fromis_9 хамтлагийн ахлагч Ли Сэром жүжигчний замналаа эхлүүлнэ


Т.Онон | YOLO.MN
2025-10-21

fromis_9 хамтлагийн хуучин ахлагч Ли Сэром жүжигчний гараагаа эхлүүлж, 333 агентлагтай албан ёсоор гэрээ байгуулснаар уран бүтээлчийнхээ хувьд шинэ аялалыг эхлүүллээ.

Өнөөдөр Агентлаг 333 мэдэгдэл гаргахдаа:

“Бид жүжигчний хувиар бие даасан замналаа эхлүүлж буй Ли Сэромтой онцгой гэрээ байгууллаа. Тэрээр олон дүрүүдэд тоглож өсөж хөгжихөд нь бид бүрэн дэмжлэг үзүүлэх болно” гэжээ.

Ли Сэром 2018 онд Mnet-ийн “Idol School” хэмээх айдол шалгаруулах шоугаар анх олонд танигдаж, fromis_9 хамтлагийн гишүүн бөгөөд ахлагчаар сонгогдсон юм. Тэрээр эерэг энерги, хөгжилтэй зангаараа фенүүдийн хайрыг татсан бөгөөд хөгжмийн идэвхтэй уран бүтээлээс гадна нэвтрүүлгүүдэд оролцохдоо өөрийгөө харуулж чадсан.

Саяхан Ли Сэром TVING-ийн богино хэлбэрийн веб драм “Living with a Chaebol Only I Can See” бүтээлд тоглож, багаасаа сүнс хардаг Чон Жи-ан хэмээх бүсгүйн дүрийг бүтээсэн. Түүний тоглолт үзэгчдийн сайшаалыг хүртэж, жүжигчний гараагаа амжилттай эхлүүлсэн хэмээн үнэлэгджээ.

333 бол  Сон Хо Жүн, Ю Сын Хо нарыг төлөөлдөг жижиг боловч нэр хүндтэй менежмент агентлаг юм.

 

#Ли Сэром #Lee Saerom