

Энэ жил “Залуусын сэтгэл зүйн эрүүл мэнд” сэдвийн дор зохион байгуулагдсан Inspiring Asia бичил кино наадамд нийт Азийн 50 гаруй орны 860 гаруй бүтээл хүлээн авснаас Монгол улсаас 6 уран бүтээл урьдчилсан шатанд тэнцэж үүнээс 2 нь хагас шигшээд, 2 нь гранд финалд шалгарч, 1 төсөл шилдэгээр тодорч түүхэн амжилт үзүүллээ.
Inspiring Asia бичил кино наадам
Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү наадам нь нийгэм, байгаль орчны чиглэлээр эерэг өөрчлөлт авчрах чин хүсэлтэй залууст урам зориг өгч, тэдний дуу хоолойг Ази тивд түгээж, дэмжих зорилготой санаачилга билээ.
Монгол залуусын сэтгэл зүйн эрүүл мэнд
Монгол улсад 3 хүн тутмын 2 нь 35 доош насны залуус эзэлдэг хэдий ч тэдэнд хамгийн ихээр тулгамдаж буй асуудал анхаарлаас гадуур орхигдсоор байна.
ДЭМБ-ын судалгаагаар өсвөр насны амиа хорлолтоор Монгол улс бүс нутагтаа хамгийн дээгүүр ордог бөгөөд 5 хүүхэд тутмын 1 нь амиа хорлох талаар нухацтай бодож, 2 хүүхэд тутмын 1 нь сэтгэл түгших эмгэгт өртдөг байна.
Гэвч ихэнх нь чимээгүй тэмцэж, тусламж, үйлчилгээ тэр болгон авч чадалгүй нийгмээс тусгаарлагдсаар байна.
INSPIRING ASIA 2025 БИЧИЛ КИНО НААДМЫН “ШИЛДЭГ ТӨСӨЛ”
Light Up
Төслийн баг: Гүүд Нэйборс ОУТББ
Товч тайлбар: Сэтгэл хөдлөлөө илэрхийлж, ярилцах орон зайгүй олон өсвөр үеийн залуус хэнд хандаж, яах учраа ололгүй чимээгүй дотроо шаналсаар. Харин асуудлаа хуваалцаж, итгэл найдвараа олсон нэгэн охин бусдын сэтгэлийн гэрлийг хэрхэн асааж буй талаар тус кинонд өгүүлнэ. “Туршлага нэгт үе тэнгийн дэмжигч” хөтөлбөрөөр дамжуулан сэтгэл зүйн хүнд асуудлаа даван туулж, эдгэрсэн залуус нэгэндээ хөтөч болж хамтдаа ярилцан, нэгнээ дэмжих аялалд гарч буй бодит түүхтэй танилцана уу.
ГРАНД ФИНАЛД ШАЛГАРСАН КИНО БҮТЭЭЛ
Box
Кино баг: АШУИС-ийн Гистологийн клуб
Товч тайлбар: Хүсэл мөрөөдлөө даган өөрийгөө бүтээхээр явж буй хүү болон хүүхдүүдээ бусдын адил, хүний дайтай яваасай хэмээн айж санаа зовох эцэг эх. Тэдэнд биенээ чин сэтгэлээсээ сонсох ганц л хором хэрэгтэй байв. Гэвч хүү эцэг эхдээ өөрийгөө ойлгуулахаар хэчнээн чангаар хашхирлаа ч харамсалтай нь тэд хайрцгаасаа гарч хүүгээ сонсохоо даан ч мэдэхгүй.
ХАГАС ФИНАЛД ШАЛГАРСАН ТӨСӨЛ БОЛОН КИНО БҮТЭЭЛ
Dandelion
Төслийн баг: Кристина Ноблийн Хүүхдийн Сан
Товч тайлбар: Эрх чөлөөгөө хасуулж, хийсэн үйлдлийнхээ төлөөсөнд төмөр торны цаана орсон ч тэд дотроо мэдэрч, гэмтэж, гомдож хамгийн гол нь итгэл тээж буй хүүхдүүд. Ядуурал, үл хайхралт, үе тэнгийн буруу нөлөөлөл зэрэг амьдралын хүнд нөхцөлөөс үүдэн эрх чөлөөгөө хасуулсан өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлийн шарх, тэмцэл, хат төдийгүй энэ бүхнээс үл ажран аз жаргал, гэрэлт ирээдүйг хүсэн мөрөөдөж буй тэдний бодит түүхийг энэ киноноос үзээрэй.
The World Sees You, You See The World
Кино баг: Гүүд Нэйборс ОУТББ
Товч тайлбар: Хүүхдүүдийн нүдээр дэлхий ертөнц ямар харагддаг бол? Томчууд, тэгш бус байдал, тарчиг амьдрал, аз жаргал, найзууд бас гэр бүл. Өмнөөс нь таамаглаж, өнгөөр будалгүй тэдэнд камер өгөөд харцгаая. Эцэг эхээсээ юу хүсдэг, амьдралыг юу гэж хардаг, ямар бэрхшээлтэй тулгардаг гэдгийг ойлгоход энэхүү баримтат кино бидэнд тусална. Хоол, аюулгүй орчин, боловсролоос илүүтэй тэд хайр, халамж, харилцаагаар дутаж буйг та өмнө нь анзаарч байсан уу?
УРЬДЧИЛСАН ШАТАНД ШАЛГАРСАН ТӨСӨЛ БОЛОН КИНО БҮТЭЭЛ
Healing Mongolia
Төслийн баг: Positive Dadal
Товч тайлбар: Материаллаг хөгжилд хүрснийхээ дараа бид аз жаргалтай, амар тайван болох уу? Тэр хүртэл залуу үеийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндийг хойш нь тавьсаар байна гэж үү? 21-р зууны цахим эрин үед амьдрах монгол залуусын сэтгэлийн шаналалд ярилцах орон зай, шийдэх шийдэл, хамтдаа туулах гарцыг эрэлхийлэн, яг одооноос сэтгэл зүйн эрүүл мэндийг хувь хүн, гэр бүл, ажил, сургууль, үндэстний хэмжээнд анхаарахыг уриалж, нээлттэй ярилцах соёл, итгэл найдвар, мэдлэг боловсролыг түгээж буй хөдөлгөөний түүхтэй танилцацгаая.
Lapin
Кино баг: АШУИС-ийн Гистологийн клуб
Товч тайлбар: Бага насны таагүй дурсамж тэндээ үлддэг үү, эсвэл биднийг дагасаар л байдаг уу? Харанхуйгаас айх айдастайгаа нүүр тулахын тулд тэр эхлээд өнгөрсөн амьдралаа хүлээн зөвшөөрч, тавьж явуулах хэрэгтэй. Эдгэрлийн эхний алхам бол айдастайгаа нүүр тулж, бусдаас тусламж хүсэх юм.
Бид юу хийж чадах вэ?
Эдгээр кинонуудын зарим нь хувь хүмүүсийн өөрсдийн дуу хоолойг илэрхийлэх уран бүтээл бол зарим нь Монгол залуусын сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн амжилттай хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд юм. Тиймээс эдгээр киног та зөвхөн үзээд зогсохгүй цааш нь бусдад түгээснээр Монгол залууст тулгамдаад буй энэ асуудлын талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!