Энэ сарын эхээр “Эцсийн зогсоол 2: Сүүлчийн хүргэлт” гэх шинэ уран сайхны кино нээлтээ хийсэн билээ. Өсвөр насны шохоорхол, найз нөхөрлөлийн түүхийг өгүүлэх тус киног та үзэж амжсан уу?
Хичээл сургууль, ажил төрөл гэж явсаар хараахан үзэж амжаагүй байгаа хүмүүстээ зориулан энэхүү нийтлэлээ хүргэж байна. Ингээд “Эцсийн зогсоол II” уран сайхны киног үзэх найман шалтгааныг танилцуулъя.
Нээлтээ хийсэн огноо: 2025 оны есдүгээр сарын 12
Найруулагч: Ц.Цэрэндорж
Зохиолч: Ц.Цэрэндорж, Х.Урантогос, Д.Дөлгөөн
Продакшн: Agula film
Кино үргэлжлэх хугацаа: 1 цаг 44 минут
Гол агуулга: Мөрөөдөлдөө хүрэхийн тулд хийж эхэлсэн нууц ажил нь 24 настай мэргэжлийн мотоциклчин залууг аюулд хөтөлнө. Харин амьдралд нь гэрэл гэгээ авч ирэх нэгэнтэй тэр учирч зөв замаар явахаар шийднэ.
1. Гэнэн цагаахан хайр дурлал + мансууруулах бодис
“Чи л намайг гутарч явахад "наашаа суу, надад сэтгэлээ уудал" гэдэг байсан. Хүчтэй бай гэж шахах биш, зүгээр л "чи ядарч болно шүү дээ" гэж хэлдэг ганц хүн минь чи байсан. Чи намайг тэвэрч байхад амьдрал бага зэрэг амархан болсон юм. Чи миний эцсийн зогсоол...”
Энэ хэсгийг уншихад л ямархуу хэмжээний хайрын кино болсон гэдгийг нь гадарлаж байгаа байх. Нэг тийм өсвөр насны шохоорхол, нандин хайр дурлал, найз нөхөрлөлийг тун хөнгөнөөр харуулжээ. Хэт их хийсвэрлэл, хэтрүүлэг байхгүй өдөр тутмын амьдрал дээр байдаг энгийн үзэгдлүүдээр киногоо чимж өгсөн нь үзэхэд илүү ойр, үнэн санагдана. Мөн үзүүлж буй асуудлууд тун энгийн, байж болохоор, худлаа юмс ховор.
Хамгийн чухал зүйл нь киноны хэлэх гэсэн санаа. Киног ерөнхийлөн хараад үзвэл гэнэн цагаахан хайр дурлалыг өгүүлээд байгаа мэт боловч цаагуураа мансууруулах бодис хор нөлөөний талаар хөндөж өгчээ. Мансуурсан хүнд өөрийн гэсэн ухамсар байдаггүй. Тэр хүнд ямар үг хэлж болох, болохгүйг ойлгох ухамсар юу ч байхгүй болдог гэдгийг өнчин өссөн найздаа “Орчлон дээр орь ганцаараа байж надад хүнийг хайрлах тухай чи заах уу” гэж дотор зурам, өр өвтгөсөн үгийг тоох ч үгүй хэлж байгаагаас нь харж болно. Энэ хэсгийг зохиолч тун чадварлагаар илэрхийлсэн байна.
2. Гол дүрийн царайлаг жүжигчид
Эл киноны гол дүрүүдэд шинэ, залуу жүжигчид тоглосон гэдгээрээ их давуу талтай. Гол дүрийн охин Урины дүрд жүжигчин Б.Мишээл тогложээ. Ихэнх хүмүүс түүнийг Shymelle гэх нэрээр нь илүүтэй таних байх. Ютүб хуудастаа влог хөтөлдөг ба өмнө нь “Өндгөн сүй”, “Hi Crush”, “Хоёр дахь гэр” гэх хэд хэдэн уран бүтээлд тоглож байсан. Одоо 21 настай. Мишээл Урин хоёр хоорондоо ер нь төстэй. Тийм ч учраас дүрээ бүтээхэд хэцүү зүйл шаардагдаагүй гэнэ.
Харин гол дүрийн залуу Уудамын дүрд жүжигчин З.Энгүүн-Эрдэнэ тогложээ. Тэрээр СУИС-ийн Театрын урлагийн сургуульд Кино драмын жүжигчний ангийн төгсөх курсийн оюутан юм. Одоо 22 настай. Түүний хувьд Уудамаас тэс өөр хүн. Зан ааш, өссөн орчин, туулсан амьдрал гээд бүх зүйл нь өөр. Гэсэн ч бусдын итгэлийг хөсөрдүүлэлгүй хичээсээр Уудамын дүрийг тун чадварлаг бүтээсэн байна. Уудам мотоспортын тамирчин учраас кросс унаж сурсан гэлээ. Энгүүн-Эрдэнэ өмнө нь “Орлон тоглогч” кинонд тоглож байсан туршлагатай нэгэн юм.
3. Туслах дүрд хэн хэн тоглосон гэнэ вэ?
Гол дүрийн жүжигчдээс гадна туслах дүрийн жүжигчдээ ч мартаж болохгүй. Киног хамгийн ихээр баяжуулж, утга агуулгыг бүрэн дүүрэн үзэгчдэд хүргэхэд хамгийн том нөлөөтэй хүмүүс бол тэд юм. Тэгвэл уг кинонд МУГЖ Д.Бямбацогт тэргүүтэй чансаатай хэд хэдэн жүжигчид дүр бүтээсэн байна.
