Зургаан удаа гэрлэж, хоёр эхнэрээ цаазалсан VIII Хенри хаан


YOLO.mn | YOLO.MN
2025-09-26

Хаан байх сайхан. Тэр тусмаа 16-р зууны үеийн хүчирхэг Английн эзэнт гүрний хаан байна гэдэг хүн бүрд тохиогоод байх хувь тавилан биш. Гэхдээ түүхийн хуудсанд дурсагдах нэр нь Английн аугаа хаан биш харин “зургаан эхнэртэй байсан эр” хэмээн үлдэх шиг тоогүй зүйл хаана байна.

Энэ бол английн хаан наймдугаар Хэнригийн зургаан эхнэр болох Кэтрин оф Арагон, Анн Болейн, Жейн Сеймур, Анн оф Кливс, Кэтрин Ховард, Кэтрин Парр нарын эмгэнэлт амьдралын түүх юм.

Katherine of Aragon

Кэтрин оф Арагон нь Испаний хааны гэр бүлд гүнж болон мэндэлсэн бөгөөд ухаан орсон цагаасаа эхлээд хатан болохоор бэлтгэгдэж иржээ. Тэрбээр 1485 онд 23 насандаа 17 настай английн хаан наймдугаар Хэнригийн албан ёсны эхнэр болсон байна.

Хаан хатан хоёр дундаасаа нэг охинтой бөгөөд харамсалтай нь Хэнрид нэг гүнж хангалттай байсангүй. Тэр өөрийн удмыг залгах ханхүүтэй болохыг туйлын ихээр хүсэмжилж байв. Зөвхөн Хэнри ч гэлтгүй Англи даяараа хатныг ханхүү төрүүлэхийг хүлээж байсан гэхэд буруудахгүй.

Тиймээс Кэтрин хүү төрүүлэхийн төлөө ихээхэн хичээл зүтгэл гаргасан ч амжилт олоогүй нь Хэнриг түүнээс салах шийдвэр гаргах хамгийн том шалтгаан болсон байна. Түүний энэ шийдвэр Пап лам болон Ромын Католик сүмийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан ч Хэнри бууж өгсөнгүй. Харин тэр өөрийн удирдлага дор шинэ сүм байгуулж, улмаар гэрлэлтээ цуцлуулах боломжийг олж авсан нь Английн шашны түүхэнд томоохон эргэлт авчирсан билээ.

Anna Boleyn

Хэнригийн Кэтринаас салах шийдвэр гаргахад нөлөөлсөн бас нэгэн шалтгаан бол Анна Болейн. Хэнри Аннатай анхны хатнаасаа салаагүй байх үедээ хайр сэтгэлийн харилцаатай байсан ба Хэнригийн гэрлэлт цуцлагдсаны дараа тэд 1533 оны эхээр нууцаар хуримласан байна.

Энэ үедээ Анна хөл хүнд байжээ. Хэнри Анна хоёрын эхний хүүхэд охин байсан бөгөөд тэрхүү охин нь бидний хамгийн сайн мэдэх Английн хатан хаан нэгдүгээр Элизабет юм. Элизабетийн дараа Анна ахин хоёр удаа хөл хүнд болсон ч тэд хүн болж чадалгүй хорвоог орхисон явдал угсаа залгамжлагчтай болох хүсэл нь оргил цэгтээ хүрсэн Хэнригийн тэвчээрийг барсан хэрэг болов.

Тийм ч удалгүй Хэнри Аннаг түүнд үнэнч байгаагүй гэх мэт олон хэрэг оногдуулан цаазаар авсан байна.

Jane Seymor

Хэнригийн мөрөөдлийг биелүүлж түүнд угсаа залгах хүү төрүүлж өгсөн хүн бол Жейн Сеймур. Хааны өмнөх хоёр эхнэрээс ялгаатай нь Жейн хаантай гэрлэлтээ батлуулсан боловч хатан болж чадалгүй таалал төгссөн явдал юм.

Тэрбээр хүүгээ төрүүлээд төд удалгүй нас барсан бөгөөд түүний үхлийн шалтгааны тухай олон өнцгөөс авч үздэг ч үнэнд хамгийн ойр байх магадлалтай нь төрхийн хүндрэл гэдэгтэй судлаачид санал нийлдэг.

Anne of Cleves

Хэнри хааны дараагийн эхнэр болох Анн оф Кливсийн хөрөг зургийг харан түүнд татагдсан бөгөөд харамсалтай нь нүүр тулсан уулзалт болох үед түүний төрх Хэнрид таалагдсангүй.

Гэсэн хэдий ч Хэнри нэгэнт шийдвэр гаргачихсан байсан тул Аннтай гэрлэсэн ч тэдний дунд ямар ч хайр сэтгэл, дотно харилцаа үүсэх нөхцөл гарахгүй байв. Тиймээс тэдний гэрлэлт жил ч бололгүй цуцлагдсан юм.

Katherine Howard

Кэтрин Ховард Хэнригийн эхнэр болохдоо маш залуу буюу 15-19 настай байсан бол Хэнри 49 настай байжээ. Энэ үед Хэнри илүүдэл жин болон хөлдөө авсан гэмтлээс болж шаналж байсан гэдэг.

Хорь ч хүрээгүй балчир Кэтрин Ховард хатан болсныхоо хоёр жилийн дараа хаанд үнэнч байгаагүй хэмээн буруутгагдаж цаазын ял сонссон байна.

Хэнригийн үхлийг үзсэн хатан буюу түүний сүүлчийн эхнэр нь сайхан сэтгэлт Кэтрин Парр байв. Кэтрин Парр хааныг өвчтэй байсан үед үргэлж дэргэд нь байж асарч халамжилдаг байжээ.

Хэдийгээр Кэтрин Парр хаанаас өөр шашин шүтдэг байсан ч өөрийгөө хаанд үнэнч гэдгийг итгүүлж чадсан бөгөөд Хэнри ч түүнийг итгэл даах хүн гэж үздэг байв.

Үүний тод жишээ бол 1547 онд тэрбээр 55 насандаа нас барахаасаа өмнө угсаа залгамжлагч тодортол Кэтрин Паррийг түр удирдагчаар томилсон явдал юм.

Хэнригээс хойш Кэтрин Парр нийт 3 удаа гэрлэсэн гэдгээрээ "хамгийн олон удаа нөхөрт гарсан хатан" хэмээн түүхэнд бичигдэж үлджээ.

Эх сурвалж: Royal Museums Greenwich

Нийтлэлийг: С.Оюундарь

#8-р Хенри