Залуусын дунд борлуулалтаараа ТЭРГҮҮЛЖ буй топ 11 ном


Б.Саранчимэг | YOLO.MN
2025-09-26

“Ном бол ертөнцийг харах толь мөн” хэмээх Оросын их зохиолч А.М.Горький хэлсэн үг байдаг даа. Үнэхээр л номоор дамжуулан бид мэдэхгүй зүйлсээ таньж, төсөөлшгүй ертөнцөөр аялдаг. Сүүлийн жилүүдэд утга уран зохиол, хувь хүний хөгжил, шинжлэх ухаан, танин мэдэхүйн гэх мэт төрөл бүрийн ном шинээр хэвлэгдэн, уншигчдадаа хүрч буй. Үүнийгээ дагаад хүмүүсийн унших хүсэл эрмэлзэл ч нэмэгдэж байгаа нь сайшаалтай.

Энэ удаагийн нийтлэлээр залуусын дунд борлуулалтаараа тэргүүлж буй топ 11 номыг хүргэж байна.

КОФЕ ХӨРӨХӨӨС ӨМНӨ

Зохиолч: Кавагүчи Тошиказү

Үнэ: 18,900

Хуудасны тоо: 232

“Цаг хугацаагаар аялж болдог бол та аль цаг үед очих вэ? Өнгөрсөнд очвол тийм шийдвэр гаргахгүй байсан юм, эсвэл тэр зүйлээ чадахаараа сайн хийх ёстой байж” гэсэн бодол хааяа бодогддог л биз дээ.

Харин зохиол Кавагүчи Тошиказү уг зохиолоороо хүмүүст “Цаг хугацаагаар аялж болдог бол” гэдэг харамслыг бус одоо цаг үедээ харамсахааргүй амьдраасай гэх санааг илэрхийлэхийг зорьжээ. Цаг хугацааг бидний өдөр тутамдаа уух дуртай халуун кофетой зүйрлэе. Кофег халуун дээр нь л уух амттай байдаг шиг одоо байгаа цаг хугацаагаа хайрлаж, өнөөдрөөрөө амьдраарай. Кофе хөрөхөөс өмнө бие биеэ хайрлаж, уучилж, дурсамж бүтээгээрэй. Кофе хөрөх хугацаа богино шүү.

Хаанаас авч болох вэ: Internom, Монсудар

YOUTUBE ЗАДЛАН

Зохиолч: Г.Эрдэнэбаатар

Үнэ: 36,000

Хуудасны тоо: 272

Сүүлийн жилүүдэд контент бүтээгч, ютүбэр, инфлюсер хийх хүсэлтэй хүмүүсийн тоо мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа гэхэд буруудахгүй. Гэвч хаанаас эхэлж, юу хийхээ мэдэхгүй байгаа залуус олон байгаа байх. Тэгвэл ютүб сувагт “Кино задлан” нэрээрээ танигдсан контент бүтээгч Г.Эрдэнэбаатар өөрийн туршлагад тулгуурлан “Youtube задлан” номоо гаргажээ. Тус ном нь энэ сарын эхээр шинээр худалдаалагдаж байгаа бөгөөд хэрхэн бичлэг оруулахаас эхлээд сувгийн нэр, дизайн хийх, контент бүтээх арга барил, эхний хэдэн секундэд үзэгчдийн анхаарлыг хэрхэн татах, тогтмол үр дүнтэй ажиллах, байгууллагуудтай хамтрах зэрэг мэдээллийг маш дэлгэрэнгүй тайлбарласан байна.

Хаанаас авч болох вэ: Internom, Pop Culture, Booklo

ҮХМЭЭР БАЙНА ГЭХДЭЭ БАС ДОГБУГИ ИДМЭЭР БАЙНА

Зохиолч: Пэк Сэхи

Үнэ: 25,000

Хуудасны тоо: 165

Нэрийг нь уншихад л сонирхол татаж байгаа биз. Дистими буюу архагшсан сэтгэл гутралын эмгэгтэй Пэк Сэхи гэх бүсгүй сэтгэл засалчтай ярилцаж буйгаа ном болгон гаргасан нь энэ юм. Зохиолч өнгөрсөнд болсон хар бараан дурсамж, хэцүү сэтгэл зүйн байдлаа дүрслэн бичсэн бөгөөд тухайн үед мэргэжлийн сэтгэл засалч хэрхэн зөвлөгөө өгсөн тухай ч дурдсан байдаг. Магадгүй өөрийгөө шүүмжилдэг, би яагаад ийм юм болоо гэж боддог, яг өөрийнхөөрөө хүссэнээрээ байя гэж бодсон ч чадахгүй, үе үе сэтгэл хоосрох, ганцаардах, мэдэрч буй мэдрэмжээ илэрхийлж чадахгүй шаналж яваа бол энэ номыг уншаад үзээрэй. Уншсаны дараа бодол тань огт өөрөөр эргэх болно гэдэгт итгэлтэй байна.

