30-60 насны эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдар илрүүлэх эсийн шинжилгээг өрхийн эмнэлэгт хийж байна


Э.Энхмаа | YOLO.MN
ӨЧИГДӨР

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх зорилгоор 30-60 насны эмэгтэйчүүдийг гурван жилд нэг удаа умайн хүзүүний эсийн шинжилгээнд хамруулдаг. Уг шинжилгээг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд авдаг бөгөөд энэ шинжилгээний талаар Хан-Уул дүүргийн I хорооны “Мөнхбадрах” өрхийн эмнэлгийн дарга О.Долгорсүрэнтэй ярилцлаа.

-Эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдар өвчнөөс сэргийлэх эсийн шинжилгээг өрхийн эмнэлгүүдэд хийдэг. Танай эмнэлэгт шинжилгээндээ хамрагдах насны иргэдийн идэвх ямар түвшинд байна вэ?
-“Мөнхбадрах” өрхийн эрүүл мэндийн төв 2013 оноос эхлэн Хан-Уул дүүргийн I хорооны иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна. Манай хороо 10500 хүн амтай ч 12.5 мянган хүн амд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Манай харьяанд нөхөн үржихүйн насны 2400-2700 эмэгтэй байдаг. Тэдэн дундаа эсийн шинжилгээ хийлгэх 30-60 насны эмэгтэйчүүдээс умайн хүзүүний хавдрыг илрүүлэх эсийн шинжилгээ авч байна.

Манай эмнэлгийн хувьд 2024 оны 8-р сард шинжилгээ өгөх насны эмэгтэйчүүдийн 53 хувь нь шинжилгээнд хамрагдсан бол 2025 оны 8-р сард энэ үзүүлэлт 75 хувь болж өссөн дүнтэй байна. Энэ жил Хан-Уул дүүргийн хэмжээнд умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх аян өрнүүлж, умайн хүзүүний эсийн шинжилгээ болон хүний папиллома вирусийн хэв шинжийг илрүүлэх ПГУ (PCR)  шинжилгээг 2025 оны 6-9-р сард давхар хийсэн нь шинжилгээнд хамрагдах идэвхийг нэмэгдүүлсэн гэж үзэж байна.

Манай эмнэлэгт PCR шинжилгээг 200 гаруй эмэгтэйчүүд хийлгэснээс зургаад нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч вирус илэрсэн тул нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэж байна. Хан-Уул дүүргийн хэмжээнд 80 гаруй хүн өөрчлөлттэй гарсан гэх дүнг танилцуулсан.

2013-2019 онд эсийн шинжилгээнд хамрагдах хувь харьцангуй өндөр байсан ч ковидоос хойш хамрагдалт буурсан нь энэ өвчний талаарх сөрөг, ташаа мэдээлэлтэй ч холбоотой болов уу.

-Шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс хавдрын шинж тэмдэг илэрч байна уу?
-Өрхийн эмнэлэг умайн хүзүүний хавдрын эсийн шинжилгээ авч, Дүүргийн эрүүл мэндийн төв рүү илгээдэг. Дүүргийн эрүүл мэндийн төвд 14 хоногоос нэг сарын дотор хариу гаргаж, өрхийн эмнэлэг рүү хариуг цаасаар илгээдэг. Хариу нь өөрчлөлттэй гарсан эмэгтэйчүүдийг бид дуудаж, хариуг танилцуулаад Дүүргийн эмнэлгийн Эмэгтэйчүүдийн тасагт хандаж лавлагаа шинжилгээ өгөхийг зөвлөдөг.

2025 оны байдлаар манай эмнэлэгт 30-60 насны 520 эмэгтэй шинжилгээнд хамрагдахаас 8-р сарын дүнгээр 320 нь хамрагдсан. Үүнээс 10-аад хүний шинжилгээний хариу өөрчлөлттэй, хоёр хүн хавдрын урьтал шат гэж оношлогдож эмчилгээнд хамрагдаад байна. Манай эмнэлгийн статистикаас харахад жилд дунджаар 15-16 хүний эсийн шинжилгээний хариу өөрчлөлттэй гарч, дараагийн шатны эмнэлэг рүү явдаг.

-Хан-Уул дүүргийн I хороо бол хотын төвийн, өрхийн эмнэлэг нь орон сууцны айлууддаа ойрхон байршилтай. Гэтэл эсийн шинжилгээндээ товлолт насныхан бүрэн хамрагдахгүй байгаа шалтгаан нь юу байж болох вэ?
-Манай өрхийн эмнэлгийн хувьд хамрах хүрээ харьцангуй бага, дан орон сууцны хороололтой ахмад настан олонтой. Тулгамдаж буй нэг асуудал нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн шилжилт хөдөлгөөн ихтэй. I хороонд хаягтай ч өөр газарт амьдардаг эмэгтэйчүүд олон бий. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт хамруулах гэж энд ээж, аавынхаа хаяг дээр бүртгүүлдэг ч, өөрсдөө хол газар амьдардаг иргэд олон байдаг.  

