Үзэгчдийг байлдан дагуулж буй “The Conjuring: Last Rites” кино


Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-09-10

New Line-ийн бүтээл “The Conjuring: Last Rites” кино нээлтээ хийж буй эхний өдрүүдээсээ л өндөр амжилт үзүүлж эхэллээ. Дотооддоо буюу АНУ-д 83 сая ам.долларын орлогоор кино жагсаалтыг тэргүүлэв. Зөвхөн баасан гаригт гэхэд 34.5 сая ам.доллар, түүнээс 8.5 саяыг нь пүрэв гарагийн шөнийн урьдчилсан үзүүлэлтээр цуглуулсан нь цувралын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Энэ нь зөвхөн “Conjuring Universe”-ийн хамгийн том нээлт байгаад зогсохгүй бүх цаг үеийн гурав дахь том аймшгийн киноны нээлт болж чадлаа. Дээрээс нь Warner Bros-ын 2025 оны долоо дахь бүтээл 40 саяаас дээш ам.долларын нээлтийн орлого хийсэн нь тус студиогийн томоохон амжилт болж байна.

Мөн  АНУ-даа төдийгүй олон улсын зах зээлд ч хүчтэй эхлэлийг энэхүү кино тавьж чадлаа. Анх нээлтийн эхний 7 хоногийн орлогын таамаглал болох 50 сая ам.долларыг хол давж, 104 сая ам.долларын нээлтийн орлогыг хийснээр дэлхий даяар нийтдээ 187 сая ам.доллар цуглуулжээ. Харин кино бүтээх төсөв ердөө 55 сая байсан нь Warner болон New Line-ийн хувьд асар их ашигтай эхлэл болж байна.

Киноны тухай

“Last Rites” нь 2021 онд гарсан “The Conjuring: The Devil Made Me Do It” киноны үргэлжлэл бөгөөд Pennsylvania мужид болсон алдарт “Smurl haunting” хэрэг дээр тулгуурласан юм. Энэ удаад Lorraine (Vera Farmiga) болон Ed Warren (Patrick Wilson) нар сүүлийн удаа дэлгэцнээ хамтдаа гарч, бодит амьдрал дээрх мөрдөгчдийн түүхийг үргэлжлүүлэн өгүүлнэ.

2013 онд анхны “The Conjuring” кино гарснаас хойш тус цуврал дэлхий даяар нийт 2.3 тэрбум ам.долларын орлого цуглуулж, бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой аймшгийн франчайз болсон. “Last Rites” нь Phase One-ыг хааж байгаа ес дэх бүтээл бөгөөд цаашид Phase Two эхлэх нь тодорхой боллоо.

Уг бүтээлийг Michael Chaves найруулж, James Wan болон Peter Safran нар продюсероор оролцжээ.  Мөн Mia Tomlinson, Ben Hardy нарын жүжигчид гол дүрд тоглосон байна.

“The Conjuring: Last Rites” кино нь одоогоор IMDb дээр 7.1/10 үнэлгээ аваад байгаа бөгөөд цаашдаа илүү өндөр үнэлгээ авах хандлагатай байна.

Онцлох амжилтууд юу байна вэ?

2013 онд гарсан анхны Conjuring кино 41 сая ам.долларын орлоготой нээлтээ хийж байсан бол дараагийн бүх ангиуд энэ амжилтыг гүйцэж чадалгүй явсаар 2018 онд The Nun 53.8 сая ам.доллараар тэргүүлсэн байв. Харин Last Rites бүх рекордыг эвдэж чадлаа.

Олон улсын зах зээлд тус кино 66 орноос 104 сая ам.доллар цуглуулж, нийт 187 сая ам.долларын дэлхийн нээлт хийлээ. Энэ нь It: Chapter Two (92 сая ам.доллар)-ын рекордыг давж, аймшгийн кинонуудаас хамгийн өндөр гадаад орлогоор нээлтээ хийсэн тохиолдол болжээ.

Нийтдээ 9 кинотой Conjuring цуврал нь 2.3 тэрбум ам.долларын ашиг олж, дэлхийн хамгийн өндөр орлоготой аймшгийн франчайз болж байна. Энэ удаагийн ангид 55 сая ам.долларын төсөв зарцуулсан ч ашиг нь цаашдаа илүү өндөр байх нь тодорхой болоод байна.

Warner Bros-ийн хувьд “The Conjuring: Last Rites” нь энэ оны долоо дахь дараалсан кино болж, бүгд 40 сая ам.доллараас дээш орлогоор нээлтээ хийсэн нь түүхэн амжилт болж байна. Өмнө нь “Joker: Folie à Deux, Mickey 17”, “The Alto Knights” зэрэг бүтэлгүйтсэн кино нээлтүүдийн дараа тус студи “A Minecraft Movie”, “Sinners”, “Final Destination: Bloodlines”, “Superman”, “Weapons” зэрэг бүтээлүүдээр амжилтаа сэргээсэн юм.

Эх сурвалж: Variety, hollywood reporter

#The Conjuring: Last Rites