Хаанаас авч болох вэ: Азхур, Internom

HEAVEN

Зохиолч: Миэко Каваками

Үнэ: 22,900

Хуудасны тоо: 236

Зохиол 1990-ээд оны Японы дунд сургуульд өрнөнө. Долир нүдтэй төрснөөрөө дээрэлхүүлдэг хүү, бохир хувцастай гэж байнга гадуурхагддаг охин хоёр хоорондоо найзалж, зурвасаар харилцаж буйгаар үйл явдал өрнөх юм. Дунд ангийн хүүхдүүдийн үл ойлголцол, нэгнээ дээрэлхэх үзэгдэл, гадуурхалт гэх зүйлийг нарийн детальтай өгүүлсэн нь ийм зүйл байж бас болох нь ээ гэдгийг эргэцүүлж, ухааруулах санааг агуулсан болов уу. Хамгийн чухал нь хувь хүн өөртэйгөө тэмцэж, өөрийгөө өөрчилнө гэдэг бусадтай хийх тэмцлээс хэд дахин илүү хэцүү гэдгийг харуулахыг зорьжээ.

Хаанаас авч болох вэ: Internom, Номин

ХОТ БА ТҮҮНИЙ ХИЙСГЭЛЭН ХАНА

Зохиолч: Мүраками Харүки

Үнэ: 45,000

Хуудасны тоо: 500

Дэлхий даяар хамгийн олон уншигчтай, алдартай зохиолч бол Мүраками Харүки. Энэхүү ном нь түүний хувьд хамгийн тархи гашилгасан бүтээл гэж хэлж болно. Учир нь тэрээр эл зохиолоо 31 настайдаа эхлүүлсэн бөгөөд 71 насандаа бүрэн дуусгаж чадсан байдаг. Бүхэл бүтэн 40 жилийн хугацаанд бүтсэн гэхээр ямар гайхалтай ном болсон нь уншигч та бүхэн хэлүүлтгүй мэдэж байгаа байх.

Харин номын үйл явдлын тухайд “зүүд уншигч” хочит эр бага насандаа нэгэн охинд дурлаж буйгаар эхэлнэ. Гэсэн ч тэр охин өөрийг нь насаар нь тарчлаах дурсамж болон үлддэг. Чухам яагаад ийм зүйл болов? Номоос хариултыг нь олоорой.

Хаанаас авч болох вэ: Internom

МИНИЙ ХУДАЛДАЖ АВСАН НӨХӨР

Зохиолч: Айн Рэнд

Үнэ: 16,000

Хуудасны тоо: 120

Зохиолч Айн Рэндийн тус бүтээл нь бүхэлдээ гол дүрийн бүсгүй Айриний мэдрэмж, сэтгэгдэл дээр тулгуурлан бичжээ.

Айрин бүсгүй хотынхоо дэгжин залуучуудын нэг болох Хэнри Стаффорд сэтгэлтэй болж, түүний амьдралын уналтын үед ч хамт байна. Өөрт байгаа бүх зүйлээрээ өрийг нь төлж, гэрлэлтээ батлуулж, хамт амьдарч эхэлдэг. Түүний амьдрал хоёрхон үгнээс бүрдэж байсан нь “Хэнри Стаффорд”. Тэд хэдэн жил хамт амьдарсны эцэст нөхөр нь тэдний хотод аяллаар ирсэн Клэйр гэх эмэгтэйд дурлана. Харин Айрин түүнийг нь мэдсэн даруйдаа зайгаа тавьж өгөн, өөрөө ч өөр хүнд хайртай болсон мэтээр жүжиглэж, гэрлэлтээ цуцлуулах аж.

Эл номыг хайртай хүнтэйгээ хараахан учраагүй байгаа эсвэл үлгэрийн хайр байдагт итгэдэг өсвөр насны охид уншихад тохиромжтой.

Хаанаас авч болох вэ: Internom, Азхур

ЭНГИЙН ДАДАЛ

Зохиолч: Жеймс Клейр

Үнэ: 25,000

Хуудасны тоо: 320

Энэхүү номд сайн дадал зуршлыг алхам алхмаар хэвшүүлэх төлөвлөгөөг танилцуулна. Тэр бүх сайн дадал хэдэн өдөр, хэдэн долоо хоног хэвшээд алга болох бус насан туршид тань хадгалагдах дадал байх болно. Дадал зуршлаа хэрхэн өөрчилж, шинээр бүтээх ухааныг ойлгомжтой тайлбарласан энэ номоос та энгийн боловч мэргэн аргад суралцаарай.