-Эсийн шинжилгээний ач холбогдлыг Та тайлбарлаач?
-Эсийн шинжилгээний гол давуу тал нь умайн хүзүүний хорт хавдрыг эрт үед нь илрүүлж оношлох боломжтой. Мөн эмэгтэйчүүдийн бусад үрэвсэлт өвчин, архаг халдварыг илрүүлэх бололцоотой маш чухал шинжилгээ юм. Өрхийн эмнэлэгт энэ шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийдэг. 

Өрхийн эмнэлгээс бусад эмнэлэгт 30-60 мянган төгрөгийн төлбөртэй хийдэг шинжилгээ юм. Эмэгтэйчүүд маань 27,30, 33, 36, 39, 42 гэх мэтээр 60 нас хүртлээ гурван жилд нэг удаа шинжилгээндээ хамрагдаад явбал умайн хүзүүний хорт хавдрыг эрт үед нь оношлох, хавдраас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Мөн ямар нэг зовуурьтай байвал заавал энэ насыг хүлээхгүй өрхийн эмнэлэгтээ хандаж, эсийн шинжилгээ хийлгэж болно.

-Улсын хэмжээнд 11-15 насны хүүхдүүдэд хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг хийж эхэлсэн. Энэ дархлаажуулалтыг өрхийн эмнэлгүүдэд хийж байна. Явц, хамрагдалт ямар түвшинд байна вэ?
-11-15 насандаа вакцинд хамрагдвал хүүхдүүд ирээдүйд умайн хүзүүнийн хорт хавдар болон дээр дурдсан хорт хавдруудаас сэргийлэх ач холбогдолтой.

Манай өрхийн эмнэлгийн харьяанд 2025 оны байдлаар вакцин хийлгэх 11-15 насны 500 гаруй хүүхэд бий. Үүнээс 2025 он гарсаар 9-р сарын 29-ний өдрийн байдлаар 98-хан хүүхэд хамрагдаад байна. Хамрагдалт хангалтгүй байгаа нь эцэг, эхчүүд хүүхдэдээ энэ вакцин хийлгэхийг зөвшөөрөхгүй байгаатай холбоотой. 

Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцин нь дархлаажуулалтын товлолд орсон. Дархлаажуулалтын тухай хуульд зааснаар хүүхдүүдэд папиллома вирусийн халдварын эсрэг вакцин хийж байгаа тул эцэг, эхчүүдэд “Ийм тунтай, ийм үйлдвэрийн вакцин хийж байна” гэж таниулаад, вакцинаа хийх ёстой.

-Хүний папиллома вирусийн халдвар нь умайн хүзүүний хорт хавдраар өвчлүүлдэг. Зөвхөн эмэгтэй хүүхэд биш, папиллома вирусийн улмаас ам залгиур, шодойн гэх мэт хавдраар эрэгтэйчүүд ч өвчлөх эрсдэлтэй. Энэ талаар иргэд ойлголт муутай байх шиг?
-Тийм ээ. Папиллома вирусийн халдвар нь эмэгтэйчүүдийг л өвчлүүлдэг. Эрэгтэй хүүхдэд хийлгэхгүй гэсэн буруу ойлголттой эцэг, эхчүүд байна. Папиллома вирус эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдар үүсгэх эрсдэлтэй бол эрэгтэйчүүдэд шодой, хошного, ам залгиур, толгой хүзүүний хорт хавдар үүсгэдэг тул эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд адилхан хийлгэх шаардлагатай.

Өрхийн эмнэлгийнхэн бид иргэдийн буруу ташаа ойлголтыг засаж, залруулж вакцинжуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. 11-15 насны эрэгтэй, эмэгтэй хүүхэдтэй бол өрхийн эмнэлэгтээ хандвал вакцин бэлэн байгаа.

-Өрхийн эмнэлэгт ямар нэршлийн вакцин хийж байна вэ?
-НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар оруулж ирсэн “Гардасил” вакциныг хийж байна. Энэ вакцин нэг тунг хийлгэхэд хүүхдэд насан туршийн дархлаа тогтоно. Харин вакцинжуулалтын нас хэтэрсэн 15-аас дээш насныхан ХӨСҮТ-д сайн дураар, тодорхой хэмжээний төлбөртэй хийлгэж байгаа. 2025 ондоо 15 настай хүүхдүүд өрхийн эмнэлэгтээ хандаж үнэ төлбөргүй хийлгэнэ. Нас нь хэтэрч 16 нас хүрчихвэл үнэ төлбөргүй хийх боломжгүй юм. 

#өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт