W Korea хандивын үйл ажиллагаа шүүмжлэлд өртлөө


С.Оюундарь | YOLO.MN
ӨЧИГДӨР

Эмэгтэйчүүдийн загварын сэтгүүл болох W Korea-аас жил бүр зохион байгуулдаг хандивын үйл ажиллагаа олны шүүмжлэлд өртжээ. Хэдийгээр энэхүү арга хэмжээ нь “хөхний хавдрын талаарх мэдлэгийг дээшлүүлэх” нэрийн дор зохион байгуулагдсан ч инфлүнсерүүд болон алдартнуудын архи, согтууруулах ундаа уун зугаацаж байгаа нь арга хэмжээг хандив цуглуулах биш зүгээр л алдартнуудын үдэшлэг болчихсон байна хэмээн нэлээд муу хэлүүлж байгаа аж.

Өмнө сард W Korea сэтгүүл хөхний хорт хавдрын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Love Your W 2025” нэртэй арга хэмжээгээ Сөүл хотын Жонно дүүргийн Four Seasons Hotel Seoul-д 15-ны өдөр зохион байгуулсан. Анх 1972 онд АНУ-д үүсгэн байгуулагдсан W загварын сэтгүүлийн Солонгос дахь албан ёсны лиценз эзэмшигч W Korea уг арга хэмжээг “эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдрын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, эрт илрүүлгийн ач холбогдлыг сурталчлах” зорилготойгоор 2006 оноос жил бүр зохион байгуулсаар иржээ.

Үйл ажиллагаанд BTS, Aespa, IVE зэрэг хамтлагууд оролцсон нь олны анхаарлыг яах арга үгүй ихээхэн татаж, тэдний гартаа согтууруулах ундаа барин нэгэнтэйгээ хөгжилдөн ярилцаж байгаа зураг болон бичлэгүүд сошиал орчныг дүүргэх болсон.

Харамсалтай нь энэ дүр зураг нийтэд таалагдаагүй бөгөөд

  • “Энэ зүгээр л алдартнууд болон хувийн сонирхлоо хөөх гэсэн зохион байгуулагчдын хөгжилдөх гэж цугларсан цуглаан шиг харагдаж байна. Хөхний хавдрын улмаас гэр бүлийн гишүүнээ алдсан хүний хувьд бүр уур хүрчихлээ. Битгий хөхний хавдрыг ашиглаж зугаа цэнгэл хөөгөөд бай!”
  • “Ингэж алдартнуудыг зугаацуулахдаа үрж байгаа тэр их мөнгөө хандивлаа ч ээ. Алдартнуудаас ямар ч утгагүй асуулт асуун, ууж наргин, дуулж бүжиглэж байгаа нь хөхний хорт хавдартай яг ямар хамааралтай юм бэ?”
  • “Үнэндээ хандивын үйл ажиллагаа гэхээсээ илүү алдартнуудын танилын хүрээгээ тэлэх үдэшлэг шиг л харагдаж байна. Хөхний хавдартай өвчтөнүүд үүнийг хараад юу гэж бодох бол гэхээс бүр гайхчихлаа. Согтууруулах ундаа чинь хөхний хавдартай хүмүүсийн хувьд хамгийн ихээр хол байх ёстой зүйл шүү дээ. Гэтэл тэд зүгээр л бариад зогсож байдаг...” гэх мэт сэтгэгдлүүд маш олон like авчээ.

Арга хэмжээний үеэр тоглогдсон дуу ч мөн маргаан дагуулсан байна. Дуучин Jay Park 2015 онд гаргасан “Body” хэмээх хит дуугаа дуулсан бөгөөд уг дууны үгэнд “Би чиний цээжин дээр байх ихэр эгч дүүстэй танилцан тэдэнд хүрэхийг хүсэж байна” гэх мэт эмэгтэйчүүдийн биеийг эд зүйл мэт дүрсэлдэг үг гардаг нь хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдийн сэтгэлзүйг огт харгалзаж үзээгүй хэмээх шүүмжлэлийг дагуулжээ.

Энэ мэт иргэдийн уур цухал нэмэгдэх үед W Korea уг үзүүлбэрийн бичлэгийг нийтэлснээс 20 минутын дараа устгасан байна. Харин Jay Park “Миний үзүүлбэр хорт хавдартай тэмцэж буй хэн нэгэнд тавгүй мэдрэмж төрүүлсэн бол уучлаарай” хэмээн уучлал хүсжээ.

W Korea-ийн мэдээлж буйгаар хандивын арга хэмжээ зохиогдож эхэлснээсээ хойш нийт 1,1 тэрбум воныг цуглуулсан буюу жилд ойролцоогоор 55 сая воны хандивыг босгодог гэнэ.

Үйл ажиллагаанд 100-аас ч их алдартнууд оролцсон байх магадлалтай гэсэн батлагдаагүй тоо ч явж байгаа юм байна.

Эх сурвалж: The Chosun Daily

#W Korea