Хаанаас авч болох вэ: Азхур

ШИДЭТ МУХЛАГ

Зохиолч: Жеймс Р.Доти

Үнэ: 28,900

Хуудасны тоо: 300

Салхинд туугдах хамхуулаас өөр эзэнгүй зэлүүд хотын бяцхан хүү Жим. Тэрээр архины хамааралтай аав, бие муутай ээжийгээ насан туршдаа асрах хэцүүхэн хувь тавиланд төржээ. Гэвч нэгэн зуны гайхамшигтай учрал нь түүний амьдралыг тэр чигт нь өөрчилсөн юм.  

Уг зохиолд Жим өөрийн амьдралын нугачаа бүхнийг тун сонирхолтой, шинжлэх ухаанч байдлаар хүүрнэж бичсэн төдийгүй бага насандаа сурсан нууцлаг шидийн хүчээр тэр дэлхийд алдартай мэдрэлийн мэс засалч болж чадсан юм. Харин тэрхүү бясалгал болон сэтгэл зүрхээ нээх аргыг тэрээр хожмоо тархи судлалын үүднээс тайлж мэдсэн нь ном болон уншигч таны гарт хүрч буй нь энэ юм. Түүний нууцлаг шид нь яг юу бол?

Хаанаас авч болох вэ: Internom, Азхур, Mbook, AlphaBook

ДУРСАМЖ МАРТАГДАХААС ӨМНӨ

Зохиолч: Кавагүчи Тошиказү

Үнэ: 18,900

Хуудасны тоо: 290

Энэхүү ном нь “Кофе хөрөхөөс өмнө” цуврал номын гурав дахь бүтээл бөгөөд кафегаар үйлчлүүлсэн дөрвөн үйлчлүүлэгчийн цаг хугацаагаар аялсан түүхийг өгүүлнэ. Тэдгээр нь “Тэнэг амьтан” гэж хэлж чадаагүй охин, “Аз жаргалтай байна уу?” гэж асууж чадаагүй комедиан, “Уучлаарай” гэж хэлж чадаагүй нэгэн, мөн “Хайртай” гэж хэлж чадаагүй хөвгүүний тухай дөрвөн өөр түүхийг уншигчдад харуулах юм байна. Хэлж чадаагүй үгсээ цаг хугацаагаар аялан, зорилгодоо хүрч чадсан болов уу?

Хаанаас авч болох вэ: Internom, Азхур

ДОГШИН ТЭНГИС

Зохиолч: Б.Баясгалан

Үнэ: 28,000

Хуудасны тоо: 192

Европт суралцахаар очсон монгол бүсгүйгээс хүмүүс “хаанаас ирсэн бэ” гэх асуултыг асууна. Энэ үед бүсгүй “Монгол” гэж хариулах бөгөөд гадаад иргэд нутаг усных нь тухай сайн мэдэхгүй байгаа нь царайнаас нь л ажиглагдана. Хүмүүс түүнийг андуурч Монгол биш ангол гэх нь ч бий. Хэдэн ч удаа засаж хэлсэн тэд түүнийг ази төрхтэй ангол бүсгүй л хэмээн ойлгосоор байна. Бүсгүй гадаад улсын алхам бүртээ л эх орны тухай хэцүүхэн асуулттай тулгарна. Зохиолч эл түүхээ гадаадад сурах, ажиллах, амьдрах зорилготой ирсэн хоёр эмэгтэйн түүхээр дамжуулан роман болгон хүүрнэсэн нь энэ юм.

Хаанаас авч болох вэ: Internom, Азхур

ХОЛ БИШ II

Зохиолч: Ч.Ганжавхлан

Үнэ: 20,000

Хуудасны тоо: 137

Ганжавхлан бол маш олон төрлийн сонирхолтой хүн. Ихэнх нь түүнийг “Лантуун Дохио” ТББ-ын тэргүүн асан гэдгээр нь мэдэх бол зарим нэг нь “Номын жор” уулзалтаар нь сайн таних байх. Тэрээр сүүлийн жилүүдэд “Хол биш”, “Чөтгөрийн бясалгал”, “Боорцог ба сарнай”, “Хэвтэж буй хүн”, “Шинэ аав”, “Автуус ба амьдрал” зэрэг цөөнгүй хэдэн ном гаргаад буй. Тэгвэл энэ онд тэрээр “Хол биш” номынхоо хоёр дах ботийг гаргасан юм. Тус ном нь Юннан, Чинхай, Алшаа, Хөлөнбуйр, Шилийн гол гэх мэт Хятад Улсаар аялсан тэмдэглэл, адал явдлыг өгүүлжээ. Мөн эл номоо монгол бичгээр ч гэсэн гаргасан байна.

Хаанаас авч болох вэ: Internom, Азхур

#ном