Тодруулбал, дуучин, жүжигчин Б.Баяржавхлан /Jason/, “Зангараг”, “Чонын алтан шагай”, “Үндэсний баялаг”, “Зүрхэнд дуссан хайр” зэрэг эсрэг дүрээрээ илүүтэй танигдсан жүжигчин Б.Батбаатар, МУГЖ Б.Тунгалаг, СТА С.Сарангэрэл, МУГЖ Н.Нэргүйбаатар, “Миний хайртай Пабло”, “Сарны гөлөг” зэрэг кинонд тоглосон жүжигчин Ё.Алтангэрэл, залуу жүжигчин Т.Ирээдүй, Д.Дөлгөөн, Н.Ханбилэг /Trishna/ нар туслах дүр бүтээжээ.
4. Мото спортын тамирчид
Кинонд гарсан хамгийн сайн бас нэгэн шийдэл бол мото спортын тамирчид. Амьдралтай, амьдралгүй олон янзын үйл явдалтай кино биш спортын төрлийг түлхүү харуулж өгснөөрөө онцлогтой. Кино эхлээд л мотогоор уралдаад эхэлж буй нь шууд огших мэдрэмж өгч, сонирхол татна. Киноны дундуур гарч байгаа мотогоор уралдах, хөөцөлдөх үзэгдлүүд тун сонирхолтой. Зураг авалт ч сайн хийгджээ. Монголд яг л ийм төрлийн спорттой кино дутагдаад байсан юм шиг.
5. Монгол, Унгар, Тайланд Улсын уран бүтээлчдийн хамтрал
Киноны зураг авалтыг Монголоос гадна Унгар, Тайланд Улсын мэргэжилтнүүд хамтран бүтээжээ. Зураг авалт, дүрс шилжих хөдөлгөөн, зураглал, план, өнгө тавилт гээд хэсэг бүр нь чанартай хийгдсэнийг үзэгч та нэг анзаараад хараарай.
6. Хөгжмийн зохиолч Г.Цэрэнгийн гайхалтай аялгуу
Киноны жүжигчид, зохиол, зураг авалтаас гадна киног амь оруулж, сэтгэлийн гүнд хүргэж буй чухал элемент нь хөгжмийн аялгуу. Тиймдээ ч киног хөгжмийн аялгуугүйгээр нь төсөөлөхийн аргагүй. Энэхүү кино хөгжмийн зохиолч Г.Цэрэнгийн гайхалтай аялгуугаар киногоо чимжээ.
7. Үзэгчдээс эерэг сэтгэгдэл авав
Энэхүү киног үзсэн хүмүүсийн дийлэнх нь эерэг сэтгэгдэлтэй байна. Тэр дундаас “Movie Reviews with Victor” гэх фейсбүүк пэйжийг онцолж байна. Киноны сэтгэгдэл, шүүмж унших сонирхолтой залуус маань эл хаягийг андахгүй сайн мэдэх биз.
Тус пэйжийн админ залуу нь нээлтээ хийсэн шинэхэн кинонуудыг үзэж, сэтгэгдэл мэдрэмжээ илэрхийлэн, шүүмж бичдэгээрээ алдартай. Саяхан “Эцсийн зогсоол 2” киног үзсэн сэтгэгдлээсээ хуваалцжээ. Орчин үеийн кинонуудыг төдийлөн ойшоодоггүй түүний хувьд эл бүтээл ихэд таалагдсан бололтой.
Тэрээр, “За байз.. Хамгийн сүүлд хэзээ нэг иймэрхүү гоё залуусын хайр дурлалтай кино үзлээ байз? Санахгүй байна. Манайхны ихэнх нь хайр дурлал гэхээр нэг заавал зовлон овоолоод, орилж чарлаад, араар тавиад нэг тийм ойр зуур хэрүүл маргаан гаргах талтай. Харин энд бол бас л гоё цаг үеэ мэдэрсэн, асуудал шийдлийг их энгийнээр хөндөж гаргаж байгаагаараа таалагдсан. Мөн кинонд Монгол хосууд нээх лаг дээвэргүй машин унаж, үнэтэй ресторанд стэйк захиалж, нээх худ хаус парти хийдэг стайл огт байсангүй. Яг л бидний өнөөдрийн энгийн л амьдрал, энгийн залуусын болзоо, мөнгө төгрөг санхүү, байр сав гээд кинонд гарч буй үйл явдлууд ер нь амьдралд их ойрхон байсан нь илүү дотор нь оруулсан гэхэд болно. Ямар сайндаа л буцаад 20-той болж байгаад нэг сайхан дурламаар санагдсан” гэжээ.
8. Гол дүрийн охин Мишээл киноныхоо дууг өөрөө дуулав
“Намар шингэх нүдийг чинь
Навчис тоолох уруулыг чинь
Зун шиг хүүхэд сэтгэлийг чинь
Мартаж маргааш нь санасаар байна...”
Тус киноны гол дүрд тоглосон Мишээл /Shymelle/ киноныхоо дууг дуучин Sai-тай хамтран дуулжээ. Дууны нэр нь “Харамсахгүй”. Яг л Яг л кино шигээ амар тайван мэдрэмж төрүүлэх намуухан дуу юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!