Их сургууль гэдэг бол эрдэм мэдлэгийн их далайд шумбахаас гадна өөрийн бүхий л талаараа өсөж хөгжиж, биеэ даах, өөрийгөө олох амьдралын нэгэн том бүлэг яалт ч үгүй мөн билээ.
Их сургуульд олон өөр газраас ирсэн, өөр амьдралыг туулсан, өөр үзэл бодолтой үе тэнгийн хүмүүстэй хамтдаа бүхнийг туулдаг. Тиймдээ ч их сургуулиас эхлэлтэй үерхэл, нөхөрлөлүүд маш үнэ цэнэтэй байж, амьдралын туршид үргэлжлэх нь олонтаа.
Гэвч дөнгөж шинэ орчинд ороод найзтай болно гэдэг тийм ч амаргүй.
Тэгвэл танд хэрэг болж магадгүй зөвлөгөөнүүдийг хүргэж байна. Та дөнгөж их сургуулийн босгоо алхаж буй шинэхэн оюутан, эсвэл өөрийн хүмүүсээ хараахан олж чадаагүй дээд курсын оюутан ч бай хамаагүй, анхаарлаа нааш нь хандуулаарай.
Өөрийн сонирхлыг татсан клуб, оюутны байгууллагуудад элсэх
Их сургуульд өөрийгөө хичээлээс гадуурх хөгжүүлж болох олон оролцооны байгууллагууд байдаг. Оюутны холбоо, мэргэжлийн клуб, мэтгэлцээн, спортын клубуудэд элсэх нь өөртэйгөө сонирхол нэгтэй найзууд олоход туслах хамгийн шалгарсан аргуудын нэг юм.
Оюутны байранд амьдардаг бол түүнийгээ ашиглах
Хэрэв та оюутны байранд амьдардаг бол өрөөндөө өдөржин өнжихөөс аль болох зайлсхийгээрэй. Хоол хийх, угаалга хийхдээ болон гарахдаа хүмүүстэй мэндлэх, яриа эхлүүлэх нь найзтай болоход тань туслах болно. Мөн өрөөний хаалгаа онгорхой орхих нь хүмүүст шагайх, ойр зуурын юм ярих боломжийг олгоно.
Хүмүүстэй газар хичээлээ хийх
Хичээл багатай үеүүддээ эсвэл арай хялбар даалгавруудаа хийхдээ хүмүүс байх газрууд болох сургуулийн коридор, номын сан, кофе шопд хийх эсвэл гадаа суугаад ном унших нь ч шинэ хүнтэй таарах, танилцах магадлалыг тань ихэсгэх юм.
Хамт хичээлээ хийдэг хүмүүстэй болох
Ангиасаа даалгавраа хамт хийдэг, тухайн өдрийнхөө лекцийн талаар үзэл бодлоо хуваалцдаг хэд хэдэн хүмүүсийг олж аваарай. Энэ нь хичээлээ илүү сайн ойлгоход тань туслахаас гадна цагаа хамтдаа үр бүтээлтэй өнгөрөөдөг найзуудтай болоход тусална. Эхэндээ хэцүү мэт санагдаж магадгүй ч очоод асуухад хүмүүс таны бодсоноос илүү нээлттэй байх болно шүү.
Айдас, ичимхий байдлаа хойш нь тавих
Мэдээж танихгүй хүн дээр очиж яриа эхлүүлэх амархан биш. Гэвч эхний тэр айдсыг давчихвал л болох нь тэр. Бусад хүмүүс ч бас чамтай адил найзтай болохыг хүсч байгаа гэдгийг санаарай. Ууттай чихэр авч яваад эргэн тойрны хүмүүстэйгээ хуваалцах нь яриа эхлүүлэх боломж олгож болох л юм. Мөн танилцсан хүнтэйгээ сошиал медиа дээр дагалцах нь ганц удаа л юм ярьсан болоод өнгөрөх биш дахиад холбоо тогтоох боломжийн ихэсгэнэ.
Тууштай байх
Таньдаг царайгаа харсан бол мэндлэх, яриаг нь сайн анхаарал тавьж сонсож, дараа нь түүнийгээ санах, чин сэтгэлийн магтаал хэлэх зэрэг нь хүмүүст үнэ цэнтэй мэдрэмж төрүүлж, нөхөрлөл үүсэхийн үндэс болно.
Эхлээд өөрөө сайн найз байх
Асуултанд нь хариулах, лекцийн тэмдэглэлээ өгөх гэх мэт жижиг байдлаар бусдад туслахад хүмүүс чам руу өөрийн эрхгүй татагдаж эхэлнэ.
Утсаа оролдохоо болих
Гадуур ганцаараа байхдаа бид ихэвчлэн эвгүй байдалд орохгүйн тулд утас руугаа өнгийх нь элбэг. Үүний оронд утсаа далд хийгээд, эргэн тойрондоо анхаарлаа хандуулж хүмүүстэй яриа өдөх нь таныг найзтай болоход нэг алхмаар ойртуулна.
Хамт хооллох
Ганцаараа хоол идэхийн оронд шинэ танилтайгаа хамт хооллоод үз. Эсвэл гуанзанд сууж байгаа хүмүүстэй нэг ширээнд сууж болох эсэхийг асуугаарай. Ингэснээр хооллонгоо ярилцаж, бие биенээ илүү таньж мэдэх сайхан боломж гарна.
Өөрийнхөөрөө байх
Бусдад таалагдах гээд өөрийгөө өөрчлөх, дүр эсгэх амархан ч эцэс сүүлд нь өөрийнхөөрөө л байх нь чамайг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх найзуудыг олоход туслах юм шүү.
Эцэст нь хэлэхэд найз нөхдөө зөв сонгох нь мөн чухал ба их сургуульд уулзах хүн бүхэн чиний жинхэнэ найз байх албагүй. Өөрийг чинь буруу зүйлд уруу татах, дургүй зүйлс хийлгэх хүмүүсээс зайгаа барих нь зүйтэй. Хамгийн чухал нь чамайг ойлгодог, хүндэлдэг, өөрийнхөөрөө байхыг чинь дэмждэг хүмүүсийг сонгох хэрэгтэй. Тоогүй олон танилаас чанартай хэдхэн найз ч хангалттай гэдгийг санаарай.
Эх сурвалж: mckendree.edu
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!