Таны бодлоор эмэгтэй хүнд заавал байх ёстой зан чанар юу вэ?

-   Эмэгтэй хүнд байгалиасаа заяасан, эрэгтэй хүнд байдаггүй нэг зан чанар байдаг. Тэр нь тэвчээр. Эмэгтэй хүн бол тэвчээрийн хатан хаан. Ямар ч нөхцөлд ямар ч хэцүү зүйлийг эмэгтэй хүн тэвчиж чаддаг. Эмэгтэй хүн хорвоо дэлхий дээр гоё сайхан зүйлийг түгээх гэж ирсэн. Энэ нь өөрийнх нь мөн чанар учраас энэ зүйлээ эмэгтэй хүн алдаж болохгүй. Хүнтэй зөв харьцаж, хүнд сайхан сэтгэгдэл төрүүлдэг, хүнд инээмсэглэл бэлэглэдэг, оюун ухаанаараа бусдад хүлээн зөвшөөрөгддөг байх хэрэгтэй. Гоо сайхан бол цаг хугацааны өмч. Иймээс түүнийг урт хугацаанд барих хэцүү. Харин тархинд байгаа зүйлийг хэн ч авч чадахгүй. Эмэгтэй хүнийг боловсролтой, оюунлаг байхыг л илүүтэй захья.

Ярилцлагын маань төгсгөлд уншигчдад маань хандаж үг хэлэхгүй юу?

-Боломж үргэлж хаалга тогшиж байдаг. Хаалгаа та нээх үү, үгүй юу гэдэг таны тууштай байдал хөдөлмөрөөс шалтгаална. Тэгэхээр хэрвээ та тэр хаалгыг нээхийг хүсч байгаа бол өөрчлөлтөд бэлэн байх хэрэгтэй. Тууштай, зүтгэлтэй, мятаршгүй, өөдрөг дэврүүн, мөрөөдөлдөө шуналтай байгаарай гэж уриалмаар байна. Мөн хүсмээр байна.

Ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.

 

#News